Одоогоос хэдэн жилийн өмнө Офицеруудын ордны зүүн талд баригдсан шинэ орон сууцны авто зогсоол үерт автсан юм. Энэ үеэр автомашинаа гаргахыг оролдсон 30 гаруйхан настай залуу тогонд цохиулж амь насаа алдаж байв.

Гэтэл хэдхэн хоногийн өмнө дахин нэг залуу тооцоо судалгаа дулимаг хийсэн барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлд бороо орж, үер буух тоолонд ийм харамсалтай тохиолдол гарсаар нэг мэдэхнээ цаг үеийн сенсаац мэдээ төдийхөн болж хувирах нь.

Учир нь ослын газар дээр ажилласан онцгой байдлынхнаас эхлээд холбогдох төрийн байгууллагынхан хүртэл ямар компанийн барьсан барилга үерийн усанд автсан бэ гэдгийг ил цагаан шахуу нуун далдалж, өмөөрдөг тогтолцоо нэгэнт бий болж.

Хамгийн наад зах нь гэхэд сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас 40-өөд орон сууцны авто зогсоол үерт автсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эдгээрээс 14-ийнх нь авто зогсоолд хөрсний ус нэвчсэн талаар нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлсэн. Тэгвэл хөрсний ус орон сууцны  зоорийн давхарт нэвчих нь чанар, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ. Дээрх 14 орон сууцыг ямар компани барьсан бэ гэдгийг тодруулахаар цөөнгүй албан байгууллагын үүдийг тогшсон юм. Гэвч холбогдох байгууллагын дарга, цэрэг гээд бүгдээрээ “Ийм мэдээллийг олон нийтэд түгээж болохгүй. Учир нь орон сууцны өртөг буурна. Мөн тухайн барилгын компанийн нэр төрд харш” гэсэн юм. Төрийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг дээрх даргын хэлсэн энэ үгийг сонсоод эрхгүй гайхав. Оршин суугчдын аюулгүй байдлаас дээгүүрт тавигддаг компанийн нэр төр гэж байх уу. Нөгөөтээгүүр, төрийн албан хаагчид ингэж хувийн хэвшлийнхний талд хэт үйлчлэх нь Төрийн албаны хуультай харшлахгүй гэж үү гэсэн асуулт урган гарч ирсэн юм.

Угтаа хариуцсан ажилдаа хайнга хандсан, хэрэглэгчийн эрх ашгийг уландаа гишгэлсэн төрийн өндөр албан тушаалтан хийгээд тэрбумтны алинтай ч хариуцлага тооцдог механизм үйлчилдэг байх ёстой. Ингэж чадаж байж л бидний ярьдаг хариуцлагатай нийгмийг байгуулах учиртай биз. Гэтэл төрийн байгууллагын зөөлөн сандал дээр тухалсан дарга нар ингэж ярьж хэлж суугаа цагт монгол хүний амь нас хямдхан байх нь арга ч үгүй мэт.

ЦАХИЛГААНЫ “ШИТ”-ИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотод орох хур тунадасны хэмжээ жилээс жилд буурч буй. Азаар хурмаст тэнгэр хураа хайрлаж, газар дэлхийг чийглэсэн ч нийслэлийн цөөнгүй орон сууцны чанар, аюулгүй байдлыг шалгаадхав. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-аас зарим ажилтны хэлснээр үерт автсан орон сууцны барилгаас гадна нэлээд барилгын цахилгааны “шит"-ний байршлыг өөрчлөх шаардлагатай гэнэ. Учир нь тухайн барилгыг анх барихдаа барилгын зургийн дагуу барьж гүйцэтгээгүйгээс болж нийслэлчүүд бид хэзээ мөдгүй шалзлагдах аюул дунд амьдарч байгаа юм байна. Эндээс үзвэл, Хан-Уул дүүрэг дэх орон сууцны барилгын авто зогсоол үерт автсан нь болзошгүй эрсдэлийг анхааруулсан дохио ч байж мэдэх нь.

Юутай ч мэргэжлийн хяналтын газраас цахилгааны “шит”-ийн байршлыг яаралтай солих дүгнэлтээ үйлдэж, цөөнгүй орон сууцны конторт хүргүүлсэн байна. Гэсэн ч тэдний дүгнэлтийг хэрэгсэх конторын дарга тэр битгий хэл төрийн байгууллагын ажилтан ч олдохгүй байх гэж ам бардам хэлсэн. Учир нь мэргэжлийн хяналтын байгууллагаас ийм дүгнэлтийг нэг биш нэлээд хэдэн удаа үйлдэж хүргүүлсэн түүхтэй гэх. Гэвч нохой хуцахын чинээ тоодоггүйн харгайгаар дээрх харамсалтай зүйл удаа дараа боллоо гэж өгүүлсэн юм.

ҮНЭНИЙГ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТОГТООЖ ЧАДАХ УУ

Хөрсний ус нэвчсэн гэх 14 барилгын цөөнгүйгээр нь өчигдөр зочилсон юм. Тэдгээрийн нэг нь “Flower” хотхон бөгөөд оршин суугчдын хэлснээр нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа хэлсэн. Учир нь тухайн барилгыг худалдаж авах үед 100 чанар, аюулгүй байдал санал болгосон хэдий ч ашиглалтад ороод 10 жилийн нүүр үзэлгүй хөрсний ус нэвчиж эхэлжээ. Үүний шалтгааныг мэргэжлийн хүнээр тайлбарлуулснаа энгийнээр тайлбарлахыг хичээе. Тухайн газарт барилга барихаас өмнө гадаргууны шинжилгээ судалгаа хийлгэсний үндсэн дээр барилгын зургийг хийлгэх ёстой аж. Ингэхдээ хөрснөөс нь ус шүүрэх эрсдэлтэй гэж дүгнэлт гарвал үүнээс хамгаалах хамгаалалтыг заавал байршуулах ёстой юм байна.  Гэтэл Улаанбаатар хотод баригдаж байгаа барилгын олонхынх нь доороос хөрсний ус гардаг гэх. Үүнээс хамгаалах хамгаалалт байршуулах гэхээр өндөр өртөгтэй учир барилгын компаниуд төсвөө танах үүднээс суурилуулахаас татгалздаг байна. Доороосоо ялзарч байгаа барилгын чанар, аюулгүй байдал ямар байх нь ойлгомжтой. Хамгийн наад нь элдэв хортон шавж үүрлэнэ. Хамгийн аюултай нь цахилгааны “шит”-ийг стандартын дагуу байршуулаагүй дээрх харамсалтай үйлдэл цаашид ч гарсаар байх болно гэж мэргэжлийн хүн тайлбарласан юм.

Доороосоо ялзарч байгаа барилгын чанар, аюулгүй байдал ямар байх нь ойлгомжтой. 

 

Тэгвэл нэгэнт хөрсний ус нэвчиж эхэлсэн барилгын асуудлыг хэрхэх вэ. Нийслэлийн онцгой комиссоос хөрсний ус нэвчилт өгсөн орон сууцуудад хөрсний уснаас хамгаалах хамгаалалт байршуулсан эсэхийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэх таатай мэдээ дуулдсан юм. Ажлын хэсэгт төрийн байгууллагуудаас гадна ШУТИС-ийн багш нар багтсан гэх. Тус ажлын хэсгийнхэн нь зургийн компаниас үйлдсэн хөрсний уснаас хамгаалах хамгаалалт суурилуулах шаардлагатай эсэх дүгнэлтийг баримталсан эсэхийг шалгах юм байна. Эндээс хоёр гаргалгаа бий.

Нэгдүгээрт, хэрвээ зургийн компаниас хамгаалалт шаардлагатай гэж дүгнэсэн байгаад түүнийг нь барилгын компани биелүүлээгүй бол “Нүглийн нүдийг гурилаар хуурах”-тай адил зүйл болсон нь дамжиггүй.

Хоёрдугаарт, зургийн компани тийм дүгнэлт огт үйлдээгүй гэж гүрийх. Аль нь ч бай барилгын компанийн тал буруудах магадлалтай. Учир нь зургийн компани тийм дүгнэлт үйлдээгүй гэвэл зураг зурсан мэргэжилтний гарын үсэгтэй зургийг баталгаа болгож үзүүлэх ёстой. Баталгаа байхгүй бол мэдээж ажлын хэсгийг найрах хэрэгтэй болно. Найраа бүтвэл зургийн компани бурууг үүрч, барилгын компанийн эзэд хэргээс мултрах боломжтой. Тэгвэл учир мэдэх хүний хэлснээр ийм зүйл болох магадлал тун бага гэсэн. Учир нь, Улаанбаатар хотын орчимд хөрсний ус гарах нь элбэг учир ямар нэг байдлаар бүх барилга байгууламжид хөрсний уснаас хамгаалах хамгаалалт суурилуулах ёстой учир ийм дүгнэлтийг зургийн компаниуд ихэвчлэн үйлддэг байна. Харин барилгын компаниуд төсвөө хэмнэхийн тулд оршин суугчдад 100 хувийн баталгаа гэсэн цаасан малгай өмсгөх түгээмэл байдаг аж. Үүний тод жишээ нь дээр хэлсэн “Flower” хотхон. Тус хотхон нь Хан-Уул дүүрэг буюу Удирдлагын академийн баруун урд талд байрладаг юм байна. Тус газарт орон сууцуудыг зай орох зайгүй шахуу шигүү барьсан гээд хэлчихэд бараг буруудахгүй байх. Энэ утгаараа ч тэр үү бараг ихэнхийнх нь авто зогсоолд үерийн ус тунасан байгаа харагдсан. Тэндхийн оршин суугчдын хэлснээр “Жил бүр хөрсний ус нэвчдэг. Гэхдээ энэ жил арай илүү их хэмжээтэй байна” гэсэн юм.

ШАЛГАЛТАД БҮДРЭХ ДАРААГИЙН БАРИЛГУУД ТУН УДАХГҮЙ ТОДОРНО

Нийслэлд ашиглалтад орсон орон сууцнууд доороосоо ялзарч байхтай зэрэгцэн дахин нэг чанаргүй барилга ашиглалтад орохоор зэхэж байна. Энэ нь Сүхбаатар дүүргийн XI хороо буюу “Хангай” хотхоны урдхан баригдаж буй 16 давхар орон сууцны барилга. 

Тус барилгын захиалагч нь “Анд интернэйшнл” бөгөөд туслан гүйцэтгэгч компаниар хөл толгой нь олдохооргүй олон компани ажиллаж байгаа гэх. За, энэ ч яахав. Хамгийн гол нь барилгын суурь тавигдсан цагаас буюу 2014 оноос хойш хөрсний ус гарч эхэлсэн бөгөөд үүнийг нь зуны улиралд хоёр шланкаар 24 цагийн турш тасралтгүй асгадаг. Өөрөөр хэлбэл, 2014 оноос хойших дөрвөн жил буюу зуны 12 сарын хугацаанд олон зуун сая метр куб хөрсний усыг бохирын хоолой руу цутгасан байж таарна. Тус орон сууцны барилгад хяналтын инженерээс хөрсний ус гарах нь барилгын чанарт хэрхэн нөлөөлөх, хөрсний уснаас хамгаалах хамгаалалт суурилуулах эсэхийг тодруулахад, “Барилга ирэх сард ашиглалтад орно. Албаны хүмүүс хамгаалалт суурилуул гэвэл суурилуулна” гэв.

Түүний хэлсэн энэ үг үнэн болов уу. Тэгвэл мэргэжлийн хяналтын газраас авсан мэдээллээр хөрсний уснаас хамгаалах хамгаалалтыг барилгын явц эхлэх үетэй зэрэгцэн байрлуулах ёстой гэсэн.

Эндээс үзвэл, Хан-Уул дүүрэгт байрлалтай 40-өөд орон сууцанд тохиолдсон явдал хотын төвийн орон сууцуудад давтагдахгүй гэх газаргүй нь.

Ямартай ч барилгын чанарыг шалгасан бороо хэсэгтээ үргэлжлэн орох төлөвтэй. Салбар эрхэлсэн сайд нь битгий хэл, улсын комиссынхон хүртэл ухаж төнхөөд олоогүй “но” хэдэн хоног үргэлжлэн орсон борооны ачаар ил боллоо. Чанарын шалгалт цаашид ч үргэлжлэх нь.

Г.НАЦАГ-ЭРДЭНЭ

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН