“Hөхөрсөг” хэмээх шар нохой жилд Mонголын төр ард түмэндээ найрсаг байх уу?
2018/02/27
Монгол төрийн гурван өндөрлөг сар шинийн босгон дээр ард түмэндээ хандаж уламжлал ёсоор мэндчилгээ дэвшүүлсэн юм. Төрийн өндөрлөгүүдийн хэлж байгаа үгнээс тухайн жил улс оронд ямар ажил өрнөж, ард түмний амьдралд хэрхэн үр өгөөжөө өгөх вэ гэдэг нь тодорхой уншигддаг.
Тиймээс төр засгийг удирдаж байгаа эрхмүүдийн олон нийтэд хандаж хэлсэн үгийг бид анхааралтай ажигладаг. Ерөнхийлөгч Х.Баттулга товчхон мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр төрийн есөн хөлт цагаан тугны өмнө зогсоод “Ирж буй шороон нохой жилд иргэдийн аж амьдрал өөдлөн дээшлэх сайхан жил болоосой” гэдгийг онцлон хэлсэн.
Иргэдийн амьдрал яаж өөдлөн дээшилдэг вэ гэхээр ердөө л орлоготой болох ёстой. Ард түмэн орлоготой болохын тулд мэдээж ажилтай, ажлын байраар хангагдсан байж таарна. Ерөнхийлөгч сүүлийн үед төмөр зам барина гэдгийг идэвхтэй ярьж байгаа. Тодруулбал, өнгөрсөн онд ОХУ-д айлчилж “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үедээ Таван толгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 километр төмөр замын ажлыг энэ онд эхлүүлнэ гэдгээ хэлсэн. Таван зуун километр төмөр замын ажил өрнөөд эхэлбэл бэлтгэгч, ханган нийлүүлэгчээс эхлээд нэг хэсэг хүн ажилтай болно. “Иргэдийн амьдрал дээшилнэ” хэмээх төрийн тэргүүний үгнээс хамгийн түрүүнд санаанд буусан нь төмөр зам. Олон улсад зарлаж, танилцуулсан ажлаа Ерөнхийлөгч эхэлж таараа.
УИХ-ын дарга М.Энхболд “Улиран одож буй гал тахиа жил Монгол Улс, монгол түмэнд минь үр өгөөж, буян хишгээ хайрласан сайхан жил болж өндөрлөж байна. 2017 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор монголчууд бид гурван сая 200 мянгуулаа болжээ. Эрдэнэт мал сүрэг маань өсөн үржиж 66.2 саяд хүрлээ. Газрын шимийг тэтгэгч тариаланчид маань 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангахад жинтэй хувь нэмэр орууллаа. Бизнес эрхлэгчдийн бүтээлч хөдөлмөрийн үр дүнд барилга, уул уурхай, аж үйлдвэр, үйлчилгээний салбаруудад нааштай, өсөлттэй олон ахиц өөрчлөлт гарлаа. Улсын эдийн засаг өрийн дарамтад туйлдаж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа хумигдсан, ард түмний аж амьдрал доройтон, улсаараа төлбөрийн чадваргүйд тооцогдох хэмжээнд хүрээд байсан хүнд цаг үеийг бид туулан давж чадлаа” хэмээн өнгөрөгч жилийн амжилт ололтоо дурдсан. Олон жилийн дунджаас аваад үзэхэд 300 мянган тонн үр тариа улс орны дотоодын нийт хэрэгцээнд хангалттай гэж үздэг. 200 гаруй мянган тонн төмс, 150 мянган тонн хүнсний ногоо байхад хэрэгцээгээ хангана хэмээн эдийн засагчид тооцоолдог.
Эрхэм спикер хэлсэн үгэндээ Монголын эдийн засгийн өсөлт, төсвийн орлого зэргийг тоо баримттайгаар хэлсэн. “Хасах үзүүлэлттэй байсан эдийн засгийн өсөлт 2017 оны гүйцэтгэлээр 5.1 хувьд хүрч өсөв. Нэгдсэн төсвийн орлого 660.0 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад валютын нөөц 2016 оныхоос 2.3 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум долларт хүрчээ. Улс гэрээ өөд татахын төлөөх төр, засгийн зөв тууштай бодлого, нийт иргэдийн хамтын хүчин чармайлтын үрээр 1.1 тэрбум доллар буюу 2.6 их наяд төгрөгийн өрийг төлж барагдуулснаар өр, зээлийн дарамтаас гарч чадлаа. Ийнхүү дотоодод сэргэлт бий болж, гадаадад улсын маань нэр хүнд өсөж, хөрөнгө оруулагчдын итгэл идэвхжин, зээлжих зэрэглэл нэмэгдэж байна” гээд угтан золгож буй нохой жилд хариуцлага сахилгыг эрхэмлэн, үргүй зардал, үрэлгэн байдлаас бүрмөсөн татгалзаж, зөвшилцөл ойлголцлоор аливаа асуудлыг хамтран шийдэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөл, эргэлт буцалтгүй хөгжлийн суурийг тавьж чадна гэдгийг сануулсан юм. Мөн эвдрэл талцал, ганцаарчилсан тоглолт, дүрэмгүй улстөржилт бидэнд сайныг авч ирэхгүй. Монголоороо нэгэн сэтгэлтэй, Монголоороо нэгэн зүгт харж, бурууд нүд хурц, зөвд итгэл хамт байж чадах аваас та бид гэрэлт сайхан ирээдүйгээ бүтээж болохыг тодотгож хэлсэн.
Тэрээр нохой жилд яг ийм ийм ажлыг хийж, бүтээн байгуулалт ингэж өрнөх болно гэж тодорхой хэлээгүй. Хамгийн гол нь улс төр тогтвортой байж, улс төрд хэн нэгэн ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг айхтар сануулж байна лээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд “Монголчууд бид эдийн засгаа дөрвөн хувиар өсгөж чадлаа. Энэ бол манай улсын эдийн засаг сэргэж эхэлсний бодит нотолгоо юм. Гадаад валютын нөөц нэг жилийн дотор 2,5 дахин нэмэгдэж 3,2 тэрбум доллар боллоо. Монгол Улсын экспорт анх удаа зургаан тэрбум долларт хүрч өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.1 тэрбум долларт хүрлээ. Чингис бондын 500 сая долларын төлбөрийг Засгийн газар цаг хугацаанд нь төллөө. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж манай улсын зээлжих зэрэглэлийг дэлхийн голлох үнэлгээний агентлагууд нэг шат ахиулан, Монгол Улс тогтвортой улс гэсэн ангилалд орлоо. Төсвийн сахилга батыг сайжруулснаар төсвийн алдагдлыг өмнөх жилтэй харьцуулахад хоёр дахин бууруулж, ДНБ-ий есөн хувьд хүргэлээ” хэмээн мөн л өнгөрөгч жилийнхээ амжилтаас дурдсан.
Ерөнхий сайдын үгэнд ард түмний ахуй амьдралтай шууд холбоотой хэд хэдэн зүйл туссан. Тэрээр Монгол Улсаа хүнсний орон болгох, эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах, газрын тосыг дотооддоо боловсруулах, агаар орчны бохирдлыг бууруулах, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл зэрэг гол ажлуудаа эрчимжүүлэх болно гэдгээ хэлсэн. Мөн ард түмнийхээ бодит орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэгээр хангах, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, авто зам, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хэрэгжүүлж, газрын доорх баялгийн иргэдэд оногдох өгөөжийг нэмэгдүүлэх болно” гэдгийг ч ард түмэндээ сар шинийн босгон дээр дуулгалаа.
