Монгол улсын начин Б.Хишигбаатар: Олон ч наадмаас би нулимстай буцаж байсан даа
2017/11/29
Өнөө жилийн наадмаар тав давж улсын цолны босго алхсан шинэ начин Б.Хишигбаатартай ярилцсанаа хүргэе.
-2017 он таны хувьд их амжилтын жил болж өнгөрч байна. Бүх цэргийн наадамд түрүүлж, аймгийн хурц арслан цол хүртсэн бол дараахан нь улсын их баяр наадамдаа амжилттай барилдаж улсын цолтнуудын өнөр бүлд багтлаа шүү дээ?
-Монголчуудтайгаа “Өдрийн сонин”-оор дамжуулж уулзаж байгаадаа баяртай байна. 2017 он миний хувьд ээлтэй сайхан жил байлаа. Аймаг цэргийн цолтой хамаг сайчууд чуулдаг Бүх цэргийн наадамд түрүүлж цолоо батлаад, дараахан нь улсын наадамдаа барилдаж олон жил мөрөөдсөн улсын начин цолоо хүртлээ. Сар гаруйн хугацаанд л хоёр цол авсан даа.
-Та Говь-Алтай аймгийн Чандмань сумаар овоглож барилддаг. Бага нас тань тэнд өнгөрсөн үү. Хүүхэд насны дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Тийм ээ. Би эцэг эхээс 11-үүлээ. Тэдний маань долоо нь эрэгтэй. Тэр сайхан говь, хангай хосолсон нутагт мал маллаж зав чөлөөгөөр нь барилдаж, эмнэг хангал сургаж энгийн л борог амьдралаар өссөн.
-Бөхийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байсан бэ?
-Хүүхэд байхад Р.Давааням заан нутагтаа ирэхэд манай нутгийнхан их сайхан хүлээж авдаг байлаа. Түүнийг хараад л энэ хүн шиг сайхан улсын цолтой бөх болохсон гэсэн хүсэл мөрөөдөл маань намайг бөхийн замд хөтөлсөн дөө. Тэр үед бөхийн дэвжээнд ид сайн барилдаж байсан зургаан залуу зааны өрсөлдөөнийг радиогоор сонсдог байсан маань бас энэ спортод дур сонирхолтой болгосон. Анх 2006 онд улсын гарьд Н.Ганбаатартай танилцаж багш шавийн барилдлага тогтоосноос хойш бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй орсон гэж хэлж болно.
-Анх үндэсний бөхийн ямар цол хүртэж байв?
-2004 онд хүүхэд байхдаа сумынхаа 80 жилийн ойн баяр наадмын шигшээ 32 бөхийн барилдаанд түрүүлж, сумын начин цол хүртэж байлаа. Дараа жил нь ахтайгаа сумынхаа наадмын түрүү үзүүрт үлдэж сумын заан болж байсан. 2006 онд мөн л бид хоёр үзүүр түрүүнд үлдэж, ах маань давсан.
-Миний мэдэхийн та сумын заан цолтой зургаан жил барилдсан санагдаж байна. МҮБХ-ноос улирал бүр зохион байгуулдаг сумын цолтнуудын барилдаанд их амжилттай барилдаж байсан байх?
-2005 онд сумын заан цол хүртээд энэ цолтойгоо их удаан барилдсан шүү. Тэр үед бөхийн өргөөнд зохиогддог байсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан өрсөлдөөнтэй болдог байж. Би ч алгасалгүй зодоглож тогтмол шөвгөрдөг байлаа. Түрүүлж чадалгүй хоёр ч удаа үзүүрлэсэн санагдаж байна. Тухайн үед одоогийн улсын начин Б.Сугаржаргал, аймгийн арслан Б.Ерөөлт, У.Батгэрэл, Ж.Наранбаатар, Б.Мөнх-Эрдэнэ, аймгийн заан Б.Эрдэнэбаяр гээд бөхчүүд их сайн барилдаж байлаа. Өнөөдөр бүгд цолоо ахиулаад амжилттай барилдацгааж байна.
-Тантай нэг үед өрсөлдөж байсан залуус аймгийн цол аваад дээшээ яваад байдаг. Таны хувьд аймгийн наадамдаа очоод цолны даваанд хүрэлгүй унаад байсан. Амар байгаагүй болов уу?
-Нэг үед өрсөлдөж байсан залуус маань бүгд аймгийн цол хүртээд, зарим нь бүр арслан болоод тасраад явчихсан. Би л ганцаараа сумын заанаараа үлдсэн байсан шүү. Аймгийн наадамдаа очиж барилдаад гурав, дөрвийн даваанд уначихаад цол авч чадахгүй нь гээд уйлаад л буцдаг байлаа. Олон ч наадмаас би нулимстай харьсан даа. Энэ үе маань намайг илүү хурцалж өгсөн юм шиг санагддаг. Хэцүү байсан ч бэлтгэлээ хэзээ ч цалгардуулж байсангүй. Үүнийхээ үр шимийг үзэж дараагийнхаа цолд хүрсэн шүү.
-Таны цол авах ээлж 2012 онд тохиож бүх цэргийн наадмаар хамгийн анхны цэргийн харцага цолыг хүртэж байсан бил үү?
-Тийм ээ. 2012 оны бүх цэргийн наадамд Архангай аймгийн харьяат улсын начин Л.Шинэбаатарыг аймгийн арслан цолтой байхад нь зургаагийн даваанд орхиж харцага болж байлаа. Тэр наадамд манай дэвжээнийхэн одтой наадаж Б.Энхсайхан маань цэргийн начин болж байсан. Миний хувьд Бүх цэргийн наадам чансаа өндөртэй барилдаан болдог тул жилийн жилд л өндөр ач холбогдол өгч хичээж барилддаг байлаа. Тэр ч утгаараа надад ээлээ өгч 2017 онд миний ээлж ирж түрүүлсэн.
-Монгол бөхийг муухай харагдуулж, харлуулж байгаа зүйл бол найраа. Жил жилийн л Бүх цэргийн наадамд энэ асуудал хөндөгддөг. Харин таны хувьд өнгөрсөн жил бөх сонирхогчдоо хүндлээд шударга сайхан барилдаж түрүүлсэн?
-Миний хувьд хүнээс даваа гуйж, хүнд гуйлгаж худлаа барилдах үнэхээр дургүй. Яс үзээд л давбал давна, унавал унана. Өнгөрсөн жилийн тухайд бүх цэргийн наадам эхлэхээс тав хоногийн өмнө наадмын бэлтгэлдээ гарчихсан байлаа. Цэргийн наадамд гайгүй барилдаад байдаг болохоор ч тэр үү түрүүлчих юмсан гэсэн бодол тээж барилдсан. Түрүүлчихээд тугнаасаа адис авч байхдаа үнэхээр огшиж байсан. Цэргийн наадамд барилдаж байхад нутгийн минь бөхчүүд их нөмөр нөөлөг болсон.
-Анх улсын цолтой ямар бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?
-Бэлтгэл дээрээ дэвжээнийхээ бөхчүүдийг ганц нэг удаа давж л байсан байх. Анх цагаан сарын барилдаанд сумын заан байхдаа аманд гараад улсын арслан Н.Батсуурийн аав Г.Намсрайжав харцагыг давж их баярлаж урам авч байлаа. Улсын цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм байна гэсэн бодол тэр цагаас хойш л толгойд суусан даа. Амжилтын маань эхлэл тэр барилдаан байсан юм болов уу гэж бодогдох үе байдаг шүү.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг өнгөрсөн жилийн наадам руу чиглүүлье. Наадмын өглөө гэрээсээ цэнгэлдэх рүү гарахдаа юу бодож байв?
