Замын сангаас авто замын салбарт нийт 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна



Манай улс гадаадын зээл тусламжийн дэд бүтэц авто замын салбарт  энэ онд 1.1 их наяд төгрөгөөр 126 төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Тухайлбал, Гачууртын уулзвараас, Налайх, Чойрын уулзвар хүртэл 20.9 км зам барих төсөл, нийслэлд авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр Энхтайвны өргөн чөлөөний дагуу тусгай замын зорчих тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн.

Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлд Нарны зам дагуу долоон байршил төмөр замын доогуур долоон нүхэн гарц хийх, Сонсголонгийн 289.4 метр бетон гүүр барих, Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах хүрээнд авто замын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар манай улсын хатуу хучилттай замын насжилтыг уртасгах, хөдөлгөөний аюулгүй, байнгын бэлэн байдлыг хангахын тулд жилд дунджаар 100 тэрбумаас доошгүй хөрөнгийг замын арчлалт, засварын ажилд зориулах шаардлагатай гэж тооцсон байдаг. Энэ оны улсын төсөвт олон улсын болон улсын чанартай авто зам гүүрийн зөвхөн арчлалт, урсгал засварын ажилд 55 тэрбум төгрөг тооцон хүргүүлсэн боловч 20 тэрбум төгрөгийг  баталсан байна. Өөрөөр хэлбэл, ирэх онд ч бид чанар муутай баригдсанаас болж эвдрэлд орсон асфальтан замаараа зорчсоор байна гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд энэ онд хийж барих автозамын байгууламжийг гаргасан байна. Ингэхэд Хайлаастын уулзвараас зүүн тийш Дарь-Эх хүртэл Сэлбэ гол дагуу 6.3 тэрбум төгрөгийн өртөгтэй зам тавихаар төлөвлөсөн байна. Хайлаастын уулзвараас эхэлсэн энэхүү шинэ чиглэл цааш Шархад хүртэл үргэлжлэх бөгөөд тэндээс урагш чиглэж, Богд уулын арын замтай нийлсэхээр зураг төсөл гаргасан. Энэ онд нийслэлийн замын сангаас авто замын салбарт нийт 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Үүний ихэнх хэсгийг шинээр барих тойруугийн бүтээн байгуулалтад зарцуулах гэнэ. Харин нийслэлийн төсвөөс 800 саяыг, орон нутгийн хөгжлийн сангаас 966.5 сая төгрөг гаргахаар болсон байна. Харин БНХАУ-ын хөнгө¬лөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод дөрвөн томоохон төсөл хэрэгжиж байна.Яармагийн шинэ гүүр барих, хуучныг нь засах төсөлд 30.26 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Мөн Дугуйн зам хөтөлбөрийн хүрээнд 300 сая төгрөгөөр 10.4 км дугуйн барихаар болжээ. Сургууль орчмын замын аюулгүй байдлыг сайжруулахад үлдсэн 500 сая төгрөгийг төсөвлөсөн байна. Хот доторх замын засварт 3.8 тэрбум, орон сууц, гэр хорооллын доторхи зам засварт тус бүр 2.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байдаг. Мөн энэ онд Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын барилгын ажлыг эхлүүлэхээр болсон. Замын салбар цаг ямагт бидний анхаарах асуудал байсаар ирсэн. Бид 2009 онд 2.4 км автозамтай байсан бол өдгөө сайжруулсан автозамын урт 10 гаруй км байгаа юм. Монголд тавьж буй замыг голдуу асфальтаар  хучдаг. Асфальтан хучилттай замын хамгийн гол орц нь битум буюу нефтийн шаар. Битум  ус чийг нэвчүүлдэггүй учраас авто замын бүтээн байгуулалтад өргөнөөр ашигладаг аж. Өнөөгийн байдлаар манай улс битумын хэрэглээгээ ОХУ-аас хангадаг. Манайхан  өөрийн орны эрс тэс уур амьсгалд тохирсон битум гаргаж авч чадаагүй байгаа.  Гол төлөв БАНД 90/130, БНД 130/200 маркийн битумыг ОХУ-аас импортолдог. Хөгжсөн оронд тухайн зам байрлах бүс нутаг, газар орчны уур амьсгалаас хамаарч битумаа сонгодог жишиг хэдийнэ тогтжээ. Монгол зундаа 30 хэм хүртэл халж, өвөлдөө  хасах 40 хэм хүйтэрч байгаа бол түүнд зохицсон битум авна гэсэн үг. Тиймээс битум дээр нэмэлт орц хийж, орчинд нь зохицуулах ёстой аж. Жишээ нь, өвөл их хүйтэрдэг бол тусгай бодис нэмээд маш сайн сунадаг болгож байхад зун нь их халдаг газарт мөн л тусгай бодисоор илүү нягтаршуулах ёстой юм байна. 

Асфальтыг бетоноор солих бүрэн боломжтой

Замын арчлалт, засварын асуудал хүмүүсийн шүүмжлэлийг хамгийн их хүлээдэг. Нэг зам тавихад удалгүй эвдрэлд ордог, түүнийгээ дахин засах гэж дахин мөнгө зарцуулдаг. Эвдрэлд орсон зам осол аваар гарах шалтгаан болдог. Түүнийгээ  засах гэж мөнгө зарцуулснаар эдийн засгийн хувьд хохиролтой байдаг. Ингэхийн оронд зам тавихдаа асфальт биш бетон ашиглахыг судлаачид санал болгодог. Ингэснээр эдэлгээ удаан, эдийн засгийн хувьд ашигтай. Мөн байгаль орчин ээлтэй. Тухайлбал, асфальт эвдрэл ихтэй, засвар үйлчилгээ их хийгддэг өртөг өндөр,температурын нөлөөгөөр агшиж, тэлэх зэргээр байнга гэмтэж эвдэрдэг. Бензол түүний төрлийн нэгдэл ихээр агуулдаг тул хорт хавдар үүсгэх магадлал ихтэй. Хар өнгөтэй байдаг тул нарны тусгалыг илүү ихээр шингээж халуун ялгаруулдаг. Харин бетон эвдрэл бага, манай улсын цаг агаарын байдалд илүү тохирсон. эдэлгээ урт, элэгдэл багатай. Гадаргын тектоник хөдөлгөөн, хүнд даацад эвдрэлгүй, цайвар өнгөтэй тул нарны тусгал бага тул хэт халахгүй давуу талтай. Мөн асфальт зам нь 20 жилийн настай гэдэгч манайд гурван жил тэссэн нь цөөн юм.Ингэснээр жил бүр засвар хийж урсгал зардал гаргаж, эдийн засагт хүндрэл учруулдаг.  Харин цемент бетон замыг багадаа 40 жил ашигладгийг судалгаанд үндэслэн эрдэмтэд тайлбарладаг. Манай улсын хүн амын дийлэнх нь нийслэл хотод төвлөрсөн тул хатуу хучилттай авто замын сүлжээ нь нийт хүн амын 60 хувьд хүртээмжтэй ба ДНБ-ний 70 хувьд хамрагддаг гэж үздэг. Авто замын сүлжээний ихэнх хэсгийг байгалийн хөрсөн зам бүрдүүлдэг гэдгийг Азийн банкны судалгаагаар гаргасан байдаг. Дэлхий дахинд цемент бетон технологийг голдуу ашигладаг. Манайх шиг уур амьсгалтай, өвөлд нь замын ажил хийгддэггүй газар бетон зам тохирохыг судалгааны төвшинд ярьдаг. Манай улс цемент чулууны карьер сайтай учраас энэ нь хямд ч тусах аж.  Ер нь бетоны эдэлгээ урттайг нотлох жишээ манай улсад цөөнгүй. Тухайлбал, Нарны гүүрийг  100 жилийн настай гэдэг. Сонсголонгийн 5.5 километр даацын замыг ХБНГУ-ын “Wirtgen” группийн “SP 500”, АНУ-ын “Gomaco” брэндийн бетон дэвсэгч ашиглан үндэсний үйлдвэрийн цемент, арматур ашиглан шинэ технологиор тавьсан байдаг. Ингэхдээ нийт өртгийн 70 гаруй хувийг цементээр хийж дотооддын цемент үйлдвэрлэгчидээ дэмжсэн байдаг. Энэхүү “Монос”-ын уулзвараас Нисэх, Яармагийн уулзвар хүртэл 5.5 километр замын хучилтыг  26 сантиметр, цементээр бэхжүүлсэн суурь, доод үе нь тус тус 15 сантиметр бөгөөд нийтдээ 54 сантиметр зузаантай цогц байгууламжийг монгол хүн, монгол цементээр бүтээсэн юм. Энэ мэт сайн жишээ бий. Мөн манайх асфальт замын гол материал болох битум худалдаж авахаар  олон тэрбумыг гадагшаа урсгаар байдаг. Гэвч одоо манай манай цементийн салбар өсч өндийн цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чадахаар болсон. Зөвхөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг асфельтан хучилтаар барьж байгуулахад 30 орчим сая долларын битум ашиглах тооцоо гарсан. Тиймээс уг замыг бетоноор цутгахаар болсон. Ингэхээр автозамаа цемент бетоноор хийвэл арчлалт, засварлалтын олон тэрбумыг хэмнэх юм. Өнөөдөр манай улсад “Монцемент” “Хөтөл” зэрэг өндөр хүчин чадал бүхий цементийн үйлдвэрүүд байна. Мөн Хятадын хөрөнгө оруулалттай цементний үйлдвэрүүд ч байгуулагдсан. Манай улс одоогоор жилд 6.9 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Тооцооллоор ирэх 2020 онд 2.3 сая тонн цементээр 3800 км зам барих боломжтой гаргасан байдаг. Ингэхээр асфальтан замыг бетоноор солих бүрэн боломж бидэнд бий гэдгийг харуулж байна. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин