Эдийн засгийн хэлтсийнхэн талархлын аян өрнүүлэв
2018/06/19
Эдийн засгийн хэлтсийн хамт олон Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойг угтсан бүтээлч таван ажил хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн долоо хоногт энэ хүрээнд “Таны үнэ цэнэ” талархлын аяныг өрнүүлэв. Тэд бүх цех хэлтсийн ажлын байранд очиж, ажилчдад сэтгэлийн үгээ хэлж, талархлын захидлыг Эрдэнэт үйлдвэрийн лого тэмдгийн хамт гардуулан өгчээ. Компанийн хэмжээнд 100 гаруй хүн энэхүү талархлын захидлыг хүлээн авлаа. Бурмаар тэтгэхээс урмаар тэтгэ гэдэгчлэн урмын үг хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөдгийг энэ үйл ажиллагаа харуулав. “XX зууны манлай бүтээн байгуулалт, Монгол улсын хөгжил дэвшлийн түүчээ, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэрийн бахдам амжилт, баялаг түүх нь Таны хөдөлмөрч зан, ажлын баялаг туршлага, эрдэм чадал, халуун сэтгэл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Таныг цаашид ч хамт олондоо уул мэт нөмөр, өмөг түшиг болж, улам ихийг бүтээж, гэрэлтэж явна гэдэгт эдийн засагчид бид итгэж байна. Танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд аз жаргал амжилт бүтээлийн дээдийг хүсье” гэсэн захидлыг гардаж авсан зарим нэгний нүдэнд баярын нулимс хурсан байлаа.
Я.ТУЯА