-Би өнгөрсөн жилийн турш барилдаан алгасалгүй зодоглож бэртэл гэмтэлгүй, бэлтгэл сайн байсан. Хажуугаар нь цэргийн наадамд түрүүлээд цолоо хурцалчихсан болохоор өөртөө итгэлтэй байсан шүү. Ер нь цэргийн наадамд түрүүлсэн хүмүүс тухайн жилийн наадамдаа амжилттай барилдаж цол аваад байдаг сайхан уламжлал байдаг. Энэ бүхнийг дотроо бодож л байсан.
-Наадмын өмнө улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан төв Цэнгэлдэх хүрээлэнд болсон. Дээр үед зохиогддог наадмын сорилго барилдаантай дүйцэх хэмжээний томоохон барилдаан болоход та сайн барилдаж дөрөв давсан шүү дээ?
-Тийм. Хавар дулаарчихсан үед цэнгэлдэхэд бүх аварга арслангууд нь зодоглосон чанартай сайхан барилдаан болсон шүү. Тэр барилдаанд дөрөв давчихаад туг тойрохоор гүйж байхад үзэгчид шуугилдаж баяр хүргээд яг л наадам болж байгаа юм шиг санагдсан. Аварга арслангууд нь цолоо дуудуулаад л уур амьсгал хүмүүсийн хандлага нь заалны барилдаанаас шал өөр болж байгаа юм чинь.
-Наадмын өмнө цэнгэлдэхдээ зодоглоод цочоогоо гаргачихаад барилдахад дөхөм байсан байх. Энэ жилийн баяр наадмын даваануудынхаа талаар?
-Аваргуудын нэрэмжит барилдаанд гайгүй барилд-чихаад “Наадмаар надад боломж байна шүү” гэсэн бодол төрж байсан. Гэхдээ төрийн наадмын дэвжээ ч хатуу шүү дээ. Энэ жил л гэхэд шилдэг залуу начин Э.Даш маань нэгийн даваанд л өвдөг шороодож байх жишээтэй. Би нэгийн даваанд Архангайн сумын заан залуутай барилдаад хоёрын даваанд Дундговь аймгийн арслан О.Өлзиймөнхийг давсан. Гурав дээр Завханы Г.Баасандорж начин намайг амласан байсан. 2015 онд Г.Баасандорж маань начин болохдоо хоёрын даваанд намайг орхиж байлаа. Харин энэ жил би бариа зөрүүн дээр барьцгүй хавираад даваа авсан. Оноолтын даваанд Н.Батзаяа харцагатай таарч сугадаж мордоод давсан даа. Харцага удах тусам чангардаг тул хурдан барилдъя л гэсэн бодолтой гарч санасан мэхээ хийсэн маань даваа авчирсан.
-Улсын наадамдаа анх удаагаа дөрөв давчихаад туг тойрч байхад толгойд их юм бодогдоно биз?
-Их сайхан байсан. Барилдсан болгон начны даваанд босдоггүй наадам шүү дээ. Улсын цолонд хүрэхэд ганцхан даваа үлдлээ дээ гэж бодож байлаа. Өмнөх жил нь 1024 бөх барилдахад улсын цол горьдож барилдаад гурвын даваанд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлд уначихсан байсан болохоор ч тэр юм уу их баярласан.
-Улсын цолны даваанд таныг бөхийн замд хөтөлсөн багш тань амласан. Ам авахаасаа өмнө танд энэ тухай хэлсэн үү. Гарын даа дээр очоод нэр сонсох доо “Би юу харахав дээ, Хишигбаатарыгаа авъя” гээд буцсан гэсэн.
-Хэлээгүй ээ. Багш бид хоёр хамт сууж байгаад л ам авах болоход дуугүй босоод явчихсан. Би их юм бодоогүй байтал намайг Н.Ганбаатар амлалаа гэж зарласан. Би ч огшоод л явчихсан. Багш маань өөрөө ч дээшээ барилдаж цолоо баталж улмаар ахиулах хэмжээний бөх шүү дээ. Начин болоод туг тойрч байхад хөдөө зурагт үзээд сууж байсан том охин маань уйлсан чинь дүү нь дагаад уйлчихсан гэнэ лээ. Аавыгаа их харж байсан юм шиг байгаа юм.
-Таныг харж байхад давсан ч, унасан ч их шуурхай барилддаг. Бөх сонирхогчид ийм барилдааныг хүлээдэг. Гэтэл өнөө цагт барилдаж байгаа бөхчүүдээс ийм барилдаан ерөөсөө харагдахгүй байна. Үүнд зарим хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг.
-Яарч шуурхай барилддаг маань алдахдаа алдаж, онохдоо онодог юм. Гэхдээ бөхийн барилдааны дүрэм нь жин ихтэй л бол давах магадлал 70-80 хувь илүү болгочихоод байна л даа . Жин ихтэй хүн тэсэрч, хурдтай барилдах боломжгүй шүү дээ. Одоо үед гараад цаг хүлээж байгаад барьц сонгоод давчихъя гэсэн бодолтой бөхчүүд олон болсон байна. Тэднийг буруутгах аргагүй л дээ. Дүрэмтэйгээ уялдуулж бөхчүүд өөрийнхөө жинд таарсан барилдааны тактикийг сонгож барилдах нь зүйн хэрэг.
-Та бодибилдингийн спортоор багагүй амжилт үзүүлж хотын аваргаар хүртэл шалгарч байсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Хүмүүс намайг энэ спортоор хичээллэж байгаад бөх рүү орж ирсэн юм шиг ойлгоод байдаг. Би яг дагнаж хичээллээгүй л дээ. Хүүхэд байхдаа л бөхийн бэлтгэл хийгээд булчин суусан байх. Тэр үед хүчний бэлтгэл хийлгэдэг багш нар маань бодибилдингийн тэмцээнд орох санал тавиад 2009 онд Улаанбаатар хотын аваргад орж түрүүлж байсан. Дараа жил нь улсын аваргад орж мөнгөн медаль, 2011 онд хүрэл медаль хүртсэн. Анх оролцоод түрүүлсэн мөртлөө амжилт буураад л явчихсан байгаа биз.
-2003-2007 оны үед Говь-Алтай аймгаас начин Ду.Батбаяр тэргүүтэй 10-аад залуус монгол бөхөд хүч түрэн орж ирж байсан. Жил дараалан гарьд, заан цолтнууд төрж, төрийн наадмын өндөр даваанд Алтайн бөхчүүд босч байсан шүү дээ. Өнөө цагт барилдаж байгаа “Хантайшир” дэвжээний залуус ах нарынхаа хэмжээнд арай л хүрэхгүй байна уу даа?
-Тэр үед ч Ду.Батбаяр ахаар манлайлуулсан улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Ш.Тогтохбаяр, Л.Гантулга нар хүчтэй гарч ирж байсан. Жил дараалан улсын гарьд, заан цолтон төрж байсан даа. Харин сүүлийн үед тэр оргил үе шигээ байж чадахгүй байна л даа. Гэхдээ удахгүй сайн барилдаад том цол авах нөөц бололцоотой залуучууд манай дэвжээнд олон байгаа. Тэд маань өдрөөс өдөрт нүдэн дээр сайжирч байна.
-Ирээдүйн зорилгынхоо талаар?
-Миний хувьд гуч гарч байж улсын цолны өндөр босгоор алхлаа. Чадахаасаа чадахгүй хүртлээ барилдана даа. Ард түмнийхээ энэ их хайр ивээлийг дааж, илүү хөдөлмөрлөж дараа дараагийн цолд хүрэхийг зорьж байна. Нутгийн зоноо олон удаа баярлуулахыг хичээнэ ээ.
О.ДАШНЯМ