Хүүхдийн үсний найранд хүн бүрийг урьдаггүй
2018/01/29
Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөгдөг байжээ.
Найранд урьсан хүмүүс нь балчир хүүхдийнх нь тэргүүнд хүрч унаган сэвлэгийг нь хөндөж, ирээдүйн буян заяаг нь ерөөх хүмүүс учир эцэг эх нь их бэлгэдлийг бодож урьдаг байж. Өөрөөр хэлбэл хэн хамаагүй хүнийг “хүүхдийн сэвлэг үргээх найран”-д уриад байдаггүй байсан ажээ. Харин уриагүй боловч хэргийн учирт санаамсаргүй тохиолдсон хүнийг ерөөлтэй байж хэмээн ихэд бэлгэшээн дээш нь урьж, дайлж цайлаад бэлэг өгч явуулдаг заншилтай.
Ер нь монгол ёсонд балчир хүүхдийн сэвлэгт элдэв хүний гар хүргэхийг сайнд тооцдоггүй байна. Хулгайч, худалч, шуналтай, хэрүүлч элдэв муу хүнийг балчир хүүхдийг тэргүүнд хүргэх нь тухайн хүүхдийн заяанд сайн биш гэж үздэг.
Гэтэл өнөөдөр, “Хүүхдийн үсний найр”-ыг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэлгүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлж байгаа нь буруу юм.
Ok · 2018/01/30
Yg vnen
Zuv · 2018/01/30
Tiim shu