УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах талаарх дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулсныг бүрэн эхээр нь хүргэе. 
 
УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар өнгөрсөн нэг жил таван сар гаруйн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлж, ард түмний аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байраар хангах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, үнийн өсөлтөөс хамгаалах, төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, бизнесийн таатай орчныг бий болгож, бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллах талаар дорвитой өөрчлөлт гаргаж шинэлэг зүйлийг санаачлан ажиллаж чадсангүй.
 
УИХ-ын сонгуулиар ард түмэнд амласан амлалт, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар хариуцлагагүй ажиллаж байна гэж ард иргэд дүгнэн бухимдаж байна.
 
Өнгөрсөн жил гаруйн хугацаанд манай улсын санхүү, эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд буурч, 2012 оны мөн үетэй харьцуулахад ухралт доройтолд орсон, хатуухан хэлбэл, ханшийн хямрал нь санхүү, эдийн засгийн хямрал болох эрсдэл нүүрлэсэн дүр зураг тодорхой харагдаж байна.
 
Дэлхийн банк, олон улсын нэр хүнд бүхий байгууллагаас гаргадаг судалгаа, шинжилгээний дүгнэлтээр ч манай улсад таагүй дүн тавьсныг бид мэдэж байгаа.
 
Эрх баригчид ард түмний амьдрал сайхан байна, улс орон цэцэглэн хөгжиж байна, бонд гэдэг өр биш, өвөг дээдсийн өглөг гэж тайлбарлаж байгаа боловч эрх баригчдаас хараат бус олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд Монгол Улсын эдийн засаг жил гаруйн хугацаанд хэрхэн доройтсоныг нотолсон гурван үзүүлэлтийг дахин дурдъя.
 
• Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, олон улсын төвшинд зээлжих зэрэглэл (+B)-ээс (-B) болж буурсан. Энэ нь зээлийн хүү өсгөхөд хүргэж, аж ахуйн нэгж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх боллоо.
 
• Дэлхийн банкны бизнесийн таатай орчны судалгаанд Монгол Улс 2011 онд 73 дугаар байр, 2013 онд 76 дугаар байр, 
 
• Дэлхий эдийн засгийн форумаас гаргадаг өрсөлдөх чадварын индексээр манай улс 2012 онд 93 дугаар байрт орж байсан бол 2013 онд 107 дугаар байрт орж  14 байраар ухарсан үзүүлэлттэй гарчээ.
 
“Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг шиг улс орны эдийн засаг микро түвшинд бүр хүндэрч, ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам уруудаж, дунд давхаргаас доод давхарт шилжих үзэгдэл улам нэмэгдэж байна. Тухайлбал, иргэдийн амьдралын өдөр тутмын өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ оны эхнээс 20-30 орчим хувиар нэмэгджээ. Шинэчлэлийн гэх Засгийн газар өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулахаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрээр 3.0 ихнаяд төгрөгийг зарцуулсан гэх боловч цөөхөн тооны олигархиудын халаасыг зузаатгаад өнгөрлөө. 3.0 ихнаяд төгрөг бол Монголын бүх ард түмэнд бүтэн дөрвөн жил гаруйн хугацаанд сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө. Ийм их мөнгө зарцуулсан боловч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, ард түмний амьдралд хүндээр тусаж байна.
 
Монгол Улсын 2013 оны төсвийн үзүүлэлт ч таагүй гарахаар байна. УИХ өнгөрсөн 10 дугаар сард төсвийн тодотгол хийж  Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн орлогыг 1 ихнаяд төгрөгөөр, зарлагыг 838,4 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Гэвч өнөөдөр оны эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасрах талаар холбогдох албаны хүмүүс Төсвийн байнгын хорооны хурал дээр мэдээлсэн нь төсвийн орлогыг бүрдүүлэх талаар салбар хариуцсан сайд нар туйлын хариуцлагагүй ажиллаж байгааг харуулж байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт 11 дүгээр сарын гүйцэтгэлээр дөнгөж 50.8 хувьтай байна. Тодотгол хийгээгүй бол хөрөнгө оруулалтын санхүүжилт 36.9 хувьтай гарахаар байна.
 
