“Эрдэнэт” үйлдвэрийн ойн баяр шагналын хуртай эхэллээ
2018/06/25
“Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчид эдгээр өдрүүдэд баярлаж байна. Компанийн 40 жилийн ойг угтсан ёслолууд өнөөдөр эхэллээ. Монгол улсын Засгийн газрын шагнал, салбарын тэргүүний цол тэмдэг, яамны жуухаар Геологи хайгуулын анги, Холбоо мэдээллийн технологи ба автоматжуулалтын цех, Чанар хяналтын хэлтэс, Засвар монтажийн цех, Тээвэр ложистикийн алба, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн завод, Цахилгаан цех, Эрчим хүчний цех, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтэс, Хууль, эрх зүйн газар, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Уурхайчин соёлын ордон, Нийтийн хоолны хэсэг, Технологийн сургуулийн ажилтнууд шагнагдлаа. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шагнал “Эрдэнэт” дээд өргөмжлөлөөр уурхайчин хамт олноос төрөн гарсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяатууд, Эрдэнэт хотын Намын хорооны удирдлагууд зэрэг тэргүүний хүндэт 11 хүнийг шагнасан бол энэ өдөр компанийн Хүндэт дэвтэр, А.Ф.Тюряковын шагналаар зургаан хүнийг өргөжилж, урамшуулав. “Эрдэнэт” үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан ахмадууд, Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас чөлөөлөгдсөн ажилтнууддаа компанийн түүхт 40 жилийн ойн медалийг хүндэтгэлтэйгээр үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд гардуулан өглөө.