Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Ж.Амгалантай ярилцлаа.

-Зөрчлийн тухай хуулиар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон иргэдийг торгож байгаа. Үүнд үр дүн гарч байна уу?

-Манай улсад өдөр ирэх тусам автомашины тоо өсч байна. Үүний улмаас зам тээврийн осол, гэмтэл ихэсч байгаа. Иймээс хууль, дүрэм журмыг чангатгахаас өөр арга алга. Урьдчилан сэргийлж, анхааруулж сануулдаг ажлыг сайн хийх нь чухал. Энэ бол хууль, дүрэм журмын хүрээнд яригдах асуудал биш. Иргэн архи согтууруулах ундааны зүйл бага хэмжээгээр хэрэглэсэн л бол жолооны ард суух хэрэггүй. Үүнийг л хэвшил болгох ёстой юм. Мөн хур бороо их орсны улмаас одоогийн байдлаар томоохон нуур, голууд үертэй байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 275 айл усанд автсан. 87 иргэнийг нь гэрээс нь тусгаарлаж, тусгай байранд оруулсан. Цаашид байгалийг бид захирч чадахгүй. Тиймээс бороо үргэлжлэн орж магадгүй. Гол усны дагуу ойролцоо буусан айлууд зугаалж, амарч байгаа хүмүүс анхаарал болгоомжтой байх ёстой.

-Бага насны хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг их гарч байна. Энэ нь юутай холбоотой юм бэ?

-Тухайн эцэг эх, асран хамгаалагчдаас шалтгаалсан зүйл их бий. Ямар ч эцэг эх хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө л хичээж амьдардаг. Хүүхдүүд амиа алдсан харамсалтай хэргүүд их гардаг. Хүн бүр анхаарал болгоомжтой байх ёстой. Гэмт хэрэг зөрчил буурахад иргэдийн ухамсар, эдийн засгийн байдал, ахуй, нийгмийн олон хүчин зүйлсээс хамаардаг. Өвлийн улиралд нийслэлд шилжилт хөдөлгөөний зөвшөөрөл аваагүй мөртлөө ирж амьдардаг хүмүүсийн тоо ихэсдэг. Энэ нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг. Тиймээс бид сум, орон нутгийн цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дарга нартай хамтарч тухайн сумын иргэд өвлийн цагт хаана амьдарч, юу хийж байна гэдэгт “өндөр хяналт тавь” гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа. Иргэдээ бүртгэлтэй, хяналттай байлгах хэрэгтэй. Орон нутгийн хамгаалалтын тухай хууль гэж бий. УИХ-аас батлаад удаагүй байгаа хууль. Тэнд иргэний биелүүлэх олон үүрэг орсон байгаа. Үүнийг танин мэдүүлэх ажлыг хүртэл хийж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, орон нутгийн засаг захиргаадууд уг асуудалд анхаарах хэрэгтэй. Иргэдийн амьдрах орчин буруу хэв маягтай болсон нь нийгмийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Нэг өдөр ажиллахад бүх гэмт хэрэг буурахгүй. Хоёр, гурван жил уйгагүй зүтгэж, алдаа онооноосоо суралцаж, иргэд нь ухамсарласан цагт л аливаа зүйл тайван байдалдаа ордог. Гэмт хэрэг зөрчлийг дан ганц хянаснаар багасдаг зүйл биш. Энэ нь олон сөрөг муу хүчин зүйлсээс шалтгаалдаг. Ямар ч улс орон уг асуудлаар батлагдсан тодорхой жишиг амьдрал гэж байдаг юм.

-Энэ жил нийтийг хамарсан олон үйл явдал болсон. Жишээ нь, "Play time" дээр ямар нэг зөрчил илэрсэн үү?

