Хадгаламжийн мөнгийг хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдгийг хориглоно
2017/12/01
Банкны салбарыг хөндөж эхэлсэн Төв банкны санаачлага парламентын танхимд багагүй гацав. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэхэд сөрөг хүчин эсэргүүцэж завсарлага авсан бол МАН-ын зарим гишүүд хуулийн талаас илүү хувийг өөрчилж байгаа учраас эргүүлэн татах, хаалттай хэлэлцэх саналыг хүртэл гаргалаа.
Хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төслийг зургаан сарын турш Монголбанкны ажлын хэсэг ОУВС-тай хамтран олон улсын банкны стандартад нийцүүлэн боловсруулсан. Хууль тогтоомжийн хуулийн 25.1.2-т тухай хуулийн нийт заалтын 47 хувьд өөрчлөлт оруулж байгаа. Тиймээс хууль зөрчсөн зүйл байхгүй. ОУВС-аас банкны системийг хариуцлагатай болгох салбарын шинэчлэлүүд тусгагдсан учраас хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй” гэж тайлбарлав.
Тэгвэл Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн гол үзэл баримтлал нь Төвбанкны бодлогыг илүү хүчтэй болгох юм. Мөн банкинд эргэлдэж буй иргэдийн хадгаламжийн мөнгийг охин компаниар дамжуулан хөрөнгийн зах зээлд эргэлдүүлдэг байдлыг зогсооно гэдгийг хууль санаачлагчид хэллээ. Одоогийн байдлаар банкны системд 27 их наяд төгрөгийн активын хөрөнгө эргэлдэж байгаагаас гурван их наяд буюу 12 хувь нь банкны эздийн хөрөнгө. Бусад 24 их наяд төгрөг буюу 88 хувь нь иргэдийн хуримтлал байдаг юм байна. Тиймээс иргэдийн хуримтлалын эдийн засаг, орлогын аюулгүй байдалд Төв банк шийдвэр гаргаж, хамгаалалт хийж байх ёстой. Банкны системд байгаа иргэдийн хөрөнгө консерватив байх ёстой. Хамгийн эрсдэл багатай, хамгийн найдвартайгаар банкинд эргэлдэж байх ёстой. Түүнээс биш хамгийн савлагаатай байдаг үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл рүү оруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн мөнгийг эрсдэлд оруулж болохгүй гэж хуулийн төслийн Ажлын хэсгийнхэн үзжээ. Энэ талаар Монголбанкны хууль эрхзүйн газрын захирал Б.Ганбат “Хуулийн төсөл дээр банкны охин компани байгуулж байгаатай холбогдуулан оруулж ирсэн заалтыг банк, түүний хараат болон охин компаниар дамжуулан бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно гэж зааж өгсөн” гэв. Түүнчлэн иргэдийн хөрөнгийг удирдаж буй банкируудын хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ.
Мөн Банкны хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтийн дунд байгаа ойлголт бол зээлийн хүүгийн хязгаарыг төрөөс тогтоох асуудал юм. Тэгвэл энэ удаагийн Банкны тухай хуульд орж байгаа нэмэлт өөрчлөлт дотор зээлийн хүүгийн дээд хязгаарлалтыг тогтоох заалт байхгүй. Харин Банкны тухай хуулийг дагалдаж байгаа Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Төв банкнаас зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэдгийг хууль санаачлагчид нэмж оруулж ирсэн байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “2019 оноос ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх нь зөв гэж бодож байна. Зээлийн хүүгийн хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалтыг Монголбанкнаас оруулж ирээгүй. Бид үүнтэй холбоотойгоор маш олон судалгаа хийж байна” гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан сүүлийн үед банкууд нь бизнес эрхлэгч нартай өрсөлдөх, бизнесийн салбар луу хөрөнгө оруулах явдал гарч байна. Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулах ёстой. 820 мянга орчим зээлдэгчийн эрх ашгийг яаж хамгаалах. Мөн арилжааны банкны хүрээнд явагдаж байгаа завхрал цадигаа алдаж, төр арилжааны банкны богцонд гурван сая иргэнтэйгээ орсны үндсэн шалтгаан нь охин компани байгуулах асуудал хэмээн шүүмжилж байгаа юм.
Б.Жавхлан: ЗЭЭЛИЙН ХҮҮ ӨНДӨР БАЙГАА НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЖИГ ТОГТОЛЦООНЫ ҮР ДҮН
Хуулийн төсөл батлагдвал Монголбанкнаас арилжааны банкинд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болно гэж үзэж байгаа. Банкны тухай хуулийн зарим зүйл, заалтын утга, агуулга нь олон улсын банк, санхүүгийн үйл ажиллагаанд нийцсэн, илүү ойлгомжтой, тодорхой хэлбэрээр сайжрах болов уу гэж харж байгаа. 1990 онд бид арилжааны банк, Төв банк гэсэн хоёр тогтолцоотой болсон. Өнөөдрийг хүртэл энэ хугацаанд гурван зовлонтой нүүр туллаа шүү дээ. 1990-ээд оны Азийн, 2008 болон 2010 оны эдийн засгийн, энэ удаагийн хямрал гээд хэд хэдэн хямралтай нүүр тулсан. Тэгэхээр тухай бүрт нь хуулиудаа өмнөх туршлагууд дээрээ тулгуурлаж сайжруулж байх ёстой юм. Энэ зарчмын дагуу л өнөөдөр уг хуулийн төсөл орж ирж байна гэж харж болно. Арилжааны банкны хөрөнгө оруулагчид, эзэд буюу арилжааны банкинд байршиж байгаа иргэдийн хөрөнгийг удирдаж буй банкируудын хариуцлагын асуудлыг ярих нь зүй ёсны хэрэг. Өнөөдөр зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн гажиг тогтолцооны үр дүн. Тиймээс асуудлыг томоор харж, төрийн зохицуулалтууд хийх зайлшгүй шаардлагатай. Ипотекийн зээл бол арилжааны зээл биш тусгай зориулалтын зээл. Банкиудад дөрвөн хувийн эх үүсвэрийг нь өгч байгаа. Эх үүсвэр нь бэлэн, зориулалт нь тодорхой юм. Харин одоо ярьж байгаа өөрчлөлт бол арилжааны зээлийн хүүгийн асуудал юм.
З.Нарантуяа: БАНКНЫ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ТУХАЙ АСУУДЛЫГ ОРУУЛЖ ИРЭХ ШААРДЛАГАГҮЙ
-Банк санхүүгийн салбарыг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, банкны үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр банкны багц хуулийн төслийг оруулж ирж эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байгаа. Гэхдээ анхаарах хэрэгтэй олон асуудал байна. Тухайлбал, Банкны тухай хууль дээр гурван зүйл дээр маш анхааралтай байхгүй бол өнөөдөр эдийн засгийн салбарт үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгээд явж байгаа банкны салбарыг доголдуулах нөхцөл байдал руу түлхэх эрсдэлтэй байна. Банкны зээлийн хүүг тогтоох тухай асуудлыг оруулж ирэх шаардлага байхгүй. Учир нь мөнгөний бодлогыг үндсэн чиглэлийг батлахдаа зээлийн хүүг бууруулах цогц арга хэмжээг агуулсан стратегийг Монголбанк боловсруулж, батлуулж хэрэгжүүлэх үүрэг болгосон. Тиймээс цаг хугацааны хувьд зээлийн хүүг тогтоох тухай энэ заалтыг оруулж ирж байгаа нь буруу. Түүнчлэн ОУВС-аас бүх банкууд дээр шалгалт оруулж байгаа. Энэхүү ажиллагааны эцсийн үр дүнг үзээгүй мөртлөө Монголбанкны Ерөнхийлөгч банкуудын дүрмийн санг 100 тэрбумаар нэмэгдүүлэх шийдвэр гаргачихсан байна. Ер нь Монголбанкнаас мөнгөний бодлогын буюу зах зээлийн арга хэрэгсэл зарчмуудыг хэрэглэхийн оронд шууд захиргаадсан хэм хэмжээнүүдийг гаргаад байна. Энэ нь банкны системд ашиг тус авчрах, сөрөг үр нөлөө үзүүлэх эсэх тал дээр олон талаас нь бодож, дүгнэх шаардлагатай. Манай улсын банкнуудын хувьд үндсэн төлбөр тооцоо гүйцэтгэх чадвар сайн учраас дампуурах банк байхгүй. Харин энэ олон тодорхойгүй битүүлэг арга хэмжээний үр дүнд иргэд харилцагчид банкинд итгэх итгэл нь буурч болзошгүй байна.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2017/12/02
hudlaa ym hiih geel