Бүтээмжийн үйл ажиллагааны тайланг дүгнэв
2018/03/01
Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн Инновацийн төвөөс цех нэгжүүдийн 2017 оны бүтээмжийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өглөө. Цех нэгжүүдийн бүтээмжийн хөтөлбөрийн тайлангийн эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн бүтээмжийн үйл ажиллагааны түвшин тогтоох үнэлгээ болон 2017 оны хэрэгжилтийн тайланг хэлэлцсэн байна.
Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээмжийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр үндсэн зургаан зорилтыг дэвшүүлэн ажиллажээ. Ажилтнуудын бүтээмжийн үйл ажиллагаан дахь оролцоо, сайн саналын систем дэх санал гаргалт, хэрэгжилтийн түвшин, бүтээмж чанарын дугуйлангийн төсөл, 5 сайн үйлсийн үнэлгээ, дүгнэлт хийж буй ажлын байрны тоог нэмэгдүүлэх, бүтээмжийн үйл ажиллагааны ахисан түвшний 6 сигма арга хэрэгслийг нэвтрүүлэх, бүтээмж чанарын дугуйлангийн системийг бүрдүүлэх зорилтуудын биелэлтэнд Инновацийн төвийнхөн ажлаа чиглүүлж, 50.3 хувийн гүйцэтгэлтэй байгааг тайландаа онцлов.
Тэгвэл бүтээмжийн үйл ажиллагааны хүрээнд нийт 12 ажлыг төлөвлөсөн байна. Төлөвлөгөөт ажлын биелэлт 90 хувийн гүйцэтгэлтэй байгаагаас бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх, бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэх, хяналт тавих, бүтээмжийн менежер, чиглүүлэгч нарт арга зүйн зөвлөгөө өгөх, бүтээмжийн үйл ажиллагааны тэргүүн туршлагыг түгээх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг ажлууд 100 хувь биелжээ. Компанийн хэмжээнд сайн саналын системээр дамжуулан ажилтнуудаас ажил сайжруулахад чиглэгдсэн 3388 санал гаргасны 60,8 хувь нь хэрэгжиж, өнгөрсөн онтой харьцуулахад санал гаргалтын тоо 3,4 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, 2017 онд сайн саналын тоо нэмэгдэж, оролцоо 3,1 хувиар, хэрэгжилт 12,8 хувиар тус тус дээшилсэн байна. Сайн саналын тоогоор Баяжуулах үйлдвэр, Холбоо мэдээлэл, техник автоматжуулалтын цех, Засвар механикийн завод тэргүүлсэн бол хамгийн олон санал төсөл хэрэгжүүлсэн цехээр Баяжуулах үйлдвэр, Чанар хяналтын хэлтэс, Засвар механикийн завод бусдыгаа манлайллаа. Бүтээмж чанарын дугуйлангуудын үйл ажиллагаа ч идэвхжиж, бүтээлч төсөл, жижиг сайжруулалтын ажлын хэрэгжилт 8 хувиар нэмэгдсэнийг тайлангийн хурал онцлов.
Ажилтнуудын бүтээлч санаачилгыг идэвхжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон зөвлөгөөн, уралдааныг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон байна. Сайн саналын системийн 100 манлайлагчийн чуулган, Бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг төсөл шалгаруулах уралдаан, 1000 инженерийн болон Мастеруудын анхдугаар зөвлөгөөн, “Гарааны бизнес ба залуусын боломж” лекц уулзалт зэрэг үйл ажиллагаанд олон ажилтан ажиллагсдыг оролцуулж, бүтээмжийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжих боломжийг бүрдүүлжээ.
Ингэснээр өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн олон хөтөлбөрийн үр дүнд ажлын байрны эрсдлийг бууруулах, өвчлөлтөөс урьдчилан сэргийлэх, ажил хөнгөвчлөх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг дээшлүүлэх, ажилтнуудын бүтээлч хандлага, багаар ажиллах чадвар, сэтгэл ханамж дээшлэх зэрэг эерэг олон өөрчлөлт алхмууд гарсныг мэргэжилтнүүд үнэллээ. Эдийн засгийн үр өгөөжийг тооцвол, бүтээмжийн үйл ажиллагааны урамшуулалд 197,8 сая төгрөг зарцуулж, 1118,3 сая төгрөгийн үр ашиг авчрах нөхцлийг бүрдүүлсэн буюу 1 төгрөг зарцуулж, 5,6 төгрөгийн үр ашгийг бий болгох боломжийг өнгөрсөн оны амжилт авчирсан байна.