Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тодорхой хэмжээний мөнгийг хураан авч, тус газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг баривчилсан билээ. Түүний өрөөнд  АТГ-аас шалгалт хийж 20 сая төгрөгийг хураан авч, саатуулсан. Мөн тус төвийн хэд хэдэн мэргэжилтэн, хэлтсийн дарга нарыг хамт шалгаж эхэлсэн байдаг.

Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэргээр шалгаж байгаа билээ. Энэ талаар АТГ-аас “АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаярт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хэрэг нээсэн. Яллагдагч Д.Батбаяр нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх олгох зөвшөөрлийг гаргаж өгөхийн тулд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан гэмт хэрэг үйлдсэнийг илрүүлэн, прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хураан аваад байна. Авлигатай тэмцэх газраас Д.Батбаярыг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж шалгасан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэж сулласан.

Зам тээврийн яамны болон Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд “С” тусгай зөвшөөрлийг танил тал харах, хахууль авах байдлаар олон тоогоор олгосон байдаг. Энэ хууль бус үйлдлээс болж Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлтийн зохиомол дараалал үүссэн” гэлээ.

 

niigmiintoli.mn