-Замын-Үүдэд хил хааж, олон машин зогссон асуудлыг цэгцэлсэн. Мөн Улсын баяр наадмын үеэр хэв журам сахиулах ажлыг боломжийн түвшинд хийж гүйцэтгэсэн болов уу. Одоо зарим аймаг орон нутагт анхаарлаа хандуулж байгаа. Нэг үеэ бодоход залуусын ухамсар эрс дээшилсэн байна лээ. “Play time” хөгжмийн томоохон наадам Гачууртад болсон. Энэ үеэр залуусыг ажиглахад ялангуяа хотжсон, гадаад явж юм үзэж, нүд тайлсан залуусын ухамсар, ёс суртахуун дээшилсэн байна. Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлдэг болжээ. Монголын нийгэм цаашид гэгээ цацруулж, ирээдүй болсон залуус эх орноо авч явахад ямар түвшинд байна вэ гэдгийг ажиглахад бахархал төрж байлаа. Өнгөрсөн хугацаанд хамтран ажилласан бүхий л төрийн байгууллага, хүмүүсийн итгэл зүтгэл, хамтын хүчээр ард түмэн минь амар тайван байгаа юм. Үүнээс гадна саяхан дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөсөн. Тэр үед бид тусгайлан нийслэл болон аймгуудад шөнийн эргүүл, өдрийн цагаар явган цагдааг ажиллуулсан. Улмаар ард иргэдээс “Хаа сайгүй цагдаа харагддаг боллоо. Өглөө ажилдаа явах, орой гэртээ очиход сэтгэл амар боллоо, гэр орон, гудамж талбай цагдаагийн хяналтад байна гэж бодоод алхахад сэтгэл хангалуун байна” гэсэн мэдээллүүд ирсэн.

-Нийслэлд гэмт хэрэг, зөрчил одоогийн байдлаар ямар байна вэ. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг ихэссэн гэсэн мэдээлэл бий?

-Улсын Их хурал, Засгийн газраас санаачилж хэд хэдэн хуулиуд гаргаж, хэрэгжүүлэх үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн. Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль гэх мэт. Эдгээр олон хууль шинэчлэгдсэнээр нийгмийг нэлээн нээлттэй болгосон. Нийгэмд ямар гэмт хэрэг бугшиж, мэдэгдэхгүй байна вэ гэдэг нь тодорхой болсон гэсэн үг. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг авч үзэж байна. Ямар гэр бүлийнхэн хоорондоо тохиромжгүй, хэн хүчирхийлэл үйлддэг вэ гэдэг нь тодорхой болж ирсэн. Энэ нь хууль сайн хэрэгжиж байгаагийн шинж юм. Харин энэ төрлийн гэмт хэрэг өсөөд байгаа юм биш. Нийгэмд далд байсан зүйлүүд ил гарч ирсэн. Үүнийг ил гаргаж, илааршуулж, ард түмнээ цэвэр ариун, ёс суртахуунтай, эрүүл чийрэг, бие бялдартай болгоход хуулиуд чухал нөлөө үзүүлж буй. Тухайн гэмт хэрэг хэлбэр, агуулгаараа бий болж, өсдөг тал бий. Тухайлбал, намар зөрчил гэмт хэргийн гаралт өсдөг. Хөдөө орон нутгаас олон хүн нийслэлд ирдэг. Тэдний зарим нь хотод албан ёсны оршин суух хаяггүй амьдардаг. Мөн ажиллаж амьдарч буй үедээ нийслэлийн иргэнээ хүндэтгэдэггүй. Дураараа загнаж, хууль дүрэм зөрчдөг. Бид 300 мянган төгрөгөөс доош мөнгөний хулгайг жижиг хулгай гэж ярьдаг. Ийм төрлийн хулгайн гэмт хэрэг өсдөг тал бий. Ер нь дэлхийд гэмт хэрэг зөрчилтэй хэрхэн яаж тэмцдэг вэ гэх арга зүйгээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, нийгэмшиж буй олон нийтийн дунд хяналтын камертай болсон. Иргэдийг хаягжуулах ажлыг эрчимжүүлж байна.

-Цаашид иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Саяхан Цагдаагийн ерөнхий газрын дарга нарын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн. Урин дулаан цаг, амралтын өдрүүдэд зам тээврийн осол удаа дараа гарч байна. Ноцтой зам тээврийн осол юунаас болж гарсан гэдгийг шалгахад иргэд замын хөдөлгөөнд бүрэн бус техник хэрэгсэлтэй оролцсон, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсэн гэсэн дүгнэлтүүд гарсан. Нэгэнт жолооны хүрдний ард сууж, техник эзэмшиж яваа юм бол болгоомжтой явах хэрэгтэй. Зам тээврийн ослын улмаас хоёр, гурваараа амь насаа алдчихсан харамсалтай сэтгэл эмзэглүүлэм хэргүүд их гарчээ. Жолооны ард суухдаа хурд хэтрүүлж болохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй, аюулгүй байдлыг хангасан техник хэрэгсэлтэй байх гэдгийг иргэд сайтар бодож, байнга сэрэмжтэй явах ёстой. Ингэвэл манай улсад жил бүр зам тээврийн ослын улмаас 200, 300 хүний амь нас хохирохгүй. Тухайн иргэн хүнээс их шалтгаалж, хамаардаг. Мөн урин дулааны улиралд гол усны аюулаас сэрэмжтэй байх хэрэгтэй. Хүмүүс гол усны ойролцоо зугаалж байгаад бие биеэ ус руу шидэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаснаас үүдэж, усанд живэх тохиолдол олон гарсан.

Б.УРАНЧИМЭГ

 

Ш.Ялалт: Бидэнд Байгаль нуурын усыг цэвэршүүлэх хүсэлт ирсэн

Газрын хөрсний бохирдол нийслэлийн удирдлагын олон жилийн асуудал болж буй. Үе үеийн удирдлагууд энэ бүхнийг шийдэх амлалт өгдөг ч сайжралгүй өнөөг хүрээд байна. Харин өндөр технологийн зөвлөх, доктор Ш.Ялалтын үзэж буйгаар дээрх асуудлыг өнөөгийн ярьж буй их мөнгөөр бус монгол эрдэмтдийн боловсруулсан технологиор бага хөрөнгө зарж, богино хугацаанд шийдэх боломжтой гэнэ.

-Танай компани АСЕМ-ийн үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарсан юм байна. Дахиад үнэр гарч байгаа нь юунаас болов?

-Цэвэрлэх байгууламж 50-иад жилийн өмнө нийслэлийг дээд тал нь 500 мянган оршин суугчтай байхаар тооцож баригдсан байгууламж. Өнөөдөр тоног төхөөрөмж нь хүчин чадал нь хүрэхгүй, алдаг оног ажиллаад, шаардлагатай хэмжээнд бохирыг цэвэрлэж чадахгүй байгаа юм. Гэтэл бидний гаргаж байгаа нэг грамм бохир арван сая микроб агуулж байдаг. Энэ микробууд урвалд ороод удахаар муухай үнэр гаргадаг. Үүнийг үнэр гэхээсээ илүүтэйгээр өвчин тараагч гэж үзэх хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдүүдэд хамгийн их хөнөөлтэй.

-Яагаад?

-Энэ микробуудын хамгийн хортой хэсэг нь газраас нэг метрийн өндөрт байдаг. Энэ хэмжээний өндөртэй нь бага насны хүүхдүүд. Нэгэнт дутуу цэвэрлэгдсэн бохирын лагийг тусгай талбайд хадгалж байгаа. Удах тусам лагийн муухай үнэр нэмэгдэнэ. Цэвэрлэх байгууламжийн орчимд байдаг иргэд сайн мэдэх байх. Харин АСЕМ-ийн үеэр бид цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах үүрэг хүлээсэн. Түүнийгээ ч биелүүлсэн. Одоо яагаад дахиад үнэртээд эхлэв гэхээр шинэ лагийн үнэр гарч байгаа юм. Үнэр дарах ажил зогссон. Харин бохир бол 24 цагаар цутгаж байгаа.

-АСЕМ-ийн үеэр танай компани ямар ажил хийсэн юм бэ?

-Тухайн үед 44 талбайд хэдэн зуун тонн лаг байсан. Бид зөвхөн үнэр дараагүй. Тэр их лагийг халдваргүйжүүлэх, ариутгах ажлыг хийсэн.

-Боломж байсан юм бол өмнө нь яагаад хийгээгүй юм бэ?

