Шүлхийг дарж чаддаггүй жинхэнэ шалтгааныг олох юмсан гэж хэвлэлүүд олонтаа бичиж байсан удаатай. Яагаад дарж чадахгүй байгаа шалтгааныг нь мэргэжлийн хүмүүс ч таилбарлаж хэлэхгүй байсаар дулааны улиралтай золгож шүлхий гэх "шүдний өвчин"-ийг бид мартах болсон билээ.

Ямартай ч одоогоор гурван аймгийн таван сумаас хоёр нь хорио цээрийн дэглэмтэй байгаа тухайг өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл бидний олж мэдсэнээр ОБЕГ-ын удирдлагууд өнгөрсөн зун дэглэм тогтоогоод байсан шүлхийтэй бүс болох  Дорнод, Сүхбаатар аймгаас нөөцийн өвсийг их хэмжээгээр татаж, эрүүл бүс рүү зөөснөөс болж ийнхүү 13 аймгийн 43 сумдад шүлхий өвчин гарах шалтгаан болсон ажээ.

Уг нь тухайн үед Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ОБЕГ-ын удирдлагуудын эл нөөцийн өвс таталтыг болиулж өгөхийг холбогдох яам агөнтлагийн сайд дарга нараас олонтаа хүсэж албан бичиг явуулж байсан ч тусыг эс олсноор өвөлтэй золгосон. Шүлхий газар авсан нь шалтгаан ердөө л энэ ажээ.

Уг нь шүлхий нь олон улсын мал амьтны халдварт өвчний “А" ангилалд багтдаг бөгөөд маш богино хугацаанд олон төрлийн мал, амьтан хамарч сум, аймаг битгий хэл улс, тивийг дамжин тархах аюултай төдийгүй эдийн засгийн их хэмжээний хохирол учруулдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин. Гэтэл ОБЕГ-ын дарга, удирдлагууд шүлхий өвчний голомттой бүсээс яагаад нөөцийн өвс татсан бэ гэдэг нь асуултын тэмдэг болон үлдэж байна.

Ямартай ч тэдний хийсэн эл үйлдлээс болж Засгийн газар 13 аймгийн 43 сумдад 10 тэрбум төгрөгийг үйл ажиллагаа, нөхөн олговорын зардал хэмээн урьдчилсан байдлаар олгосон байна. Хэрвээ холбогдох албаныхан хийгээд ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Т.Бадрал шүлхийтэй хоёр аймгаас нөөцийн өвс татаагүй бол магадгүй дээрх аймгуудад шүлхий өвчин шил шилээ даган гарах байсан уу. Тэгвэл том толгойтой ОБЕГ-ын удирдлагуудын энэ мэт үйлдлийн хариуцлагыг яагаад ярихгүй өнгөрнө вэ. Тэдний энэхүү хайхрамжгүй үйлдлээс болж олон малчин малаа гоц халдварт өвчинд “өргөл” болгон барьчихсан байгаа.

Угтаа Улсын онцгой комиссын орлогч даргын албан тушаалыг хашиж буй Т.Бадрал дарга энэ асуудлыг Засгийн газарт оруулж, хорио цээрийн дэглэмийг чангатгуулах ёстой байсан. Гэтэл тэрбээр мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар Засгийн газарт оруулаагүйгээс болж ийнхүү 10 тэрбум төгрөг салхинд хийсчээ. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа 2017 оны наймдугаар сард шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоо гэсэн 02 тогтоолыг гаргаж байсан ч тэрбээр бас л биелүүлээгүй аж.

Дашрамд дурдахад, манай сонины сурвалжлах баг болон бичигч би бээр шүлхийтэй аймагт сурвалжлага хийх хүсэлтэй байгаагаа ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулед албан болон албан бусаар олонтаа гаргаж байсан ч хүсэлтийг минь хүлээж авдаггүй байсныг хэлэх нь зүйтэй байх. Хэрвээ тухайн үед дэд сайдтан редакцийн хүсэлтийг хүлээн авсан бол магадгүй энэ асуудал олон нийт хийгээд Засгийн газрын чихэнд хүрч бага дээр нь ч болтугай дарах боломж байсныг үгүйсгэхгүй.

Эцэст нь хэлэхэд, Монгол хүний эрүүл аж төрөх байдал малаас шууд хамааралтай. Мал нь эрүүл байвал хүн ам эрүүл байна гэдгийг дээрх нэр бүхий эрхмүүд биднээр хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.

Бид дараагийн дугаартаа нөөцийн өвсөөр бизнес хийдэг эрхмүүдийн тухай мэдээллийг хүргэх болно.

Өглөөний сонин
Р.Саруул