Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь
2018/07/07
Энэ дайн нь 1969 онд Эль-Сальвадор болон Гондурас улсуудын хооронд өрнөсөн хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтоос үүдэлтэй юм. Ерөнхийлөө 1960 он гарснаас хойш Эль-Сальвадор улсын хүн ам маш их хэмжээгээр Гондурас улс уруу цагаачлах болжээ. Учир нь Гондурас улс нь Эль-Сальвадор улсаас 3 дахин том газар нутагтай байсан учир тэнд тариа тарьж амьдрах боломж харьцангуй их байжээ. Харин хүн амын хувьд тухайн үед Гондурас нь хэдий том газар нутагтай ч 2.6 сая хүнтэй байсан бөгөөд тэдний 20 хувь нь Эль Сальвадорын цагаачид байсан юм. Тэгвэл Эль-Сальвадор улс маш жижигхэн газар нутагтай боловч 3.7 сая хүн амтай байсан аж.
Тэгвэл түүх ингэж эхлэв. 1969 оны 6-р сарын 8-ны өдөр Гондурасын нийслэл Тегүкигалпа хотод хамгийн эхний нөхөрсөг тоглолтоо хийн Гондурасын шигшээ баг Эль-Сальвадорыг 1:0 харьцаатай буулган авчээ. Дараачийн тоглолт тухайн сарын 15-ны өдөр Эль-Сальвадорын нийслэл Сан-Сальвадор хотод болсон бөгөөд яг тоглолтын өмнөх шөнө түрүүчийн тоглолтод хожигдсондоо хорссон Сальвадорын хөгжөөн дэмжигчид Гондурасын тамирчдын байрлаж байсан буудлын гадаа үүр цайтал эмх замбараагүй байдал үүсгэн тэднийг огт унтуулаагүй байна. Иймд маргаашийн тоглолтод ямар ч нойргүй тоглосон Гондурасынхан 3:0 харьцаатай ялагдал хүлээжээ.
Энэ явдлын дараа Гондурас улсын хэмжээнд бослого, үймээн дэгдэж тус нутагт аж төрөн амьдардаг Эль-Сальвадорын цагаачдыг үй олноор нь алж дээрэмдэж нийгэмд эмх замбараагүй үзэгдэл гарч богинохон хугацаанд 1500 гаруй Эль-Сальвадорын цагаачид амиа алджээ. Ийнхүү 1:1 харьцаатай болсон хоёр улсын тоглолтыг 1969 оны 6-р сарын 29-ны өдөр Мексикийн нийслэл Мехико хотод тоглуулахаар болж 2:2 харьцаатай тэнцэж яваад нэмэлт цагт Эль-Сальвадорын баг 1 гоол хийн хожсон байна. Тоглолт дууссаны дараа Эль-Сальвадорын ерөнхийлөгч өөрсдийнх нь улсын 1500 гаруй иргэдийг хөнөөсөнд ямар нэгэн хариуцлага хүлээхийг Гондурасын засгийн газраас шаардсан аж. Гэвч тэд ямар ч арга хэмжээ аваагүй юм.
Иймд өөрсдийнхөө иргэдийг хамгаалж чадахгүй төр байгаад хэрэг байхгүй хэмээн үзэж Эль-Сальвадорын ерөнхийлөгч 1969 оны 7-р сарын 14-ны өдөр их цэргийн хүчээр агаар болон хуурай газраар зэрэг Гондурас уруу дайралт хийжээ. Өөрсдөөсөө 3 дахин их газар нутагтай улсыг хормын дотор түйвээж нийслэл хотод нь хүрэхийн алдад Гондурасын ерөнхийлөгч АНУ-уруу тусламж хүссэн албан бичиг илгээн АНУ-ын засгийн газар Эль-Сальвадорын ерөнхийлөгчийг тайвшруулан дайныг зогсоохыг уриалснаар уг дайн зогссон түүхтэй. Гэвч тэд өнөөг хүртэл албан ёсоор энхийн гэрээ байгуулаагүй л байгаа юм. Дайн 1969 оны 7-р сарын 17-ны өдөр дуусч 4 хоног тасралтгүй үргэлжилсэн байдаг.