-Бид хүсэлт тавиад удаж байсан. Харин АСЕМ бидэнд туслаад эрх баригчид зөвшөөрөл өгсөн. Бидний цэвэрлэсэн лаг бордоо болж хувирсан. Монголын эрдэмтэд эх орны түүхий эдээс гаргаж авсан бодисоор лагийг бордоо болгосон. Нэг сумаар хоёр биш гурван туулай буудсан. Үнэр бохирдлыг устгасан. Олон жилийн хур лагийг устгасан. Устгаад зогсохгүй түүнийг бордоо болгож чадсан.

-Тэр бордоог юунд ашиглах вэ?

-Үндсэндээ хөрс гэсэн үг. Энэ хөрсөнд юу ч тарьж болно. Бүх туршилт хийгдсэн. Бид цөлжилтөд санаа тавьдаг дүр эсгэдэг. Гэтэл ямар ч хэмжээгээр цөлжсөн газрыг энэ хөрсөөр эрүүлжүүлж болно. Хэн ч хөдлөхгүй байна.

-Хэр их хэмжээтэй байна?

-Нэлээд их байгаа.

-Үнэ, чанар ямар вэ?

-Гаднаас оруулж байгаа бордооноос хоёр дахин хямд, чанараар илүү.

-Та нарыг шагнасан уу?

-Шагнах нь бүү хэл ажлын хөлсөө ч одоог хүртэл авч чадаагүй байна.

-Хэрэв хөлсөө авчихвал үнэргүйжүүлэх ажлаа үргэлжлүүлэх үү?

-Бид бол бэлэн байгаа.

-Танай технологи цэвэрлэх байгууламжийн бохирын лагийг үржил шимтэй хөрс болгож хувиргасан байна. Тэгвэл борооны үеэр бохиртойгоо холилдож байгаа айлуудад тусалж чадах уу?

-Чадна. Бид аль хэдийн энэ асуудлыг шийдэх шингэн хийчихсэн. 400 грамм шингэнийг 10-20 литр усанд найруулаад жорлондоо хийгээд үнэргүй, халдваргүй болгож ариутгах зориулалттай шингэн.

-Туршсан бол олон нийтэд зарлаж болохгүй юу?

-Туршаад эхнээсээ борлуулагдаж байгаа.

-Бодис ямар хугацаанд үйлчлэх вэ, үнэ нь хэд вэ?

-Нэг өрхийн жорлонд 400 грамм шингэн байхад хүрэлцээтэй. Нэг удаа хийгээд зургаан сар санаа зоволтгүй. Үнэ 5000 төг.

-Бороо орох үеэр Сүхбаатар дүүргийн VIII хорооны хашааны ус бохиртойгоо холилдон хотын төвөөр урсаж байна. Үүнийг ариутгаж чадах уу?

-Энэ бохир чинь утаанаас илүү аюул дагуулна. Тийм учраас бид ийм бодис гаргаж авсан байхгүй юу. Бороо ороогүй үед ариутгалын бодисоо хийчих. Бороо орсон ч аюул нүүрлэхгүй. Хамгийн эхний ээлжинд аюулыг бууруулах ийм л арга байгаа. Жилд арван мянган төгрөгөөр жорлонгоо ариутгах боломж гарч байгаа юм.

-Ийм шингэн танайд хэр их байна?

-Бэлэн 40-50 тонн байна.

-Баталгаа юу вэ?

-Цэвэрлэх байгууламжийн лаг бол нэг өрхийн жорлонгоос хэдэн арав дахин аюултай, олон жилийн хуршсан бохир. Үүнийг цэвэрлэж чадсан, гэрчилгээ, патентийг нь авсан. Энэ чинь баталгаа болно биз дээ. Дээр нь бид хэдэн зуун айлд туршсан. Үр дүн хангалттай гарсан. Дээр нь Оросын талаас Байгаль нуурыг цэвэршүүлэх технологи гаргаж өгөх хүсэлт манай компанид тавьсан.

-Байгаль нуурыг уу?

-Тийм Байгаль нуурын дэргэд хэд хэдэн үйлдвэр байсан юм байна. Тэр үйлдвэрүүдийн хур хог өнөөдөр нуур бохирдох гамшгийн хэмжээнд хүрсэн.

-Танай компани тэнд ажиллах уу?

-Судалж байгаа.

-Жорлон цэвэршүүлэх бодисыг хаанаас авч болох вэ?

