Эрүүл мэндийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа агентлагууд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагууд хамтран Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр”-ийг 4 дэх удаагаа 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.

Тус өдрийг угтан энэ сарын 24-нөөс эхлэн 7 хоногийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатай зохион байгуулагдах аж. Автомашингүй өдрийн зорилго нь, автозамын ачааллыг үе шаттайгаар бууруулах, улмаар хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Харин зорчих хөдөлгөөний 7 хоногт автомашины хэрэглээнээс гадна, нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зорчилт зэрэг автомашинаас бусад ачаалал багатай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, мөн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгэмд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа явуулах зэргээр жил бүр тэмдэглэн явуулдаг билээ.

Дэлхий даяар Зорчих хөдөлгөөний 7 хоног болон Автомашингүй өдрийг 9-р сард, жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг ба энэ жил Clean Air-it's your move! буюу “Цэвэр агаар-таны зорчих сонголт “ гэсэн уриатай хэрэгжих юм.

2013 оны Автомашингүй өдөр ба түүнийг угтсан 7 хоногийг НЗДТГ ба түүний харъяа агентлагууд,болон дүүргүүд, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн гэрээт байгууллага, ЗЦГ, МОХ, МЗХ, Дугуйчдын холбоо, "Монгол даатгал” компани, Скайтел үүрэн телефоны компани зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

С.Отгон