Монгол Улсын өвлийн өвгөн, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярилцлаа. Шинэ жил дөхөөд тун завгүй байгаа түүнтэй “Харшийн сүлд модны наадам”-ын бэлтгэлийн үеэр уулзсан юм.

-“Харшийн сүлд модны наадам”-д та хэд дэх жилдээ оролцож байна вэ?

 

-Энэ нэр хүндтэй наадамд 13 дахь жилдээ оролцож байна. “Харшийн сүлд модны наадам” жил бүр өөр өөрийн онцлогтой сайхан болдог. Энэ жилийн хувьд “Харшийн сүлд модны наадам” үлгэрийн орднуудаар зохиомж хийж, хүүхэд багачуудад их сургамжтай байдлаар найруулан тавьсан.

 

-Улсын өвлийн өвгөн болсноос хойш гэртээ шинэ оноо гаргах нь ховордсон болов уу?

 

-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тав, зургаан жилд нь гэр бүлийнхэнтэйгээ хуучин оноо үдсэн байна. Бусад үед дандаа л талбай дээр шинэ оноо угтжээ. Энэ жил ч Төв талбай дээр нийслэлчүүдтэйгээ хамт шинэ оноо угтана. Үнэхээр сайхан байдаг юм. Гэр бүлийнхэн хүүхдүүд ч үүнд маань дасал болчихсон. Өвлийн өвгөн энэ жил гэртээ байхгүй, завгүй юм байна гээд л сууж байдаг юм. Арванхоёрдугаар сарын 4-нөөс албан газруудад уригдаж, шинэ жилийн уур амьсгал орлоо. Бэлгээ гардуулаад өвөөгийн хийх ажил их л байна.

 

-Таны хувьд шинэ жилийг их догдлон хүлээдэг байх. Гэртээ гацуураа зассан уу?

 

-Тэгэлгүй яахав. Энэ сарын 15-нд Сүхбаатарын талбай дахь гацуурын гэрлийг асаах ёслол болсон шүү дээ. Энэ үеэр гэрийнхээ сүлд модыг засч чимэглэсэн.

 

-Танай гэр бүлийн хувьд хичнээн хүүхдэд бэлэг бэлддэг вэ?

 

-Манай ах дүү нарын хувьд он гаргаад нэг сарын 1-нд том ахындаа цуглаж, өвлийн өвгөн очиж бэлгээ тараадаг уламжлалтай. Он солигдохоос өмнө бэлэг тарааж амждаггүй юм. Мөн Б.Жаргалсайханы гэр бүлийн хувьд жил бүр 100 хүүхдэд бэлэг тараадаг уламжлал тогтоосон. Энэ жилд хотын зарим хүүхдээс гадна өөрийн төрөлх Дундговь аймгийн Дэрэн сумын хүүхдүүд рүү өвлийн өвгөний бэлгээ явуулсан. Ер нь цаашдаа хөдөө орон нутаг руу бэлгээ явуулахыг зорьж байна.

 

-Зарим хүний хувьд бага насны шинэ жилийн дурсамж сэтгэлд тодхон үлддэг. Таны хувьд ямар шинэ жил сэтгэлд тодхон үлдсэн байдаг вэ?

 

-Хүүхэд насанд өвлийн өвгөнөөс бэлэг авч, шинэ жил үзэж байсан үе сэтгэлд минь тодхон үлдсэн байдаг. Би Дундговь аймгийн хүүхэд. Бага насны минь жаргалтай цаг мөч, дурсамжтай шинэ жил тэнд өнгөрсөн. Тухайн үед би онц сурдаг хүүхэд байлаа. Жил бүр өвлийн өвгөнөөс бэлэг хүлээн авдаг. Хамгийн гол нь өвлийн өвгөн гэж ийм өндөр нуруутай, сайхан хоолойтой хүн байдаг юм байна гэж хардаг байлаа. Өвлийн өвгөн байдаг гэдэг итгэл үнэмшил одоо ч хэвээрээ. Манай аймагт Доржцэрэн гэдэг монгол хэлний багш минь өвлийн өвгөн болдог байсныг би одоо ч тод санаж байна. Хүмүүс “волейболын” Доржцэрэн буюу гавьяат дасгалжуулагч гэдгээр нь сайн таньдаг юм. Тухайн үед тэр багш хүнээс биш өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа нь чухал гоё сайхан байдаг байлаа. Харин өвлийн өвгөний бэлэг дотор одоогийнх шиг элбэг хангалуун зүйл байхгүй. Алим, мандарин, 24-ийн баавгайтай чихэр ганц нэг ширхэг, 500 граммын шилтэй ундаа, миний идэх дуртай лийр зэрэг багтсан байна. Лийрэнд би одоо ч дуртай. Бага зэргийн хөлдчихсөн тэр лийрийг мэрээд л иддэг байлаа. Бас алиалагч гэж их гоё хүн байдаг байлаа. Тэр гарч ирээд сайн муу, сахилгагүй сурагчдыг дурандах зэрэг хөгжилтэй, хөөртэй ухаарал хайрласан шинэ жилийн дурсамж олон бий.

 

-Өвлийн өвгөн болсноос хойш өмсч буй хувцсаа солисон уу?

 

-2004 онд ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайгаас хойш өвлийн өвгөн болж байна. Хоёр жил дараалан Г.Гомбосүрэн гуайн өмсч байсан хувцсыг өмсч байлаа. Тэр сайхан хүний дулаан сайхан энерги шингэх болтугай гэж бодож өмссөн. Одоо бол нөмрөгийг нь хэрэглэж байгаа. Бусад хувцас нь надад хадгалаастай байдаг юм.

 

-Одоо өмсч буй хувцсыг тань хэр урлаж өгсөн бэ?

 

-Манай драмын театрын оёдлын мастер Оюунчимэг эгч урласан.

 

-Өвлийн өвгөн гарч ирээд хүслийг тань биелүүлье гэвэл та юу хүсэх вэ?

 

-Өвлийн өвгөн бол сайн сайхан зүйлийг хүсэн ерөөдөг учраас миний мөрөөдөж буй зүйлийг бүтээчих байх гэж бодож байна. Яагаад гэвэл би өөрөө өвлийн өвгөн шүү дээ.

 

-Манай уншигчдад шинэ онд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлнэ үү?

 

-Өвлийн өвгөний хэлж буй ерөөлийн үг болгон чин сэтгэлээс нь ундарч байдаг. Түүний хэлсэн үгийг хүлээж авч байгаа том хүн, хүүхэд ч бай нүд нь нээгдэж, ухаарал авч байх шиг санагддаг юм. Айлчлан ирж буй 2018 он бидний хувьд амжилт бүтээлээр дүүрэн сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Тиймээс монголчууд тэр дундаа танай сайтын уншигчдад ирж буй шинэ онд гутамшигт үйлтэй үл учирч, бадралт сайн үйлээр дэлгэрч байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

 

Г.Нямсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин