“Мастерын манлайлал” хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалт эхэллээ
2018/04/02
“Эрдэнэт” үйлдвэрийн 17 бүтцийн нэгжийн 1040 ажилтныг хамруулсан байгууллагын соёлын судалгаа 2017 онд хийгдсэн. Үүгээр удирдах ажилтнууд ажилчидтайгаа харилцан ойлголцож, тэдний бүтээлч санаачилгыг дэмжин, ажлын гүйцэтгэл, цаашдын өсөлт, хөгжлийн талаар ярилцаж, итгэл төрүүлж, үлгэр дуурайлал үзүүлэн, хамтран нэг баг болж, үр дүнтэй ажиллах тал дээр илүү чадваржих шаардлагатай гэж уурхайчид дүгнэсэн. Тиймээс үйлдвэрийн анхан шатны удирдах ажилтан болох мастеруудын манлайлах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Мастерын манлайлал” хөтөлбөр компанид хэрэгжиж байна. Тус хөтөлбөрт оролцогчдын сонгон шалгаруулалт энэ сард эхэллээ. Компанийн хэмжээнд 40 мастерыг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулна. “Мастерын манлайлал” хөтөлбөрт оролцогчдын өргөдлийг компанийн дотоод сүлжээний http://172.16.1.2/dcrt/ хаягаар нэвтэрч “Инновации” цэснээс цахим хэлбэрээр татан авах боломжтой. Цаасан хэлбэрээр өргөдөл гаргах бол энэ сарын 6-ны өдрийг хүртэл цехийн хүний нөөцийн мэргэжилтэнд хүлээлгэн өгөх юм. Эхний шат болох өргөдлийн сонгон шалгаруулалтанд тэнцсэн мастерууд энэ сарын 11-13-ны өдрүүдэд хоёр дахь шат болох ярилцлаганд оролцоно.
У.Цэрэнбат