Дэлхий банкнаас гаргасан дүгнэлтээр улсын төсвийн гадуур зарцуулж байгаа “Чингис” бонд, Хөгжлийн банкны хөтөлбөрийн зарцуулалт болон төсвийн алдагдлын нийлбэр 2013 онд ДНБ-ий 12 хувийг эзлэх төлөв харагдаж байна. Төсвийн байнгын хорооны өчигдрийн хурал дээр Сангийн сайд Ч.Улаан бататган үүнийг хэлсэн билээ.
 
"Чингис" бондыг гаргасан нь буруу гэж манай намын бүлэг хэзээ ч үзэхгүй байгаа. Харин ч УИХ-аас бондыг гаргах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газарт өгсөн юм. Гол учир нь "Чингис" бондыг зарцуулахдаа нэгд, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг УИХ-аар батлуулаагүй, хоёрт, УИХ-ын 2012 оны гаргасан 52 дугаар тогтоол, ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжийн дагуу зарцуулаагүй, гуравт, бондыг зарцуулах бэлэн төсөл хөтөлбөргүйгээс цаг хугацаа их алдаж “Чингис” бондын хүүд өдөрт 300 гаруй сая, жилд 130 тэрбум төгрөг төлж байна.  Өнөөдөр ч үлдэгдэл 400 орчим сая ам.долларт хүү төлөөд л байж байна.
 
Нөгөөтэйгүүр, "Чингис" бондын эх үүсвэрийг төсөвт суулгахгүйгээр төсвийн гадуур их хэмжээний хяналтгүй хөрөнгийн зарцуулалтыг бий болгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3. дахь заалтын “төсвийн орлогоор баталгаажсан Засгийн газрын баталгаа, зээл, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.4. дэх заалтын “төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн байх ёстой”, 42 дугаар зүйлийн 42.7. дахь хэсгийн “төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно”,  49 дүгээр зүйлийн 49.3. дахь хэсгийн “Өр үүсгэж бүрдүүлсэн эх үүсвэрийг зөвхөн төсөвт тусган, баталсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.” гэсэн хуулийн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, төсөвт суулгахгүйгээр, төсвөөс гадуур их хэмжээний хөрөнгийг бий болгон УИХ-ын хяналтаас гадуур зарцуулах хууль бус үйл ажиллагаагаа даамжруулсаар байна. 
 
Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ сүүлийн жил гаруй хугацаанд 70 шахам хувиар огцом нэмэгдлээ. Монгол Улсын Засгийн газар 2012 он хүртэлх сүүлийн 22 жилд нийт 2.2 тэрбум ам.долларын гадаад зээл авсан байна. Гэтэл шинэчлэлийн гэх Засгийн газар энэ 22 жилд авсан зээлийн хэмжээнд хүрэхүйц /Чингис бонд-1,5 тэрбум ам.доллар, Хөгжлийн банкны 600 сая ам.доллар/ хэмжээний өрийг нэг жилийн дотор үүсгэлээ. Энэ их өр нь төсөвт дарамт учруулж, төсвийн зээлийн үйлчилгээний зардлыг 2013, 2014 онд 3-4 дахин буюу 270-340 тэрбум төгрөгөөр өсгөлөө. Өөрөөр хэлбэл, хэдэн арван сургууль, цэцэрлэг барих мөнгийг зээлийн хүүд төлж салхинд хийсгэж байгаатай адил юм. Монгол хүн бүр нялх балчраасаа эхлээд өтгөс настан нь хүртэл 3.6 сая төгрөгийн өртэй боллоо.
 
Дээр дурдсан Засгийн газрын бодлогын алдаа болон хууль зөрчсөн үйлдлүүдээс үүдэн эдийн засгийн бодит хямрал улс оронд нүүрлэлээ. Энэхүү бодлогын алдаагаа засаж, хууль зөрчсөн сайдууддаа хариуцлага тооцон огцруулж ажиллахыг эрх баригчдаас шаардаж байна. 
 
Ард түмнийхээ амьдралыг доройтуулж, улс орноо өрөнд оруулж, эдийн засгаа унагаж, төсвийн орлогыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасалдуулж, эх орондоо хоноцын сэтгэлээр хандаж байгаа хоёр сайдтайгаа хариуцлага тооцож алдаагаа засах уу, аль эсвэл хаацайлан хамгаалж шинэчлэлийн Засгийн газраа шившигийн Засгийн газар болгох уу гэдэг хоёр сонголтын өмнө зогсож байна. Хариуцлага тооцох эрх нь УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэнд хуулиар хадгалагдаж байгаа тул мэргэн ухаандаа тунгаан болгоно уу.