Ирэх оны техникийн шинэчлэлийн бичиг баримтыг боловсруулж байна
2018/06/18
Эрдэнэт үйлдвэрийн Техникийн хэлтсийн хамт олон компанийн 2019 оны техникийн шинэчлэлийн бичиг баримтыг эрт боловсруулан батлуулж, худалдан авалтыг цаг хугацаанд нь хийхэд анхааран ажиллаж байна. Компанийн энэ оны бизнес төлөвлөгөө хоёрдугаар сарын сүүлээр ТУЗ-ийн хурлаар батлагдсанаас худалдан авалт хожуу эхэлсэн. Үүнээс шалтгаалан оны эхний таван сарын байдлаар үндсэн хөрөнгийн худалдан авалт 10 хувьтай явна. Харин эргэлтийн хөрөнгийн худалдан авалт “их зогсолт”-той холбоотой 50 гаруй хувьтай байна. Хуучирч элэгдсэнийг шинээр солих үндсэн хөрөнгийн худалдан авалтаас одоогоор Хаягдлын аж ахуйн труба баригч, Ил уурхайн зам овоолгын ажлын автогридер, Баяжуулах үйлдвэрийн тээрмийн нийлүүлэлт нэн хэрэгцээтэй байгаа аж. Үндсэн хөрөнгийн худалдан авалт хугацаандаа хийгдэх нь үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэхэд чухал ач холбогдолтой. Иймээс ирэх жилийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Тус хэлтсийнхэн үйлдвэрлэлийн бүх цех, нэгжийн мэргэжилтнүүдэд алдаа дутагдал, сайжруулалтын талаар чиглэл өгсөн. 2019 онд хийгдэх техникийн шинэчлэлийн бичиг баримт боловсруулагдаж байгаа бөгөөд долдугаар сард дуусгавал болно.