-Химийн хүрээлэн дээр байгаа.

-Танай компани технологийн компани уу?

-Тийм.

-Утааг бууруулах технологи байна уу?

-Туршчихсан бэлэн гурван технологи байгаа. Хоногт 100 мянган тонн нүүрс боловсруулах үйлдвэр, түлшийг бүрэн шатаадаг зуухны технологи, гэр хорооллын дунд байгуулах эрчим хүчний төвийн технологи байна.

-Эрчим хүчний төв гэж юу вэ?

-Цахилгаан, дулаан, бохирын тухайд 2000 өрхөд иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламж.

-Нийслэлд 200 айлын тийм үйлчилгээний төв баригдаж байгаа. Түүнээс давуу тал бий юу?

-Нийслэл 200 айлын үйлчилгээний төвийг найман тэрбум төгрөгөөр шийдэх гэж байна. Бидний технологиор 2000 айлын асуудлыг 16 тэрбум төгрөгөөр шийднэ.

-Энэ байгууламжийг ямар хугацаанд барих вэ?

-Зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулна.

-Сүүлийн үед нефтийн үйлдвэр барих тухай их яригдаж байна?

-Энэ тухай хийсэн судалгаанууд байдаг юм. Төрийн барих гэж байгаа Алтан ширээ дэх үйлдвэр баригдаад ч дотоодын хэрэгцээг хангаж чадахгүй. Хувийн хэвшлийн төсөл бас байдаг. Түүнийг гацаасан тухай мэдээлэл сонин хэвлэлүүдээр гарч байгаа. Төрөөс мөнгө гарахгүй юм бол тэр үйлдвэрийг нь явуулж байх хэрэгтэй л дээ. Нефтийн үйлдвэртэй болно гэж ярьчихаад бодит байдал дээр бэлэн үйлдвэрийг гацаагаад байж болохгүй. Технологийн хувьд Алтан ширээ ямар байгааг мэдэхгүй. Дэд бүтэц муутай. Бараг үйлдвэрийнхээ үнээс дэд бүтцийн байгууламжид их мөнгө гаргах байх. Өтгөн тосыг тэр холоос татна гэхээр өртөг нь өснө. Бензиний үнэ өндөр болох байх. Дарханы төслийг хувийн хэвшлийнхэн цаг алдалгүй эхлүүлэх хэрэгтэй. Манай хувийн хэвшлийнхэн чадна шүү дээ. MCS дангаараа 20 МВт-ын цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барьчихаж л байгаа биз дээ.

-Таван толгойг ашиглах технологи манайд бий юу?

-Бий. Таван толгойн 30 хувийг хоёр тэрбум доллараар зарна гэж шуугиад байна. Зургаан тэрбум нүүрсийг 50 жил дарж хэвтээд юу хожив. Яг хоёр тэрбум доллараар зарна гэж хэн ч хэлсэн юм. Энэ нь үнэлгээ хийсний дараа тогтох үнэ. Төр зоригтойхон хөдлөх хэрэгтэй. Биднийг дарж хэвтсээр байтал үнс болох гээд байна. Ураныг орлох тори гэдэг бодис гарсан. Хэд хэдэн улсад цахилгаан станцууд баригдаж байна. Тори хөдөлгүүрт машин нэг цэнэгээр сая км явна Биднийг ашиглаж амжихаас өмнө нүүрс үнэгүйдэх аюул бий.

-Манай эрдэмтэд технологи бий гэж ярьдаг. Гэтэл ихэнх юмыг гаднаас авч байна.

-Манай төр засаг их сонин сэтгэхүйтэй. Дотоодод технологи нь бэлэн, үйлдвэрийн зардал бага бүтээгдэхүүнийг заавал гаднаас авах сонирхолтой байдаг.

-Жишээлбэл?

-Цэвэрлэх байгууламжийг тал үнээр нь илүү хүчин чадалтай шинэчлэх технологи бидэнд байна. Баянчандмань суманд хэдэн зуун тонн бордоо байна. Гэтэл Хятадаас чанар муутай бордоо өндөр үнээр аваад байгаа шүү дээ.

 

Эх сурвалж: Өдрийн сонин