Францчууд Бельгийн шигшээг 1:0-ээр хожиж шигшээд шалгарлаа
2018/07/11
Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн буюу 2018 оны ДАШТ-ий хагас шигшээд шалгарсан Франц-Бельгийн шигшээ багийн халз тулаан Санкт-Петербург хотын “Санкт-Петербург” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар /2018.07.11/ шөнийн 02 цагт эхэлж, 1:0-ээр Францчууд хожиж дэлхийн аваргын алтан цомын төлөө өрсөлдөхөөр шигшээд шалгарлаа.
Энэхүү тоглолтын эхний хэсэгт бельгичүүдийн хувьд бөмбөг эзэмшилт францчуудаас илүү байсан юм. Нэгдүгээр хагаст Франц, Бельгийн шигшээ багийн аль аль нь хэд хэдэн удаа гайхалтай довтолгоо, цохилтыг хийсэн боловч 0:0-ээр эхний 45 минут /+1 минут/ өндөрлөв.
Харин хоёрдугаар хагасын 51 дэх минутад Гризманнын дамжуулалтаар Самюэля Умтити хожлын цорын ганц гоолыг “Улааны чөтгөрүүдийн” хаалганд оруулсан юм. Хоёр багийн тулаан үндсэн цаг болон нэмэлт +7 минутад багууд гайхалтай дамжуулалтыг хийж, хаалга руу ээлжлэн ширүүн довтолгоо хийсэн ч аль аль нь гоол оруулж чадалгүй тоглолтын цаг дууслаа.
Ийнхүү францчууд 20 жилийн өмнөх амжилтаа бататгах эсэхээ сорин тоглохоор 2018 оны ДАШТ-ий аваргын цомын төлөө өрсөлдөх эрхийг өвөртөлж чадлаа.