Шийдвэрийнх нь төлөө яллаад байвал хийж бүтээх зоригтон үлдэх үү?
2018/04/04
“Буруу шийдвэр гаргахаас тэгтлээ их айж байвал чи юу ч хийж чадахгүй" гэсэн үг бий. Энэ бол аливаад эрсдэл гаргахгүйгээр амжилтад хүрэхгүй, бас алдаа оноо амсахгүй гэсэн санаа. Түүн шиг албан тушаалтнууд алдахаас, бусдад эс таалагдахаас айж бэргээд, ямар нэгэн эрсдэл үүрэхгүй, урсгалаараа явбал энэ улс орон юу болж хувирах вэ. Мөн алдсан ч бай, оносон ч бай шийдвэр гаргаж, зоримог хөдөлсөн хүмүүсээ яллаад эхэлбэл хийе, бүтээе, хөдөлье, өөрчилье гэх зориг зүрхтэй хүн хэд үлдэх бол?
Бодлого, шийдвэр гаргах нь албан тушаалтны эрх, мөн үүрэг билээ. Харин эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад, авлига авсан бол тухайн албан хаагч эл хууль бус үйлдлийнхээ шийтгэлийг хүлээх ёстой.
Гурван жилийн өмнө Ерөнхий сайдын албыг хашиж байсан Ч.Сайханбилэг алс холын Арабын нэгдсэн Эмират улсад Оюу толгой уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг гацаанаас гаргах гэрээнд гарын үсэг зурсан. “Дубайн гэрээ” хэмээн нэрлэгддэг эл гэрээг өнөөдөр оносон нь бага, алдаа нь их хэмжээнд хэмээн дүгнэж болох ч эрсдэлийг нуруундаа үүрч, зоригтой шийдвэр гаргасных нь төлөө энэхүү гэрээтэй холбоотой хүмүүсийг “яллах” нь зөв алхам мөн үү.
“Дубайн гэрээ”-ний асуудлаас болж ДТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн ням гарагийн шөнө баривчилсан. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр татсан гэх. АТГ-аас эдгээр хүмүүсийг яллагдагчаар татах саналаа даваа гарагт Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан
Эрх бүхий албан тушаалтнууд алдаа, бага гаргах ёстой нь үнэн. Бүр алдахгүй байх хэрэгтэй. Гэлээ ч алдаа бүр туршлага болдог. Харин алдаагаа давтсан нэгнийг “яллаж” болно. Сонгогчдынхоо итгэлийг авч, тэдний өмнөөс шийдвэр гаргаж байгаа болохоор холыг харж, алдаа оноогоо алхам бүртээ дэнслэх нь шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүдийн мөнхийн үүрэг.
Гэвч тэгж чадаагүйдээ, эсвэл хэтэрхий зоримог хөдөлснийх нь төлөө тэднийг “яллах" нь оновчтой юу. Угаас хууль хяналтын байгууллага цагдаж, хорихоос ч өмнө иргэд сонгогчид тэдэнд үнэлгээгээ өгсөн. Гэтэл одоо шороодсон нэгнийг улам нухчин дарж “Буруу шийдвэр гаргасан” гэх шалтгаанаар давхар яллах нь зөв үү, буруу юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй.
Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн удирдлага ирэх зун гүүрэн гарц, гүүр, зам барихтай холбогдуулан иргэдээс автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах асуудлаар санал авч эхэлснийг эрхэм уншигчид санаж байгаа. Гэвч энэ асуудал нийслэлийн иргэд түүнээс эсрэг байр суурьтай байгаа нь “МЕС” компанийн тандалтын судалгаанд оролцогчдын хариултаас тод харагдсан. Тус судалгааны газрынхан өнгөрсөн сарын 27-28-нд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн сонгуулийн насны 1,000 иргэний дунд түүврийн аргаар судалгаа явуулахад оролцогчдын 76 хувь нь авто замын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулж тэгш, сондгойгоор явуулахыг эсэргүүцжээ.
Ийн нийслэлээс санаачилсан нэг ажил цааш хэрэгжихээргүй болж, иргэд гүүрэн гарц, замтай болтлоо түгжрэлд зарцуулах хугацаагаа сунгасан гэлтэй. Энэ бол бодлого гаргагчдын аливаа зүйлийг хийхдээ бусдад таалагдахгүй байх вий, буруу шийдвэр гаргачих вий хэмээн айдаг, түүнээс болж эрсдэл хийдэггүйн ганц жишээ. Уг нь тэд эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргах эрхтэй. Тэднийг шийдвэр гарга хэмээн иргэд сонгож, мөнөөх эрх мэдлийг олгодог.
Өөр нэг жишээ дурдахад, Улаанбаатар хотын Засаг дарга асан Э.Бат-Үүл автомашиныг ажлын нэг өдөр явуулахгүй байх дугаарын хязгаарлалт хийхэд таалахгүй, эсэргүүцсэн хүн олон байсан. Харин өдгөө нийслэлийн иргэд ажлын таван өдөр ээлж ээлжээр 1/5 машин хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн ачаар арай л зам дээрээ "О" зогсолт хийчихгүйнхэн гэлдэрч явна. Гэвч тухайн үед масст таалагдаж, алга ташуулах гэж энэ шийдвэрийг гаргалгүй орхисон бол өнөөдөр бид хэзээ ажилдаа ирж, хэдийд гэрийн бараа харах байсан бол.
Аливаа шийдвэр гаргагчид бүгдэд таалагдах гэж, эсвэл шүүмжлэл, эрсдэлээс эмээж, юу ч хийхгүй байвал улс орны хөгжил урагш ахихгүй.. Энэ асуудлаас болж иргэдийн итгэлээ хүлээлгэн сонгосон улстөрчид, эрх бүхий хүмүүс гаргасан шийдвэрийнхээ төлөө ирээдүйд яллуулж, нэр хүндгүй болохоос айж, юу ч хийхгүй, гараа хумхиад суух вий.
Э.Заяа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сар · 2018/04/04
Хувааж идэж монголд ашиггуй гэрээ хийгээд байх естой болох нээ терийн тушээд монголын телее ажиллах гэж гардаг гэтэл еерсдийгее офшортон болгох гэж гардаг жишиг тогтоох нээ
Зочин · 2018/04/04
Тэгээд ард түмэнд очих мөнгийг цаагуур нь хувааж идээд байх нь зөв юм уу?