АТГ-аас /02.26/ мэдээлэл хийж, оффшор бүсэд данстай эрхмүүд эхнээсээ мэдүүлэг өгч эхэлсэн гэлээ. Одоогоор 17 төрийн албан тушаалтан данстай гэдгээ мэдэгдсэн бөгөөд түүний хоёр нь УИХ-ын гишүүн юм. Одоогоор АТГ-аас хэн гэдэг албан тушаалтан гэдгийг зарлаагүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар оффшор дансаа мэдэгдсэн байж магадгүй юм байна. Мөн Монголбанкны нэр бүхий албан тушаалтан ч эдгээр 17-д багтаж байна. Тэд өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн.

УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр нэг албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдээд байна. Оффшор бүсийг Засгийн газраас тогтоодог. 2017 оны арванхоёрдугаар сарын 6-нд 15 улсыг офшор бүсээр нэмж бүртгэсэн бөгөөд энэ өдрөөс хойш оффшор бүс дэх дансаа мэдүүлэх тоолуур гүйж эхэлсэн.

Тоолуурын цикл ирэх дөрөвдүгээр сарын 6-нд дуусах бөгөөд энэ хугацаанд мэдүүлгээ ирүүлэх ёстой байна. Ямартай ч нууц данстай эрхмүүд оффшор дахь хөрөнгөө мэдүүлээд эхэлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn