Польшийн уулчин Томаш "Нанга Парбат" хайрханд үүрд үлдэж магадгүй болоод байна
2018/01/29
Өршөөлгүй догшин, дэлхийн 9 дэх өндөр уул Нанга парбат (8126м)-д өвлийн авиралт хийж байсан Польшийн алдарт уулчин Томаш Мацкевич, Францын Элизабет Револ нар үхлийн аюулд учраад байгаа билээ.
Тэд өнгөрсөн 12-р сард Нанга парбатад очиж авиралтаа эхлүүлээд 1 сарын 20 ноос эхэлсэн цаг агаарын жижиг цонхыг ашиглаж оргилд гарах зорилготой авирсан юм. Ингээд 1 сарын 25-ны өдөр оргилд амжилттай авирч гарсан байна. Харамсалтай нь буух явцад Томаш цасны сохоролт болж, мөн өндрийн өвчин туссан байна. Харин Элизабет хөлдөлтийн байдалтай байсан гэнэ.
Тухайн өдөр цэлмэг нартай ч оргил дээрх салхины хурд 60 км/цаг давж, мэдрэгдэх хүйтэн -50C хэмээс их зааж байсан юм. Аврах ажиллагаа шуурхай эхэлсэн ч цаг агаарын байдал маш муу байгаа учир аврах ажиллагаанд хүндрэл учраад байсан аж. Томаш 7200м орчим өндөрт байгаа бол Элизабет 6500 орчим метрийн өндөрт байсан юм. Аврагчид маш хурдтай авирч Элизабет Револыг аварч чадсан байна. Харамсалтай нь Польшийн алдарт уулчин Томаш Мацкевич "уулын амьдралынхаа" хүсэл зорилго болсон Нанга Парбат хайрхандаа үүрд үлдэж магадгүй болоод байна. Учир нь цаг агаар маш хүнд байгаа тул аврах ажиллагаа явуулахад хэт эрсдэлтэй байгаа гэжээ. Цаг агаарын байдал долоо хоног үргэлжлэх юм.
Томаш Мацкевич 2010/11 оны өвлөөс хойш нийт 7 өвөл оролдлого хийж, бүх цаг үеийн түүхэн дэх дээд өндрийг 2 удаа шинэчлэн тогтоож, хамгийн бага зардлаар авирч, хамгийн их хөлс хүчийг энэ хайрханд урсгасан, тэвчээр хатуужлын туйл болсон агуу уулчин билээ. Өвлийн улиралд Нанга Парбатад гарах нь түүний амьдралын зорилго байсан гэлтэй. Ууланд салхины хэм 100 км/цаг давж байгаа аж.
Эх сурвалж: Mongol Mountaineering
зочин · 2018/02/04
Amid uldeesei dee. Burhan tuslah baih gej naidii.