Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэв
2017/12/26
Xувь хүний орлогын албан татварыг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатлан нэмэгдүүлэхийг эсэргүүцэн өнөөдөр Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоо (МЭХГУУҮЭХ)-ноос мэдээлэл хийв.
Засгийн газраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсаны дараа 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 1.5 саяас дээш цалинтай иргээс Хүн хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15, 20, 25 хувь болгон нэмэгдүүлэхээ зарласан юм. Энэ нь шөнийн цагаар хүнд хүчир ажил эрхэлдэг уурхайчдад хүндээр тусч буйг МЭХГУУҮЭХ-ны дарга Х.Буянжаргал дурьдлаа.
Тэрбээр, “Уурхайчдын дундаж цалин 2 сая 300 мянган төгрөг байдаг. Үүнд үндсэн цалин дээр хээрийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдлүүдийг тооцдог юм. Бид жилийн 8 сарыг эхнэр хүүхэд, орон гэрээсээ хол өнгөрүүлдэг. Тиймээс биднээс илүү татвар авахыг эсэргүүцэж байна” гэв.
“Оюутолгой” компанийн Үйлдвэрчний эвлэлийн орооны дарга Г.Баярмаа “ХХОАТ-ын шинэчилсэн хуульд уул уурхайн салбарын 80 хувь буюу 37 мянга 256 хүн, эрчим хүчний салбарын 46 хувь буюу 7360 хүн хамрагдаж байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад татварын шаталсан систем бий. Тухайлбал, АНУ, Герман зэрэг орнууд ганц бие хүний орлого, өрхийн орлого гэсэн хоёр хувилбараар хэрэгжүүлдэг. Мөн АНУ-д гэр бүлтэй уурхайчин 15 хувийн татвар төлдөг. Гэтэл манай эрх баригчид бүх уурхайчдыг хамруулан өндөр татвар авах гэж байна. Эрх баригчид зардлаа танаж, эдийн засгаа өсгөх өөр боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй” гэлээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг