2017 оны дуулиант таван барилдаан
2018/01/01
2017 он гарснаас хойш улс аймгийн алдар цолтой нийт 27 барилдаан болжээ. Монголлын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан энэхүү бариалдаануудад Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай хамгийн олон буюу таван удаа түрүүлжээ.
Тэрээр аймгийн арслан цолтойдоо наадмын өмнө аварга, арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаануудад түрүүлсэн бол намрын нээлтийн барилдаанаас хойш гурван түрүү хүртжээ.
Та бүхэнд манай сайтын хамт олон энэ оны дуулиантай таван барилдааныг нэрлэж байна.
5. Улсын начин Э.Даш залуу бөх Төрмөнх
Дундговийн залуу начинг улсын наадмаар цолоо баталж улмаар ахиулах бөхчүүдийн нэгээр бөх сонирхогчид нэрлэж байв. Гэсэн ч залуу баяр наадмын нэгийн даваанд Увс аймгийн харьяат залуу бөх Төрмөнхийг сэнжигний барьцнаас хагалж татахдаа хальтирч өвдөг шороодож том шуугиан тарьсан. Тэрээр заалны барилдаануудад алгасалгүй амжилттай барилдаж Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлээд байсан юм.
4.Улсын заан Б.Батмөнх аймгийн заан Б.Болдбаатар
Өнөө жилийн наадмын хувь заяаг шийдсэн барилдаан гурвын даваанд болсон л доо. Хэрвээ Б.Батмөнх заан энэ барилдаанд илүүрхсэн бол бид өнөөдөр Лхагвасүрэнгийн Отгонбаатар гэдэг идэрхэн начинтай байх байлаа. Учир нь Л.Отгонбаатар оноолтын даваа буюу дөрвийн даваанд өөрийн багш улсын аварга О.Балжиннямтай нугарах тул гурвын даваанд нутгийн ах улсын гарьд Д.Рагчаагаар гар амар даваа аваад байв. Багшаараа оноолтын давааг гаталсан залууг начны даваанд нутгийн дархан аварга Г.Өсөхбаяр амлаж улсын цолны босго алхуулах төлөвлөгөөтэй. Гэсэн ч аймгийн заан Б.Болдбаатар улсын заан Б.Батмөнхийг хаяснаар оноолтыг өөрчилж Архангайхны “нүүдэл” буруугаар эргэсэн юм. Дөрвийн даваанд начин болох тохироотой байсан Л.Отгонбаатар улсын аварга Г.Эрхэмбаярт унасан бол энэ сиймхийг аймгийн заан Ж.Дагва-Очир овжин ашигласан. Тэрээр улсын аварга О.Балжиннямаар дөрөв давж тавын даваанд нутгийн аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулж улсын цолтны өнөр бүлд багтсан.
3. Улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Т.Баасанхүү
Улсын харцага Т.Баасанхүү Ерөнхийлөгчийн цомын барилдааны зургаагийн даваанд аварга Ч.Санжаадамбыг баруун хутгаад давхар тахимдаж давсан барилдааныг онцолж байна. Ч.Санжаадамба аваргыг Ерөнхийлөгчийн цомын барилдаанд анх удаагаа түрүүлэх болов уу гэж харж байтал уран барилдаант харцагын шийдсэн мэхэнд орж унасан. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд хоёр удаа үзүүрлэж байсан юм.
2. Улсын арслан Н.Батсуурь улсын начин Д.Тамир
Өнгөрсөн жилийн наадмын их шөвөгт шалгарсан арслсангаа Увсынхан улсын наадмын өндөр даваанд харж байсан болов уу. Гэсэн ч наадмын дөрвийн даваанд Булганы аймгийн арслан Д.Тамиртай таарч хөмөрч давснаар шуугиан тарьсан. Дараагийн даваанд Увсын өөр нэг арслан П.Бүрэнтөгсийг хавирч давснаар Булган нутгийн бөх сонирхогчдыгоо баярлуулсан. Тэрээр “Булган хангай” дэвжээний 2017 оны шилдэг бөхөөр шалгарсан.
- Улсын аварга Ч.Санжаадамба улсын начин Г.Ганжад
2017 оны дуулиант барилдаанаар улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Г.Ганжад нарыг барилдааныг нэрлэж байна. Улсын наадамд анх удаагаа начны даваанд боссон Төв аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганжадыг энэ цагийн манлай бөх улсын аварга Ч.Санжаадамба амлав. Хоёр бөхийн барилдаан удааширч барьц сонгоход шоо аваргын талаар буув. Барьц сонгосон аварга хашиж мордоход аймгийн арслсан Г.Ганжад дэгээ ороож эргээд ойролоо газардсан. Нийт найман хөлийн цэцийн тав нь аймгийн арслан Г.Ганжадыг давсан гэж шийдвэрлэсэн юм.
Zochin · 2018/01/01
Duremdee kamer shuune gej oruulmaar yum duremd bhgui geed csmeriin bichleg uzdggui gesen
Нугалаа · 2018/01/01
Камераар биш муудсан нүд, зөнөсөн ухаанаар шүүж, БӨХ сөнөснийг дахин нотолсон доо.
Зочин · 2018/01/01
Энэ барилдаанаас хойш Ганжад гэдэг хүн бөх сонирхогчидын танил болсон
Зочин · 2018/01/01
Энэ барилдаанаас хойш Ганжад гэдэг хүн бөх сонирхогчидын танил болсон