-Нэгэн цагт Монголын төрийн тэргүүн байсан энэ хүн МАХН-ыг хучгүйдүүлж, хоёр талцуулан улмаар хуваагдан салгахад хүргэсэн гол буруутан нь. Хэдийгээр өөрөө МАХН нэрийг авч тусдаа гарсан ч өнөөг хүртэл энэ нам гурав дахь хүчин болж чадаагүй л яваа

Улстөрийн гурав дахь хүчин хэмээн нэрлэгддэг МАХН-ын дотоод амьдрал өнгөрсөн амралтын өдөр нэлээд хурцадмал байдалд орлоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус өдрүүдэд Төрийн ордонд МАХН-ын Их чуулганыг зохион байгуулж хөдөө орон нутгаас тус намын гэх тодотголтой 800 гаруй төлөөлөгчдийг нэг дор цуглуулж намынхаа Их чуулганыг хийсэн нь шуугиан тарьж байна.

 

Тус чуулган нь "Таван үйлдвэр, таван хувьсгал" уриан дор явагдаж мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцсэнээс гадна намын дүрмийг шинэчлэх асуудлын ч бас ярилцжээ. МАХН-ын 21 аймгийн жирийн гишүүд, Их чуулганы төлөөлөгчид олон жил өөрийн дураар захирсан Н. Энхбаяр, Э.Эрдэнэжамъяан, тэднийг тойрон хүрээлэгчдийг хатуухан шүүмжилж намын дарга Н.Энхбаярыг албан тушаалаас нь чөлөөлж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Их чуулганы төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар намын даргаараа сонгожээ.

 

Ингээд тэрбээр намын даргаар сонгогдсоныхоо дараа төлөөлөгч нартаа ийн хэлжээ. Тэрбээр "Энэ хэцүү хүнд үед итгэл үзүүлж байгааг надад өгсөн хариуцлага гэж ойлгож байна. Албан тушаалд очиж байна гэж харахаасаа илүү ард түмэндээ шударга ёсыг яаж мэдрүүлэх вэ гэдэг зорилго хамгийн түрүүнд бодогдлоо. МАХН-ын дуу хоолойг төрд хүргэхийг хүсэж байна. Хэдийгээр би ганцаараа ч 2020 онд томоороо ялахыг хүсэж байгаа юм.

 

Удирдлагууд маань энэ их хурлыг тансаглал гэж хэлж, үл тоож, хүчингүй гэж зарлаж, гүтгэж байгаад харамсаж байна. Гэхдээ бид учраа олно гэж найдаж байна. Аливаа тэмцэлд ялалт байхгүй. Бидний зорилго Монголын ард түмний төлөө. Том зорилгыг биелүүлэхгүй бол том итгэл алддаг. Бид том зорилго биш жижиг, тэгсэн хэр нь жинхэнэ зорилго тавина” гэлээ. Ямартай ч өчигдрөөс эхлэн олон нийтэд МАХН-ын шинэ даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү боллоо гэдэг мэдээлэл хүчтэй тарж эхэллээ.

 

МАХН БАЙГУУЛАГДААД НАЙМАН ЖИЛ БОЛСОН Ч НЭГ Ч УДАА ИХ ХУРАЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ

 

Их чуулганд оролцсон МАХН-ын гишүүд, хуралд оролцогчид энэ Их хурлыг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Н.Энхбаяр, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нарын МАХН-ын удирдлагын хүрээнийхэн албан ёсны хурал биш гэсэн байр суурьтай байгаа юм. Иймд тэд холбогдох байгууллага буюу шүүхэд энэ талаар гомдол мэдүүлж, хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ гэдгээ ч илэрхийлсэн.

 

Харин О.Баасанхүү энэ талаар “МАХН 2011 онд намын дүрмээ баталж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Гэтэл найман жил болж байхад нэг ч Их хурал хийгээгүй. Их хурлыг хийх ёстой. Хурал хийе гэж ярьснаас хойш айлган сүрдүүлэлт, доромжлол хэрээс хэтэрсэн. Манай Бага чуулган аравдугаар сард хуралдаж, Их хурлын товыг зарласан. Ингээд өнөөдөр Их хурлаа хууль журмын дагуу явуулахын тулд аймаг, дүүргээс хоёр төлөөлөгч ирэх ёстой байсан.

 

Харамсалтай нь, өглөө 08.00 цагийн үед архи уусан, том биетэй залуус, намын нэр барьсан хүмүүс гэнэт гарч ирсэн. Тэр дотор манай намын З.Баянсэлэнгэ, Б.Тулга нар байна лээ. Гэхдээ Их хурлын ирц 70 орчим хувьтай байгаа тул эндээс гарсан шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Бид Н.Энхбаяр даргад урилга хүргүүлсэн боловч ирсэнгүй. Харин дэд дарга С.Ганбаатар ирсэн. Би намын даргад дэвшинэ гэж хэлмээргүй байна.

 

Гэхдээ намынхаа хэдэн гишүүд, дэмжигчдийг хаямааргүй байна. Эд нар маань намайг туг аваад яваач гэвэл би 2020 он хүртэл тугийг нь бариад явахад бэлэн байна. Би намыг удирдаад явах бололцоотой. Энэ намын бүх зүйлийг шилэн болгож, шударга хүмүүсээр ажил хийлгэмээр байна" гэж ярьж байсан юм.

 

Харин нөгөө талд түүнийг эсэргүүцэж буй хүмүүс Их хурлыг тамгагүй гэх мэтээр ярьж, О.Баасанхүүг намын дарга болоход хэтэрхий жулдана гэж нийтэд мэдэгдэх аж.

 

Гэвч тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар ямар нэгэн зүйл огтоос ярьсангүй. Өнгөрсөн долоодугаар сард болсон сонгуульд МАХН-аас С.Ганбаатар өрсөлдсөн нь тун ч гэнэтийн үйл явдал болсон. Гэхдээ мань хүн сонгуулийн эхний шатанд л унасан билээ. Бүр гаднынхнаас хандив нэрээр мөнгө авсан нь ч илэрч, арваннэгдүгээр сард түүнд холбогдох шүүх хурлаар С.Ганбаатарыг буруутай гэж үзсэн.

 

МАН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг нэр бүхий хүмүүст хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулж, ихээхэн дуулиан тарьсан. Тэгвэл МАХН-аас сонгуульд ялагдал хүлээснийг бараг л байх ёстой зүйл, харин ч сайн өрсөлдлөө гэх мэтээр ярьж, хэн нэгэнд хариуцлага тооцоогүй. Тиймдээ олон мянган гишүүний итгэл, хандив, туслалцааг салхинд зүгээр л хийсгэчихсэн. Харин буруутан байхгүй. Намын дарга асан Н.Энхбаярын зүгээс ч үүнд буруутан байлгахыг хүсээгүй байх. Учир нь энэ намын хамгийн том асуудал бол Н.Энхбаяр өөрөө байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг.

 

Нэгэн цагт Монголын төрийн тэргүүн байсан энэ хүн МАХН-ыг хүчгүйдүүлж, хоёр талцуулан, эвдрэлцэж, улмаар хуваагдан салахад хүргэсэн гол буруутан. Хэдийгээр өөрөө МАХН нэрийг авч тусдаа гарсан ч өнөөг хүртэл энэ нам гурав дахь хүчин болж чадаагүй л яваа. Үүний учир нь, МАХН-д Н.Энхбаяр гэх хүн улстөрд буцаж орох арга сүвэгчилсэн гол цөм байж, гишүүдээ үг харцаараа удирдаж өнөөг хүрсэнд л оршдог гэх.

 

Тэр ч бүү хэл МАН-тай дахин эвсэж, нэгдэнэ гэдэг яриа нэг хэсэг гарч байсан ч Н.Энхбаярын дуусахгүй шуналаас болж энэ яриа салхинд хийссэн. Тодруулбал, 2016 онд юу, юугүй эвслээ гэж байсан МАН болон МАХН-ын олон сарын яриа хэлэлцээр талаар өнгөрсөн. Тэр үед МАХН дахиад л МАН-ыг тонгорчихлоо гэцгээж байв. Ер нь өмнө нь олон удаа тонгорч байсан л даа.

 

Нэхэн санаваас, 2006 онд М.Энхболдыг намын даргаас нь, Засгийн газрын тэргүүнээс нь огцруулах гол хорыг найруулсан хүн нь Н.Энхбаяр. Гэвч энэ явдалд МАН-ын дарга М.Энхболд өс саналгүй буцаад ирэх үүд хаалгыг нээж өгтөл Н.Энхбаяр дахиад л нүүрээ бууруулсан нь тэр. Бас нэгэн гашуун түүх өгүүлэхэд, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-тай тохиролцон гарын үсэг, тамга бүхий баримт үйлдэн "Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн тохиолдолд сонгуульд МАН-ыг дэмжиж оролцоно" гэж байснаа нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахаас зургаан цагийн өмнө Н.Удвалыг нэрийг гэнэт оруулж ирж байв. Тухайн үед МАН-ын дарга Ө.Энхтүвшин түүнд хулхидуулсандаа "доголон нулимс"-тай үлдэж байлаа.

 

Харин энэ удаа тус хоёр нам эвсэх асуудлаар цагаан сарын дараагаас ярилцаж, "Эх орончдын өдөр’’-ийг хүртэл хамт тэмдэглэсэн ч Н.Энхбаяр бас хэлсэн ярьснаасаа буцаж олон мянган гишүүдээ гомдоож байсан юм. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАХН-тай эвсэхгүй гэдэг шийдвэрийг гаргаж тус хоёр намын эвсэх үйл ажиллагаа эцэслэгдэж байсан түүхтэй

 

Чухам тэр үед л МАХН-ын жирийн гишүүд Н.Энхбаярыг эсэргүүцэж, эрх мэдлийн төлөө улайрлаа хэмээн буруутгаж түүнийг огцруулж дараагийн Намын даргыг шинээр сонгох ёстой хэмээн ярьж байсан нь өчигдрийн үйл явдал байсан бололтой. Ямартай ч Н.Энхбаяр өөрийнхөө бэлдсэн занганд өөрөө орсон төдий л зүйл боллоо доо. Угтаа бол МАХН-ын хуучин удирдлагууд өнөөдрөөс эхэлж Төрийн ордон, хууль хяналтынхны үүдийг гороолж эхлэх бололтой.

 

 

С.Уул

Эх сурвалж: "Өглөөний сонин"