Монголын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн баг тамирчид Aзи тивийн аварга болов
2017/10/30
Манай улсын нийслэлд зохион байгуулсан сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн эзнээр Монголын шигшээ баг тодорлоо.
Монголын сагсан бөмбөгчид уг спортын төрлөөр цоо шинэ түүхийн эзэд болсон төдийгүй тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор Монголын тамирчин Энхбатын Дөлгөөн шалгарав.
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3x3 сагсан бөмбөгийн холбооноос 10 дугаар сарын 27-29-нид эх орондоо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн 3x3 төрөл 2020 оноос олимпийн наадмын төрөлд албан ёсоор орж байгаа гэдгээрээ чухал ач холбогдолтой юм. Тиймээс ч Монголдоо олимпийн оноо олгох тус тэмцээнд 15 улсын тамирчид ирж, ур чадвараа сорин өрсөлдсөн нь манай тамирчдын хувьд том дэмжлэг болсон төдийгүй нэр хүндээ өсгөх том алхам боллоо.
Энэ тэмцээнд урилгаар далайн орнуудын хүчирхэг Австрали, Шинэ Зеландын баг хүрэлцэн ирсэн нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгов. Монголын сагсчид, хагас шигшээд Австралийн шигшээ багтай үндсэн цагт оноо тэнцэж, нэмэлт цагт 19:17 харьцаагаар буулгаж авсан юм. Харин аваргын төлөөх тоглолтод Шинэ Зеландын сагсчдыг 19:14 хожсоноор, монголчууд анх удаа багийн спортоор тивийн аварга болж байна.
Монголын багийн спортын түүхийг Ази тивийн аваргад хүргэж чадсан багийг Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар бүрдүүлж чадварлаг тоглож ийнхүү ялалт байгууллаа.
Д.Өлзий
Ц.Мягмар · 2017/10/30
Зочин · 2017/10/30
Bayr hurgey olimpd oroltsoj enh orniihoo neriig manduulaarai amjilt husey.