Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Намын дарга нарын зүгээс Оюутолгойн гэрээг өөрчлөх тулган шаардах бичгийг УИХ-ын гишүүдэд хүргүүлж байгаагаа энэ үеэр мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын эхэнд Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцуулав.

МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг өр зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг Монгол улсынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа. Оюутолгой ХХК олон мянган ажлын байр бий болгосон гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд ихэвчлэн тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг.
Өнөөдөр УИХ шиг адгийн нэр хүндтэй байгууллага Монголд байхгүй. УИХ Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй. Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй энэ гэрээг цуцлах хэрэгтэй.
Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Оюутолгойн гэрээ цуцлагдвал маш олон авлигын хэрэг илэрнэ. Нэгийгээ хэмлэнэ, барьж иднэ. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү” гэв.

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр “МҮАН Оюутолгойн гэрээг байгуулахаас нь эхлээд төр, засагт санал, санаачлага тавьж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө Оюутолгойг 2.8 тэрбум ам.долларт багтааж байгуулна гэж байсан. Гэтэл энэ нь 4.2 тэрбум болсон. Сүүлд Ч.Сайханбилэгийн Засгийн газар 6 тэрбум ам.доллар болсон. Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгаа. Энэ гэрээ Монгол Улсын эрх ашгийг ноцтой хохироосон гэж МҮАН үзэж байгаа”

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Бидний 600 миллиард ам.долларын баялгийг 400 миллиард ам доллар гэж худлаа хэлж авсан. Бид өөрсдийн баялгаа эзэмшихдээ яагаад зээл аваад яваад байна вэ? Ард иргэд бид хуулиа сайн мэдэхгүй учраас Монгол Улс ингэж муухай хохирч байна”

Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг “Өнөөдөр засгийн эрх барьж байгаа намууд хэн их өр тавьдагаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан энэ олон лицензүүдийг яах вэ? Монголын ард түмэн баялагтаа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгойн гэрээг цуцлах явдал юм” хэмээн өөр өөрдсийн байр суурийг илэрхийлж Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлахыг шаардлаа.

 

ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ 

 

МАН+АН-ын хамтарсан Засгийн газар болон“Рио Тинто”компаний хооронд 2009 онд байгуулсан “Оюу толгойн ХОГ”-нд гарын үсэг зурсан *албан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ нь “Рио Тинто” компани “Оюу толгойн ХОГ” байгуулахтай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж Швейцарийн Прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар Олон улсын Ройтэрс агентлаг мэдээллээ.

Энэхүү ноцтой мэдээлэл нь Монгол Улсыг нөмрөөд байгаа гадаад, дотоодын олигархуудын оролцоотой буй болсон авлигын аварга том мөсөн уулын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд Монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна.

МАН+АН-ын удаа дараагийн хууль бус үйлдлүүд Монголд бус хилийн чанадад илчлэгдэж байгаа нь манай улсад хууль, шүүхийн байгууллага олигархуудаас бүрэн хараат байдалд орсныг дахин нотлон харууллаа гэж Монголын Ногоон Нам, Иргэний Зориг Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам үзэж байна.

Энэхүү ноцтой мэдээлэлтэй холбогдуулан бид юуны түрүүн Монголын ард түмний эрх ашгийг хохироосон “Оюу толгойн ХОГ”-г байгуулах жигшүүрт үйл ажиллагаанд оролцсон, ялангуяа энэ ажиллагааг удирдан даалгавар өгсөн эрх бүхий албан тушаалтнуудыг нэг бүрчлэн шалгах, хариуцлага тооцох ёстой гэж үзэж,холбогдох албан тушаалтнуудад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна.Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Тэргүүн Х.Баттулгад:

“Оюу толгойн ХОГ”-г байгуулахадҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, ҮАБЗ-ийн хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэх;

Улсын Их Хурлын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд:

Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлан Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1. дэх заалтын дагуу Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байна.

Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой зөрчсөн дээрх гэрээг цуцлах бидний шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөгийн УИХ Монголын ард түмний эрх ашгаас урвасан хэмээн үзэж түүнийг тараах тэмцлийгМонголын ард түмэнтэйгээ хамтран хийх болногэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Та бүхэн нэрээ түүхэнд бахархалын, эсхүл хараалын нэр болгон үлдээх сонголтын өмнө тулж ирлээ. Эх орон, өвөг дээдэс, үр хүүхдээ бодон амьдралдаа хамгийн чухал шийдвэрийг нам харгалзалгүй гагцхүү та бүхнийг сонгосон Монголын ард түмний эрх ашгийг дээдэлж, хөх толбот Монгол хүн гэдгээ гүнээ ухамсарлаж эр зоригийг үзүүлэн гаргахыг уриалж байна.