Төрийн албан тушаалтны авлига авсан, нэхсэн, хүнд суртал гаргасан мэдээллийг иргэдээс авна
2018/04/16
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргасан. Уг зарлигийг ажил хэрэг болгоход тус Олон нийтийн зөвлөл дэмжлэг болж ажиллана гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Авилга, хээл хахуулийн хор уршиг, хохирол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд хүрснийг онцлон Авлигыг таслан зогсоох Үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, авлигатай тэмцэх үйлсэд бүх нийтээр онцгой анхаарч, нягт нэгдэн ажиллахыг ард иргэддээ уриалаад өнөөдрөөс эхлэн төрийн байгууллагын албан тушаалтан иргэнээс авлига авсан, нэхсэн, мөн хүнд суртал гаргасан бол энэ чиглэлийн мэдээллийг иргэдээс авна гэж тус олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан мэдээлэв.
Гэхдээ Авлигыг таслан зогсоохын төлөөх ард иргэдийн "Индэр"-ийг улс төрийн зорилгоор юм уу, өш хонзонгийн атгаг санаанд ашиглуулж, олон нийтийн зөвлөл мэдээлэл авахгүй гэлээ. Тиймээс авлигатай тэмцэхийн тулд авлига авч байгаа албан тушаалтан, дур зоргоороо авирлан хууль зөрчиж байгаа, дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийг илчлэх, мэдээлэх, гэрчлэх сайн дурын бүлэг, бүлгэм байгуулан Олон нийтийн зөвлөлд бүртгүүлж хамтран ажиллахыг ч санал болгов. Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх анхны алхмаа АТГ-т байгаа Олон нийтийн зөвлөлийн өрөөнд байрлуулсан камераа хураан авах шаардлага хүргүүлэхээс эхэлнэ гэж бас ярилаа. АТГ, Цагдаа, мөрдөн, ТЕГ-ын гэрч, хохирогчийг хамгаалах тусгай нэгжүүдийн мэдээллийг 62-26289, 99256920,99055097,95110118 утсаар холбоо барихыг Олон нийтийн зөвлөлийнхөн санал болгож байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
АРД · 2018/04/16
АВСАН. ӨГСӨН 2-УУЛАА ШИЙТГЭЛ ХҮЛЭЭХ УЧРААС МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ТЭНЭГ ОЛДОХГҮЙ. БААСАН АВГАЙ МИНЬ, ХЭН ӨӨРИЙГӨӨ ШОРОНД ХИЙХ ВЭ ДЭЭ.