Улс орноо хүнсний орон болгоно гэдэг бол хөдөө аж ахуйг улам эрчимжүүлнэ гэж ойлгож болно. Мах, сүү, гурил, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн хэрэгцээг ард иргэддээ бүрэн дүүрэн хангана гэсэн үг. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдэх нь гэх хүлээлт нийгэмд бий болж байна. Гэхдээ нарийвчлан аваад үзбэл бас асуудалтай. Учир нь манайд махны хэрэгцээ болоод тариа будааны хувьд асуудалгүй. Хэрэгцээгээ бүрэн хангаад ирсэн. Гол нь газар тариалан эрхэлдэг компани, аж ахуйн нэгжүүд ургацаа тогтмол авах л хэрэгтэй. Хүнсний ногооны хувьд шилэн дарлаганаас аваад жижиг сажиг ажлын байр нэмэгдэж магадгүй гэх горьдлого төрж байна. Засгийн газрын тэргүүн ам бардам хэлсэн бас нэг зүйл нь эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах тухай юм. Монгол Улс өнөөдрийн байдлаар нийт хэрэглэж буй цахилгаан эрчим хүчнийхээ 20 хувийг Орос, Хятадаас авч байгаа. 144 төгрөгийн үнэтэй цахилгааныг 122 төгрөгөөр борлуулж, нэг кВт цаг тутамд 22 төгрөгийн алдагдал хүлээн үндсэндээ Оросод гэхэд жилд 50 тэрбум төгрөгийг цахилгааны алдагдалд төлдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Цахилгаан эрчим хүчээр бусдаас хараат биш болохын тулд мэдээж эрчим хүчний томоохон станцууд байгуулж таарна. Гэвч Монголд үүн шиг бүрхэг асуудал байхгүй. Ерөнхий сайдыг эрчим хүчээ дотооддоо бүрэн хангана гэж мэдэгдсний дараахан Таван толгойн цахилгаан станцыг болино гэдгээ Оюу толгой компаниас албан ёсоор мэдэгдсэн. Таван толгойн цахилгаан станц олон жил яригдаж байгаа том төслийн нэг. Гэтэл бүтэлгүй дуулдаж байна. Дээрээс нь тавдугаар цахилгаан станц гэж үлгэр домог байна. Барих газраа тогтож чадахгүй олон жил болж байж Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Ургах наран” хорооллын Хөлийн голын хөндийд баригдахаар болсон. Английн “Интернэшнл Пауэр Жи Ди Эф Суэз”, Японы “Сожитц”, Солонгосын “Поско энержи” болон Монголын "Ньюком" компанийн хамтарсан консорциум тавдугаар цахилгаан станцыг барих тендерт ялж концессын гэрээ байгуулахаар боллоо гээд хэвлэлээр бичигдэж байсан зэрэг нь үлгэр болж дууссан. Энэ оны эхээр Эрчим хүчний яамны сайдын зөвлөлийн хурлаар тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэж үзсэн. Улаанбаатар хотын ачааллыг тодорхой хэмжээнд хангах станцын хувь заяа хэдэн жил баригдах гэж байгаа юм шиг ард түмнээ хуурч мэхэлсээр дууслаа. Уг нь Налайхын урд талын хөндийд барьчихбал тун тохиромжтой санагддаг юм. Улаанбаатарын дагуул хот тэнд бий болж, Богд уулын урд талаар шинэ шинэ хотхонууд үүсээд маш сайхан дүр зураг харагддаг. Гэвч харамсалтайгаар төгсч байна. Тавдугаар цахилгаан станцыг барих шаардлагагүй гэх мэдээтэй хамт Эгийн голын усан цахилгаан станцын асуудал 30 жилээр хойшилсон тухай дам яриа сонсогдож эхэллээ. Хамгийн боломжтой хоёр том станцын хувь заяа ингээд төгсч байдаг, дээрээс нь Таван толгой больсон гэх дараалсан энэ мэдээллүүд гараад эхлэхээр Ерөнхий сайдын үг нэг л үнэмшилгүй, итгэл төрүүлэхгүй байгаа. Монгол Улс яагаад станцтай болж чаддаггүй юм бэ. Гадаад дотоодын хавчилт, шахалт байдаг бол түүнийгээ төр засгийн зүгээс зоригтой зарлаж, хэвлэл мэдээллээр ярьж, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлмээр байна. Асуудлыг ийм байдлаар хурцаар тавьж, сонин хэвлэлээр дэлхий нийтэд зарлаж, олон улсын дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Монголыг Орос, Хятад хоёр үнэхээр хавчин гадуурхаад байдаг юм бол олон улсын хууль дүрмийн хүрээнд шийдэх учиртай. Дэлхийн том гүрнүүдэд хажуу хавийнхаа улс орнуудыг дээрэлхэхгүй, хяхан хавчихгүй байх дэлхийн хууль дүрэм гэж бий. Ийм үл ойлголцол байдаг бол төр засгийн өндөрлөгүүд зоригтой хэлэх цаг нь болсон.
Ерөнхий сайд яаж эрчим хүчээр улс орноо бүрэн хангана гэдгээ ард түмэндээ тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Сонин хэвлэлээр хийх ажлаа тодорхой ярих хэрэгтэй. Нэг л битүү хатуу, дээгүүр дүүлсэн хүн харагдаад байх юм. Монголынхоо хэвлэлд биш гадны сонинуудад яриа өглөө л гэнэ. Юу ярьдаг юм бол, цаашдаа ямар бүтээн байгуулалт хийх гэж байна гээд сонирхохоор гадны хэвлэлд өгсөн гэх яриа нь хэвлэгдэж гарч ирэхгүй юм. Газрын тосыг дотооддоо боловсруулна гэж Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн мөнгөөр нефтийн үйлдвэр барихаа хэлж байгаа байх. Энэ нь бас зогсчих вий дээ. Хэрвээ нефтийн үйлдвэртэй болчихвол ерөнхий утгаараа ард түмний амьдралд дэм болж магадгүй. Түүнээс сүйдтэй ажлын байр нэмэгдэхгүй. Шатахуунаа тасралтгүй өгч, гадны хавчилганд оролгүй өөрсдөө толгой мэдэж юмаа хийх цаг ирэх байх.
Төв цэвэрлэх байгууламж, авто зам, сургууль, цэцэрлэг барих гээд Ерөнхий сайдын хэлсэн үгэнд гарсан бодит орлого бий болгох ажлууд явагдах биз ээ.
Тэгвэл ард түмний ааш араншин ч засарна. Ажилгүй дээр нь ядуу, хажууд нь баян улсууд яаж амьдарч байгааг хараад монголчууд бухимдаад байгаа. Нэг үгээр хэлбэл, атаархаад нийгэм тэсэрчих гээд байна. Ард түмэндээ та нар ч ажиллаад ингэж баян болж болох юм гэх бололцоог нээж өгөх хэрэгтэй. Ганзагын наймаа буюу нэгээс авч нөгөө рүү зарж ашиг олдог зурвас үе өнгөрсөн. Хөдөлмөр хийж амьдардаг, бүтээсэн зүйлээ зарж бусдын хэрэгцээг хангадаг тийм цаг үе ирээд байна. Монголд юм хийгээд хэрэггүй зах зээл жаахан, хүн ам цөөн гэдэг яриа ч худлаа талдаа орж байгаа. Гурван сая иргэн гэдэг тийм ч бага хүч биш. Дэлхийд цөөхөн хүн амтай асар баян улсууд олон байна. Бүгд хуулиа дээдэлж, хөдөлмөр эрхлэх хэрэгтэй. Энэ бүхний гарцыг төр засаг хангаж өгөх хэрэгтэй. Ард түмнээ хөдөлмөр эрхлүүлэхгүй, ажлын байр бий болгохгүй, зүгээр халамжаар амьдруулна гэвэл Каддафигийн эмгэнэлт хувь заяа ирнэ. Ливийн удирдагч Каддафи улс орныхоо иргэн бүрийн аманд алт доллар хийх нь холгүй халамжилж байсныхаа хүчинд бөгс рүүгээ хутга шаалгуулж үхэхийн муухайгаар үхсэн. Тэгэхээр хүн бүр хөдөлмөр эрхэлж түүнийхээ үр шимийг хүртэн, бүгд эдийн засгийн эрх чөлөөтэй болсны хүчинд улс орон хөгжин дэвждэг хуультай. Энэ үүднээс сар шинийн босгон дээр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн үгийг шинжиж, тоймлон хүргэлээ. Үндсэндээ “нөхөрсөг” хэмээх шар нохой жилд Монголын төр ард түмэндээ хэр найрсаг байж ажилтай, орлоготой болгохыг таамаглалаа.
Эх сурвалж : Өдрийн сонин