“Сандэй плаза”-гийн босс Д.Бат-Өлзий хууль бусаар жилд 550-600 сая төгрөг халаасладаг
2014/01/15
Монголын тэргүүн баячуудтай эн зэрэгцэх болсон Д.Бат-Өлзий захирал 2010 оноос эхэлж нэлээд хэл ам таталсаар байгаа билээ. Тухайлбал түүний удирддаг “Сандэй плаза”-д 870 гаруй түрээслэгч бий. Тэгвэл их хөрөнгийн эзнээр суусан Д.Бат-Өлзий худалдаачдаасаа мөнгө саах нарийн аргатай болсон гэж тус төвийн түрээслэгчид хэлж байна.
Товчхондоо тэрбээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч НӨАТ-аар дарамталж, ашиглалтын зардал нэрээр их хэмжээний мөнгө сааж байжээ. Энэ бүхнээс болж тус худалдааны төвийн түрээслэгчдийн эрх ашиг хохироод байна.
Тодруулбал тус төвийн удирдлагууд 2010 оноос эхлэн өнөөг хүртэл тэднээс “ашиглалтын зардал” авах нэрийдлээр хууль бус аргаар их хэмжээний мөнгө хураадаг байсан нь тогтоогджээ.
Учир нь 2009 онд “Сандэй” групп тус худалдааны төвд өөрсдийн “ашиглалтын алба” гээчийг байгуулж лангуу худалдан авсан наймаачид болон түрээслэгчдээс сар бүр ашиглалтын зардал авах болсон байна.
Өөрөөр хэлбэл “Сандэй плаза” худалдааны төвийн нийт талбайн хэмжээг тухайн сард гарсан зардалдаа хурааж, нэг м.кв талбайд оногдох мөнгийг авсан талбайн хэмжээгээр үржүүлэн авдаг байсан аж. Ингэхдээ лангуу өмчлөн авсан наймаачид төдийгүй түрээслэгчдээсээ тухайн сард хэрэглэсэн бодит зардлаас хол давсан мөнгийг хураан авч, тэдний эрх ашгийг хохироогоод байгаа юм.
Энэ талаар өчигдөр “Сандэй плаза” ТББ-ын тэргүүн З.Мөнгөнхуяг, өмгөөлөгч Ц.Баасандорж, Г.Батбаяр нарын төлөөлөл мэдээлэл хийв. Тэдний тайлбарласнаар өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө яг гарч байсан бодит зардлыг ашиглалтын алба нь хураан авдаг байжээ. Гэтэл тус төвийн удирдлагууд ямар ч үндэслэлгүйгээр уг зардлаа нэмж, 2012 оны арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл м.кв бүрээс 4500 төгрөг авах болсон байна. Түүгээр ч зогсохгүй тус оныхоо хоёрдугаар сарын 1-нээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сар хүртэл тухайн үнээ 5500 төгрөг болгон өсгөжээ.
Бүр тодруулбал “Сандэй плаза” худалдааны төв нийт 16 мянга 382 м.кв талбайтай. Улмаар сард тус төв цахилгаан, дулаан, усны төлбөрт 15.5 сая, урсдаг шатны үйлчилгээний зардалд 630 мянга, ариутгал болон лифтны үйлчилгээний зардалд 1.2 сая, цэвэрлэгээний материалд 1.9, урсгал засварын материалд 3.5, хог хаягдаж зардалд 1.5 сая төгрөг гээд нийт 41.360.559 төгрөг зарцуулдаг аж.
Уг нь дээрх мөнгөн дүнгээс үзэхэд нэг м.кв бүрт 2524 төгрөг болох юм байна. Харамсалтай нь “Сандэй” групп сард нэг түрээслэгчээсээ м.кв бүрт 2000-3000 төгрөг илүү тооцон авч түрээслэгчид болон лангуу худалдан авсан иргэдийг ийнхүү хохироогоод байна. Энэ нь тус төвийн удирдлагууд тэднээс сард 45-50, жилд 550-600 сая төгрөг хууль бусаар хураан авдаг гэсэн үг юм.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбайг аливаа хуулийн этгээд өмчлөх болон худалдах эрхгүй байдаг. Гэтэл “Сандэй групп” ХХК лангуугаа худалдахдаа худалдан авагч нарын явдаг хэсэг болох нийтийн эзэмшилд байх талбайг өмчлөлд шилжүүлэн худалдсан байна. Харин худалдах, худалдан авах гэрээгээ захиалгын гэрээ болгон өөрчлөн “захиалгын гэрээний НӨАТ” гэж анх худалдсан үнэ дээрээ 10 хувийн илүү мөнгө нэмж, улсад төлөх хоёр хувийн татвараа нуун дарагдуулсан, нийтийн бие засах газрыг бусдад худалдсан зэрэг хууль бус олон үйл ажиллагаа явуулж байгаа аж.
З.Мөнгөнхуяг: Нийтийн бие засах газар, урсдаг шатнаас эхлээд олон зүйл шаардлага хангадаггүй
Хурлын үеэр “Сандэй плаза” худалдааны төвийн талбай эзэмшигчдийн холбооны тэргүүн З.Мөнгөнхуягаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
Бид өнөөдөр хохирчихоод байна. Энэ худалдааны төвд ажиллаж байгаа Ашиглалтын алба нь СӨХ-ны статустайгаар мөнгө хурааж авч байгаа. Ингэхдээ хуулийн дагуу бидэнтэй гэрээ байгуулж, хийх гэж буй зүйлээ танилцуулан ажиллах ёстой. Энэ зүйлийг бид гурван жилийн турш шаардсан боловч биелүүлж чадахгүй байна. Биднийг хэлэхээр хөрөнгө, санхүүгүй гэдэг. Гэтэл талбай эзэмшигчдээс жилд 500-600 сая төгрөгийн цэвэр ашиг олж байна шүү дээ.
-Та нарын зүгээс удирдлагууддаа ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Бид тогтмол менежменттэй, худалдаа хийх, худалдан авагчдад үйлчлэх, тэднийг татах орчин нөхцлийг сайжруулж өгөхийг шаардаж байгаа. Өнөөдөр л гэхэд 1-3 давхрын урсдаг шат ажиллахгүй байна. Үүний өмчлөгч гэдэг утгаараа бид л засварлана.
-Яагаад та нар засна гэж?
-Ашиглалтын алба бидэнтэй гэрээ байгуулаагүй. Тиймээс энэ мэт нийтийн эзэмшлийн зүйлд мөнгө зарахгүй нь ойлгомжтой шүү дээ. Уг нь бид сар бүр м.кв тутамд төлж буй 5500 төгрөгийнхөө үр шимийг хүртэх хэрэгтэй биз дээ. Гэтэл хэн, хэрхэн, юунд зарцуулдаг нь тодорхойгүй байдаг. Хуульд захирагдахгүй дураараа авирлаж байгаа эл үйлдлийг таслан зогсоомоор байна.
Ц.Баасандорж: Эсэргүүцсэн түрээслэгчдийнхээ тогийг нь салгах, зодох зэргээр дураараа авирладаг
Дараа нь өмгөөлөгч Ц.Баасандоржтой уулзаж, дараах зүйлийг тодруулав.
-Яг ямар үндэслэлээр “Сандэй плаза” худалдааны төвийн удирдлагуудыг шүүхэд өгөөд байна вэ?
-Бид дөрвөн асуудал тавьж байгаа. Нэгдүгээрт лангуу өмчлөгчдөд нийтийн эзэмшлийн талбай болох илүү талбайг зарсан. Мөн зарим лангууг зарахдаа м.кв-ийг нь дутуу бодсон байна. Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь түрээслэгчид ашиглалтын гэрээндээ гарсан бодит зардлыг авна гэж заачихсан байгаа. Гэтэл м.кв тутмаас 5500 төгрөг авч байгаа нь хууль бус үйлдэл юм. Ингээд бодохоор сард 40-50 сая төгрөг зүгээр нэг хүний халаас руу орж байгаа нь харагдаж байна.
-Хэрэг ямар шатандаа явж байна?
-Хуучнаар Чингэлтэй дүүргийн шүүх одоогийн Иргэний хэргийн I шүүхэд гомдол гаргасан. Улмаар шүүх хурал товлогдоод явж байна. Одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гараагүй.
-“Сандэй плаза” худалдааны төвийн удирдлагуудын зүгээс ямар нэгэн тайлбар өгч байх юм уу?
-Бид удирдлагуудтай нь уулзаж учраа хэлсэн ч бүх зүйл хуулийн дагуу явагдаж байгаа гэхээс өөр зүйл хэлээгүй.
-Тэр хууль бус аргаар хурааж авч байгаа мөнгийг нь өгөөгүй тохиолдолд ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байх юм уу?
-Тийм. Эсэргүүцсэн түрээслэгчдийнхээ тогийг нь салгах зэргээр дураараа авирладаг. Тэр ч бүү хэл зарим түрээслэгчдийг зодож, дарамталсан тохиолдол хүртэл гаргасан.
-Тэгэхээр иймэрхүү аргаар мөнгө олоод 2-3 жил болчихсон гэж ойлгож болох уу?
-Яг тийм.
Б.Төрбат