Шинэ жилийн баяр болох гэж буй энэ үед замын хөдөлгөөний ачаалал жирийн үетэй харьцуулахад нэмэгдэж буй билээ. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах тухай санал асуулгыг Замын цагдаагийн алба фэйсбүүк хуудсаараа дамжуулан явуулсан.

Санал асуулгад нийт 4000 иргэн фэйсбүүкээрээ дамжуулан оролцсоноос 2.4 мянга нь буюу 60 хувь нь дэмжжээ. Харин 1.6 мянга буюу үлдсэн 40 хувь нь тэгш, сондгойгоор нь хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулахыг дэмжээгүй байна.

Иргэдийн зүгээс замын хөдөлгөөний ачаалалтай холбоотойгоор энэ саналыг ирүүлсэн бөгөөд нийтийг хамарсан захирамж гаргахын өмнө заавал санал асуулга явуулсан байх ёстой аж. Иймээс энэхүү санал дэмжигдсэн учир Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргад танилцуулах юм байна. Хэрэв Нийслэлийн засаг даргын захирамж гарвал арванхоёрдугаар сарын 31 хүртэлх бүх өдөр улсын дугаарыг тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах юм.