Яармаг дахь төрөх эмнэлгийн барилга дахин царцах уу?
2018/05/31
Одоогоос найман жилийн өмнө буюу 2009 онд барилга барих шийдвэр нь гарсан Хан-Уул дүүргийн 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажил баригдаж дуусах уу, балгас болох уу гэдэг нь өнөөдөр бүрхэг хэвээр байна. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл барилгын ажлын явцтай танилцахаар газар дээр нь очсон юм.
Хан-Уул дүүрэгт барьж буй тус эмнэлгийг анх 2009 онд барих шийдвэр гарахад Засгийн газар “Нийслэл өргөө” компани, “Пума консерциум”-тай гэрээ байгуулж 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөс өгсөн байдаг. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноос 2013 онд барилгын ажлыг түр зогсоожээ. Өнөөдөр барилгын ажлыг урагшлуулахын тулд дахин хөрөнгө төсөвлөх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанийнхан хэлж байсан юм.
Д.Сарангэрэл: ЭМЯ-НЫ ЗҮГЭЭС НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж, хаана ямар гарц гаргалгаа байгааг Д.Сарангэрэл сайд хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “ Анхны төсөвт өртөг нь 18.9 тэрбум. Та бүхэн 25 тэрбум төгрөг дээр 34 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зарим нэг асуудлаар Эрүүл мэндийн яамтай, нөгөө талаараа Үндэсний хөгжлийн газартай гэрээ хэлэлцээ хийх зэргээр ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн байна. Эрүүл мэндийн яамны зүгээс нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийг зургадугаар сарын 1-нээс ярина. Хэрэв үүнээс хоцорвол энэ ондоо багтаан ашиглалтад оруулна гэдэг мөрөөдөл болж хоцорно. Бид урьдчилан тооцож, ярьж хийх ёстой. Тиймээс харилцан хамааралтай бүх талаар хамтарч хуралдаад, асуудлаа шийдвэрлэе” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Харин өнгөрсөн онд Засгийн газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессийн гэрээ байгуулж 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр “зураг төсөл боловсруулах, барих шилжүүлэхээр болж өнгөрсөн намраас барилгын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 34 хувийн гүйцэтгэлтэй байсан барилгыг 55 хувийн гүйцэтгэлтэй болгож, барилгын дүүргэлт, дээврийн ажлыг дуусгаж, дотор болон гадна шугам сүлжээ, гадна талбай, хаалга цонхны ажил үргэлжилж байгааг мэдээллээ. Харин үүнд анх зурагдсан стандартыг өнөөдрийнхтэй нийцүүлэх, түүнд шаардлагатай төсөвт тусгагдаагүй ажлыг хэрхэх нь тодорхойгүй асуудал үүссэн талаар “Томо бюлдинг” компанийн захирал Ч.Отгонбаяр хэлсэн юм.
ХАМТРАГЧ ТАЛУУД ХУРАЛДАЖ, АСУУДЛАА ШИЙДНЭ
Хэрэв гадна шугам сүлжээ, цахилгаан эх үүсвэрийг татах, талбайн тохижилт концесст тусгаагүй ажил, өнөөгийн стандартад нийцсэн эмнэлгийн зарим өрөөний зураг өөрчлөх, зураг гүйцэтгэгч компаниудын авлагын төлбөр тооцоо нь шийдэгдвэл энэ ондоо гаднах ажлаа багтаан дуусгаж, ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөө байгаа юм байна. Тиймээс ойрын хугацаанд Эрүүл мэндийн яам, Үндэсний хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв, анх зураг төслийн ажлыг гүйцэтгэгч талууд, “Томо бюлдинг” компани өөрөө, мөн шугам сүлжээ, цахилгааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд хамааралтай ТОСК, Эрчим хүчний яам зэрэг холбогдох газар хамтран хуралдаж асуудлаа шийдвэрлэхээр тогтов.
Б.Туул
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин