Хүчингийн гэмт хэрэг 93.8 хувиар өссөн үзүүллэттэй байна
2018/07/20
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 20 042 гэмт хэрэг бүртгэгдсэн хэмээн Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 54.5 хувиар өссөн үзүүлэлт болсныг онцолж байна.
Гэмт хэргийн гаралт ийнхүү өсөхөд хүчингийн болон дээрэм, хөрөнгө завших хэрэг ихээр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тодруулбал, хулгайн гэмт хэрэг 3,724 бүртгэгдэж, 90.5 хувиар, залилах гэмт хэрэг 1,586 бүртгэгдэж, 2.5 хувиар, хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,096 бүртгэгдэж, 28.5 хувиар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 139 бүртгэгдэж, 49.6 хувиар, хүчингийн гэмт хэрэг 135 бүртгэгдэж, 93.8 хувиар, дээрмийн гэмт хэрэг 737 бүртгэгдэж, дөрөв дахин, хөрөнгө завших гэмт хэрэг 192 болж, 2.5 дахин өссөн байна.
Гэмт хэргийн улмаас 4,604 хүн гэмтэж,475 нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 13.2 хувиар буурч, харин нас барсан хүн 6.3 хувиар өсчээ. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон иргэд эхний хагас жилийн байдлаар 17,420 болсон байна. Үүний 933 нь хүүхэд, 7,717 нь буюу 44.3 хувь эмэгтэйчүүд байжээ.
Харин өнгөрсөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг 3,680 байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 91.8 хувиар өсөж, тавдугаар сард бүртгэгдсэн хэргээс 14.9 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 43 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 5.3 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн зургаан хувиар, баривчлагдсан хүн 24.1 хувиар тус тус буурчээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 103.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 15.3 тэрбум болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 55.1 хувиар, нөхөн төлүүлсэн хохирол 75.6 хувиар тус тус буурсан байна.
Бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 903 болж, 9.7 хувиар өссөн бол согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 1,485 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 44.5 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 1,421 бүртгэгдэж 18.1 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 432 болж, 16 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Гэвч 18 болон түүнээс дээш насны 10,000 хүнд ногдох гэмт хэрэг хагас жилд улсын дунджаар 98 болж, өмнөх оны мөн үеэс 50.8 хувиар өсчээ.