Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах өөрчлөлтийг Х.Баттулгад зориулсан уу?
2017/12/15
-МАН бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг нэг тойргийг төлөөлдөг гишүүнээс дорд үзсэн заалтыг Үндсэн хуульд оруулах гэж байна-
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн тайлангаа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар УИХ-ын Тамгын газарт уржигдар хүлээлгэж өгөв. Эрх баригч МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлаа урагшлуулж байгаа нь энэ.
Монголын томоохон хуульчдын харж байгаагаар эрх баригчид Үндсэн хуульд ганц л өөрчлөлтийг хийх гэж байгаа. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах юм байна.
Энэ өөрчлөлтийг хийхийн тулд Олон нийтийн хэлэлцүүлэг гээчийг хэдэн сарын өмнөөс хийлээ гэсэн. Яг үнэндээ МАН-ынхан орон нутагт очоод тэнд ажилладаг төрийн албан хаагчдыг цуглуулж байгаад л гарын үсгийг нь зуруулаад авчихсан. Энэ нууц биш. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн “Тавантолгойг хэрхэх вэ” гэдэг гар утасны мессэжтэй яг адил зүйл юм.
Харин ингэн барин Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны ач холбогдол юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь тодорхой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасч, эрх мэдлийнх нь хэмжээг бууруулж буй хэрэг. Нэг үгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад зориулсан өөрчлөлт гэж харагдаж байна.
Ер нь бол эрх баригчид үүнийг хийхдээ агуулгын хувьд маш том зөрчлийг үүсгээд байгаа юм. Юу гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог субъект. Гэтэл Ерөнхийлөгч удахгүй хууль санаачлах эрхгүй болох гэж байна. Харин УИХ-ын гишүүн бол ард түмний тодорхой хэсгээс буюу нэг л тойргоос сонгогддог. Хэдийгээр хууль санаачлах эрх гэдэг УИХ-ын гишүүний үндсэн ажлын үүд хаалга нь боловч эрх баригчдын Үндсэн хуульд хийх гэж буй өөрчлөлт нь бүх ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийг нэг тойргийг төлөөлдөг гишүүнээс дорд үзсэн явдал болно гэж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин