Даншиг хэмээх шашин, соёлын наадам дөрөв дэх жилдээ болж өндөрлөлөө. Уг наадам сэргээгдсэнээсээ хойш шинэ бүтэцтэй болж бөх, морь гээд бараг л улсын наадмын дайтай болох болсон.

Тэгвэл энэ жил уламжлал ёсоороо 256 бөх зодоглов. Тэр дотор улсын наадмын түрүү бөх Р.Пүрэвдагва, П.Бүрэнтөгс, улсын арслан Э.Оюунболд, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын харцага Б.Бат-Өлзий нарын хүчитнүүд байсан. Гэвч Р.Пүрэвдагваас бусад нь зүүн, баруунаас манлайлж босоогүй.

Яагаад гэхээр энд улсын нол огт хамаагүй. Нэгийн даваанаас эхлээд л сугалаагаар барилддаг. Өндөр цолтон гээд ам авна гэж байхгүй юм. Үүнд даншиг хэмээх наадмын бөхийн барилдааны онцлог оршиж байгаа. Харин сугалаа татсаны дараа даваа бүхний эхэнд даншгийн цолтнууд эхний дүйзийг манлайлж гарч байна.

Тухайлбал энэ жил зүүний магнайд даншгийн даян аварга Р.Пүрэвдагва, барууны магнайд даншгийн заан Б.Түмэндэмбэрэл гарч байв. Одоогоор даншгийн цолтон цөөн. Энэ хоёроос гадна даншгийн заан Б.Гончигдамба, өсөх идэр начин Э.Энхбат, даншгийн начин O.Хангай, Бо.Батжаргал, Д.Амарсайхан, Ц.Содномдорж гээд хэдэн бөхийн нэр жагсааж болно. Тэднээс энэ жил Б.Гончигдамба, Ц.Содномдорж нар даншигт зодоглосонгүй ээ. Улсын баяр наадам үзэж байхдаа хэн хэнийг амлах бол гэж бодох. Тэр бөх тэрнийг амлажээ гэхийг сонсоод уг барцлдаан ямар болохыг төсөөлж болдог шиг юм даншиг наадмын бөхөд алга. Хэн ч хэдийн даваанд хэнтэй таарч болох. Нэг талдаа сугалаа гэдэг аз юм уу гэмээр. Гэтэл бас тийм биш юм аа. Энэ жилийн даншигт улсын баяр наадмын түрүү, арслан цолтой хоёр П.Бүрэнтөгс, P.Пүрэвдагва нар дөрвийн даваанд сугалаа таарсан. Тэгээд хэн нь давдаг бол гэхийн завгүй л Р.Пүрэвдагва давчихсан. Ингээд даншгийн даян аваргын од нь гийсэн чигээрээ давсаар энэ наадмын дөрөв дэх түрүүг авч даншгийн дархан аварга болов. Түүнд дандаа аз түшсэн учраа таарсан биш өгөө, аваатай байдаг хүчитнүүдтэй тулсан. Гэвч тэр торсонгүй. Зуу гаруй жилийн өмнөх наадмыг сэргээснээр XXI зуунд даншгийн дархан аварга төрсөн нь Р.Пүрэвдагва байлаа. Содон сонсогдож байгаа биз. Юманд билгэ дэмбэрэл гэж байдаг. Ийм бодол яагаад төрөв гэвэл хэдэн жилийн өмнө Р.Пүрэвдагва улсын наадамд түрүүлээгүй байхдаа манай "Бөхийн мэдээ" сонинд ярилцлага өгөхдөө "Би аварга болно" гэж хэлсэн бий. Манай сурвалжлагч ч ярилцлагаа тэр үгээр нь гарчигласан байсан удаатай. Тэгэхээр Р.Пүрэвдагва даншгийн дархан аварга болно гэдэг хэлсэн болж таарч байна л даа. Саяын наадмын үеэр бөх сонирхогчдын яриаг сонсвол: -Энэ Р.Пүрэвдагва чинь бурханы бөх юм байна. Р.Пүрэвдагва даншиг наадмыг хувьчлаад авсан юм шиг л дөрвөн удаа болоход завсаргүйгээр дөрөв түрүүллээ гэх үгс сонсогдож байлаа. Ингээд бичигч би даншиг наадмын бөхийн сурвалжлагаа "Бурханы бөх буюу Ренчинбямбын Пүрэвдагва" гэж гарчигласан юм. Үнэндээ ч Р.Пүрэвдагва улсын наадамд түрүүлснээс хойш тэгж сайн барилдаагүй дээ. Доогуур даваанд уначихаад байсан. Энэ жилийн наадмаар гэхэд аймгийн арслан Б.Даваа-Очирт дөрвийн даваанд тахимаа өгсөн.

Тийм ээ. Өнөөдөр Богд байгаасан бол Р.Пүрэвдагва түүний бөх байх нь ээ гэсэн дэврүүн бодол төрж байна. Цаашлаад Увс, Архангай аймаг аварга цолтноороо улсдаа тэргүүлдэг. Энэ жил Н.Батсуурь улсын баяр наадамд түрүүлж аварга болсноор Увс тэргүүлэх боллоо гэсэн. Тэгвэл даншгийн дархан аваргатай болсноор Архангайнхан тэдэнтэй бараг тэнцэж байгаа юм биш үү. За энэ ч яахав. Даншиг наадмын бөх рүүгээ оръё. Шинээр хэд хэдэн бөх даншгийн цол хүртлээ. Эхний наадмаар начин цол хүртэж байсан Оргихын Хангай энэ жил үзүүрлэснээр цолоо ахиулж даншгийн заан боллоо. Тэгвэл Ховдын Б.Бат-Өлзий, Д.Заяатүшиг, Архангайн М.Бадарч, Говь-Алтайн Ж.Бат-Эрдэнэ, Завханы Д.Лха-Очир, Увсын Б.Баянмөнх нарын зургаан бөх даншгийн начин боллоо. Тэд улс, аймгийн болон даншгийн давхар цолтон боллоо. Д.Заяатүшиг, Б.Баянмөнх нар бараг л битүү морь гэгчээр гарч ирж цол хүртлээ дээ. Сугалаа шигээ таашгүй барилдаан ч олон л байлаа. Нэгэнт даншгийг сонирхсон наадамчид мянга, мянгаар түүний дээр зурагтаар хүмүүс харсан учир энэ тухай нуршаад яахав.

Харин үзүүр, түрүүний хоёрын барилдааныг хараад Р.Пүрэвдагва дөрөв дахин түрүүлэх нь юу л бол О.Хангай даншгийн арслан болж таарлаа гэж бодох зуур Р.Пүрэвдагва баруун наагаад л О.Хангайг суулгачихав даа. Нээрээ Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөх билэгт" дэвжээний бөх Ренчинбямбын Пүрэвдагва бурхан харахаараа сайн барилддаг бөх юмаа гэсэн бодол тэр үед төрсөн юм. Тээр жил Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан барилдаанд улсын начин Чулуун түрүүлснийг билгэшээж түүнийг хожим нь Ерөнхийлөгчийн бөх гэдэг байсан даа. Энэ жишээгээр Р.Пүрэвдагвыг "бурханы бөх" хэмээн өргөмжилж болох мэт санагдвай.

 

Д.Надмид

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин