А.Болормаа: Д.Отгонбаяр ахын отгон бүтээлийг дуулсан нь хамгийн том шагнал боллоо
2018/06/05
"Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаатай ярилцлаа.Тэрбээр 100 гаруй авьяастнаас шилдэг хоёр оролцогчийн нэгээр тунаж үлдэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын зөвхөн өөрт нь зориулан бүтээсэн дууг үзэгчдэдээ хүргэсэн билээ.
"Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчдын нэг болсонд баяр хүргэе. "Гараа сайн бол бариа сайн" гэдэг. Анхнаасаа тууштай оролцсон байдал тань үүнд нөлөөлсөн байх?
-Баярлалаа. "Монголын үнэн" сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд өдийг хүртэл уралдаан тэмцээнд оролцох нэг их сонирхолгүй байсан. Харин "Voice of Mongolia" шоу миний хувьд анхны тэмцээн боллоо. Хүн аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо ялахын төлөө л бүхий л хүч чадлаа дайчилдаг. Тиймдээ, ч би өдий болтол тууштай, хариуцлагатай, хүчтэй байх гэж хичээсэн.
-Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Отгонбаярын багийн гишүүн болсноороо та олон зүйл сурсан байх. Энэ хүний багт орсон нь зөв сонголт болсон гэж бодож байна уу?
-Тиймээ. Д.Отгонбаяр шүүгчээсээ маш их зүйл сурсан. Сүүлийн шалгаруулалт хүртлээ зөвхөн шүүгчийнхээ заавар зөвлөгөөгөөр явж, өөрийгөө шинээр нээж чадлаа. Энэ утгаараа Д.Отгонбаяр ахын багийн гишүүн болсондоо, энэ хүнтэй хамтран ажилласандаа маш их баяртай байгаа. Тийм ч учраас сүүлийн шалгаруулалт хүртэл явсан байх.
-Таны дуу хоолойны өнгө дахин давтагдашгүй өвөрмөц.Тиймээс ч шалгаруулалтад өөрт тохирсон уран бүтээлүүдээ сонгож байсан. Харин хамгийн сүүлд дуулсан дуу таны амжилтад нөлөөлчихөв үү?
-Д.Отгонбаяр ах Монголын бүх цаг үеийн хит уран бүтээлүүдийг зохиосон мундаг хүн. Хэдий цаг бага байсан ч зөвхөн надад зориулж хүн болгонд нэгийг бодуулах гайхалтай уран бүтээлийг зохиож өгсөн. Энэ мундаг хүний отгон уран бүтээлийг тэр сайхан тайзан дээр дуулсандаа маш их баяртай байгаа. Энэ бол хэн хүнд олдоод байх боломж биш. Тэр боломжийн эзэн болсон нь миний хувьд хамгийн том шагнал.
-Бусад оролцогчийг бодоход та мэргэжпийн дуучин байсан учир шүүгч төдийгүй үзэгчид танд өндөр шаардлага тавьж байсан.Энэ нь нэг талаараа танд дарамт болж байв уу?
-Тийм ээ. Дарамт гэхээсээ илүүтэйгээр хариуцлага нэмэгдэж байлаа. Тэр хэрээр өөрийгөө их дайчилсан. Энэ нь ч амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.
-Одоо эргээд бодоход засч залруулмаар зүйл байсан уу?
-Тийм зүйл огтхон ч байхгүй ээ. Шоунд оролцсон цаг мөч бүр маань миний амьдралд дахин давтагдашгүй гайхалтай дурсамжийн нэг боллоо.
-"Дуун жигүүртэй сурагч нас" нэртэй тоглолтоо хийж байсан таны багын мөрөөдөл одоо хүртэл хэвээрээ юү?
-Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангид байхдаа "Дуун жигүүртэй сурагч нас" тайлан тоглолтоо Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт хийж байсан. Мэдээж одоо ч багын маань мөрөөдөл хэвээрээ байлгүй яахав. Шоунд оролцсоноор уран бүтээл туурвих маш их эрч хүч авлаа. Нэг ёсондоо цаашдаа уран бүтээл хийхэд "ташуур" боллоо гэж бодож байна.
-Таны гэр бүлд урлагийн хүн байдаггүй гэж сонссон.Тийм байхад та яагаад дуучин болох замыг сонгосон юм бэ?
-"Дуун жигүүртэй сурагч нас" тайлан тоглолтоо нас" тайлан тоглолтод Монгол Улсын Ардын жүжигчин Г.Хайдав гуай, бас тэр үеийн УИХ-ын гишүүн гээд нэг хүн ирж байсан юм. Одоо нэрийг нь сайн санадаггүй ээ /инээв/. Тоглолтоо хийгээд дууссаны дараа тухайн үеийн Соёлын дээд сургуульд шалгалтгүйгээр суралцах эрхийн бичгээр шагнуулсан юм. Тэгээд өөрөө ч дуулах сонирхолтой, монгол хэл, математиктаа нэг их дуртай биш байсан болохоор дуу хөгжим заах арга зүйч багшийн мэргэжлээр урилгынхаа дагуу нэг жил сурсан. Ер нь тэр цагаас хойш л дуучин болъё гэж шийдээд СУИС-д шалгалт өгч тэнцсэн дээ.
-Уг нь та дуурийн дуучин болох байсан байх. Гэтэл эстрадын дуучин болсон нь цаанаа шалтгаантай байв уу?
-Ардын жүжигчин Г.Хайдав багш надад өөрийнхөө шавь болох санал тавьж байсан юм. Гэвч би дуурийн дуулаач болох нэг их сонирхолгүй байсан учир очоогүй. Тиймдээ ч СУИС-ийн эстрадын дуучны ангид шалгалт өгч тэнцсэн.
-Энэ удаагийн шоунд оролцсоноор магадгүй өөрийгөө шинээр таньж мэдэн цаашид уран бутээл туурвих урам зориг авсан байх. Эхний алхмаа төлөвлөсөн үү?
-Мэдээж маш их урам зориг авсан. Одоо хамгийн түрүүнд Д.Отгонбаяр ахтайгаа хамтарсан уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байна.
-Ээж тань таныг бага байхад дууны тэмцээнд оролцохыг зөвлөдөг байсан гэсэн. Магадгүй энэ удаагийн шоунд оролцохыг ээж тань зөвлөсөн байх?
-Үгүй ээ, энэ удаад ах маань зөвлөсөн. Ахынхаа зөвлөгөөг дагасан нь зөв болсон гэж бодож байна.
-Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин болсон түүхээсээ сонирхуулна уу?
-Ээж маань намайг Цэргийн ансамбльд орохыг зөвлөсөн. Энд ороход маш олон шалгуурыг давдаг, ер нь л их өндөр босготой газар. Тэр бүхнийг давж өөрийн хүсэл мөрөөдөл болсон ажлыг хийж байгаадаа маш их баярладаг.
-Дуучин болоход хамгийн их нөлөөлсөн хүн хэн байв?
-Нэг их нөлөөлсөн хүн байхгүй ээ. Өөрийнхөө хүсэл сонирхлыг дагасан нь намайг өнөөдрийн амжилтад хүргэсэн.
-Чөлөөт цаг гарахаараа охинтойгоо цагийг өнгөрүүлдэг үү?
-Тэгэлгүй яахав. Шоунд оролцсоноос хойш охиндоо төдийлөн цаг гаргаж чадахгүй байсан. Одоо бол ээж охин хоёр эрхэлж өгч байна даа.
-Энэ орчлонгоос авсан хамгийн том бэлгийг нэрлэвэл?
-Хайртай ганц үр минь байна.
-Ярилцлагаа таны зорилгын талаар асууж өндөрлөе гэж бодлоо?
-Намайг дэмжсэн маш олон хүн байсан учраас юуны түрүүнд тэднийхээ итгэлийг алдалгүй, хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшихоор гайхалтай уран бүтээлийг хийх дүүрэн хүсэл зорилгоор жигүүрлэж байна даа.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
duuriim · 2018/06/05
Uneheer saihan duuldag duuchin baisan. Amjilt buteel, hamgiin sain saihan bugdiig husen eruue.
duuriim · 2018/06/05
Uneheer saihan duuldag duuchin baisan. Amjilt buteel, hamgiin sain saihan bugdiig husen eruue.
Хүннү · 2018/06/05
Болороог их дэмжиж байсан нэг тэмцээнд 10 мж явуулдаг байлаа. Хамгийн гол нь ийм мундаг дуучин байдаг гэдгийг л мэдэж авсан шүү. Чамд амжилт хүсэе.
Гантөр · 2018/06/05
Үгүй дээ буруу дуу сонгосон. Уг нь чи доош ноттой лиггато-баялаг холимог размер маягийн блюз дуулсан бол ....