Мэдээллийн технологийн анхны ХК-аас хувьцаа эзэмших эрх нээгдлээ
2017/10/30
“Айтүүлс” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгосон анхны мэдээллийн технологийн салбарын компани боллоо. Тус компани 2011 онд байгуулагдсанаас хойш дата төв, домэйн нэрийн бүртгэл, и-мэйл зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг цогцоор нь үзүүлж иржээ.
Айтүүлс ХК нь цаашид үйл ажиллагаагаа тэлж, олон улсын TIER III стандартыг хангасан сертификат бүхий газар зүйн нөөц модуляр дата төвийн паркийг Дархан хотод байгуулахаар ажиллаж байна. Энэхүү нөөц дата төвийг барихад шаардлагатай 1.3 тэрбум төгрөгийг, хувьцааныхаа 38,86 хувийг олон нийтэд нээлттэй худалдан босгохоор төлөвлөсөн байна. Уг дата төвийн барилгын ажил 40 хувьтай явагдаж байгаа бөгөөд 2018 оны нэгдүгээр сард ашиглалтад орно гэж мэдэгдлээ. Дархан хот дахь модуляр дата төвийн үйл ажиллагаа эхэлснээр нөөц дата төвийн дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй, жил бүр мэдээллийн технологийн бүтээгдэхүүний 5 сая долларын импортыг орлож, 10 сая долларын экспорт хийх боломж нээгдэх юм байна.
“Айтүүлс” ХК-ийн хувьцааг худалдан авахыг хүсвэл Монголын хөрөнгийн биржийн гишүүн 58 үнэт цаасны компаниар (http://mse.mn/mn/brokers/78) зуучлуулан MSE:ITLS нэгж хувьцааг 100 төгрөгөөр худалдан авч болох бөгөөд 11-р сарын 1-10 хооронд захиалга авах юм байна.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх