Төгсөх ангийн сурагчид ЭЕШ гэсэн том давааг давлаа. Энэ жил 43 мянган хүүхэд шалгалт өгч, ирээдүйгээ шийдэх, амьдралын анхны алхмаа хийсэн юм. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангуй олон гэсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол олгох 96 сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Үүнээс 75 нь хувийн өмчийнх. Энэ тоо нэг үе 200 гаруй байсан гэж бодохоор бид чанаргүй боловсролын “туршилтын туулайнууд” гэж хэлэхэд хэлсдэхгүй. Өнөөдрийн 96 гэсэн тоо ч гуравхан сая монголчуудын хувьд ахадсан тоо. Энэ жилийн хувьд олон хүүхэд сургуульд элсэх учир үүнийг дагаад сургалтын төлбөр нэмэгдэх вий гэсэн “айдас” нийгэмд болон эцэг эхчүүдийн дунд байна. Дөрвөн жил эцэг эхийнхээ халаасыг сэгсэрч, хайран цаг хугацаагаа дэмий үрж, мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоог нэмэх явдал өнөөдрийн нийгэмд олон байна. Дээд боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн 70 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн судалгаа гарсан. Хэрэв жилийн 1.5 сая төгрөгийн төлбөртэй сургуульд сурсан бол багаар бодоход зургаан сая төгрөгөө салхинд хийсгэлээ гэсэн үг.

 

“ХҮҮХДЭЭ СУРГАХЫН ТУЛД 10 САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН”

 

Монголчуудын дундаж цалин хэд билээ. Эцэг эхчүүд хүүхдээ сургахын тулд ихэвчлэн цалингийн зээл авч, өнөөхөө хэд нугалан төлж, сөхөрч унахдаа хүрдэг. Гэтэл сургуулиуд боломж олдвол төлбөрөө нэмэх, төлбөр дутуугаар далимдуулж шалгалтад оруулахгүй, тухайн хичээлээ дахин төлбөртэйгөөр судал гэж дарамтлахаа хэзээ болих вэ. Хэд нь сургалтын төлбөртэйгөө тэнцсэн мэдлэгийг өгдөг билээ. Сонгинохайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Баттулга “Манай хүүхэд дээд сургууль төгссөн. Одоо ажилгүй байна. Нэг байгууллагад шалгуулахаар ажлын туршлага шаардах юм. Дөнгөж сургуулиа төгссөн хүүхдэд ямар туршлага байх вэ дээ. Би хүүхдээ сургахын тулд 10 сая төгрөгийн зээл тавьсан. Одоо ч төлж дуусаагүй байна. Сургуулиуд төлбөрөө нэхэж авдаг шигээ төгсөхөд нь ажлын байрыг нь олж өгдөг баймаар юм” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Ариунзаяа “Би өнгөрсөн жил дээд сургуулиа төгссөн. Одоо мэргэжлээрээ ажил­ладаггүй. Дөрвөн жилийн хугацаанд зөвхөн сургалтын төлбөрт найман сая төгрөг зориулсан” гэлээ.

 

БХИС-ИЙН ЖИЛИЙН ТӨЛБӨР 1.8 САЯ ТӨГРӨГ

 

2018-2019 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөрт ямар өөрчлөлт орох бол. Энэ тухай сурвалжлах гэсэн боловч ихэнх сургууль хариулт өгөхөөс татгалзсан юм. Учир нь сүүлийн байдлаар шийдэгдээгүй гэсэн хариултыг өгч байв. Тэгэхээр энэ жилийн сургалтын төлбөр яах ч аргагүй сураг алдарчээ. Хичээлийн шинэ жил эхлэх үед хэдэн төгрөг нэхэхийг хэн ч таашгүй. Өнгөрсөн онд салбарын сайд байсан Г.Чулуунбаатар 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хэрэв энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа бол МУИС-ийн жилийн төлбөр 1.6-3.93 сая төгрөг. Нэг кредитийн төлбөр нь 53-103 мянган төгрөг байна. Оюутнууд жилд 30-42 кредит судлах ёстой. ШУТИС-ийн жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.521-1.987 сая төгрөг байна. Харин АШУҮИС 1.6-3.1 сая төгрөг. Нэг кредит нь 75-90 мянган төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой юм байна. ХААИС жилийн төлбөр нь хоёр сая төгрөг. Оюутан жилд 30-36 кредит судлах ёстой аж. СУИС-ийн жилийн төлбөр 1.5-2.8 сая төгрөг бол кредит нь 50-92 мянган төгрөг юм байна. Харин ганцаарчилсан ангийн кредит нь 123 мянган төгрөг ажээ. БХИС жилийн төлбөр 30 кредит судалсан тохиолдолд 1.8 сая төгрөг. Оюутан 30-32 кредит судлах ёстой. Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль жилийн төлбөр 30 кредит судалсан бол 2.6 сая төгрөг аж. Оюутнууд нь 30-36 кредит судлах ёстой байдаг гэлээ.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин