Өнөөдөр "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"
2018/06/01
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 1992 онд төрийн зүгээс зургадугаар сарын 01-нийг Эх үрсийн баяр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн юм.
Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 66 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс ч өнөөдөр мянга мянган эхчүүд "Алдарт эх"-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулах юм. НЗДТГ-аас өнөөдөр “Монгол хүүхдүүд” баярын үйл ажиллагааг 09.00 цагаас 17.00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээний хүрээнд Нийслэлийн урлагийн их наадмын шилдэг оролцогчид, Олон улсын Бяцхан миссийн уралдааны шагналтнуудын тоглолт болон Цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн үзүүлэх тоглолт зэрэг олон урлаг соёлын арга хэмжээ болохоос гадна бичил амьтны хүрээлэн ажиллах юм.