Монголд үйл ажиллагаа явуулж буй Турк сургуулиудын асуудал  хурцадсаар хоёр улсын Засгийн газрын хэмжээнд хүртэл яригдаж эхэллээ.

Энэ сацуу Монголын хууль хяналтын байгууллагыг ч хөдөлгөөнд оруулав бололтой. Сүүлийн үед Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих гэж байгаа гэх мэдээлэл гарсан нь магадгүй дээрх үйл явдалтай холбоотой юм биш байгаа гэх хардлагыг ч төрүүлээд амжив. Бүр тодорхой хэлбэл, манай тагнуулын байгууллага нууцаа алдсан уу гэдэг асуудал урган гарч ирнэ. Учир нь Туркийн Засгийн газраас Монголд үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар Эмпати” сургуулийн удирдлагуудыг терроризмыг санхүүжүүлсэн хэмээн үзэж байгаа талаар тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас удаа дараа  мэдэгдэл хийгээд байсан юм.  Гэтэл өнгөрсөн сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас хулгайлсан үйлдэл, Туркийн тусгай үүргийн онгоц газардсан зэрэг нь олны анхаарлыг татаж байгаа юм.

Хэдийгээр Монголын хууль хяналтын байгууллага шөнө хугаслан ажилласны хүчинд Туркийн иргэн үлдэж, тусгай үүргийн онгоцыг буцаасан ч дээрх үйлдэл санаатай санаандгүй алин болохыг өнөө хэр нь эцэслээгүй байгаа юм. Ээдрээтэй  энэхүү үйл явдлын  дараа олон ч таамаг, хардлага өрнөсөн. Эрх бүхий  хүмүүс ч үгээ хэлсээр байна.  Турк багш хулгайлагдсан, тусгай үүргийн онгоц хагас өдөр газардаад буцсан давхцал санаандгүй тохиолдол биш гэх утгатай мэдэгдэл ч олон хүний амнаас “унаж” байна.

Тухайлбал, Турк багшийг хулгайлагдсан даруйд “Улаанбаатар Эмпати”  сургуулийн Монголын талын Ерөнхий захирал Б.Ганбат “14:00 цагт Туркээс жижиг онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаад эргээд Турк руу нисэх гэж байгаа нь Вейсел Акчайг хулгайлсан нь үйл явдалтай холбоотой” гэж мэдэгдэж байв.

Харин БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ахмет Язал энэ сарын 6-нд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Вэйсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдгээ Монголын Засгийн газарт удаа дараа илэрхийлсэн. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол Улс шийднэ.  Энэ асуудалд хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Өөрөөр хэлбэл, долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, ЭСЯ ямар ч холбоогүй. Энэ үйл явдалтай холбоотой бүх хариултыг Монголын хууль хяналтын байгууллага  өгөх байх. Онгоцны хувьд  ГХЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу Улаанбаатарт буусан. Монголын талын зөвшөөрөл, мэдээлэлгүй байхад ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Монгол Улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө” гэсэн юм. Түүнчлэн Турк багш хулгайлагдаж онгоц газардсан талаар “Монгол Улсын тагнуулын байгууллага Турк улстай хамтран хэрэгжүүлсэн” хэмээн Туркийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Мөн дээрх асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Өглөө хүн хулгайлагдсан гэдэг мэдээлэл авсан. Прокурорт танилцуулаад цагдаа нар хойноос нь шалгасан. Орой нь тэр хүн гэртээ ирсэн үйл явц явдал болсон. Нарийвчилсан шалгалтыг цагдаагийнхан хийж, прокурор хянаж байгаа. Вэйсел Акчайтай холбоотой хэрэгт нарийн түвэгтэй, нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадахгүй. Хүн хулгайлахыг завдсан энэхүү хэрэгт Монголын тагнуулын байгууллага оролцсон талаар Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яагаад  нийтэлснийг мэдэхгүй байна. Гэхдээ тийм хардлага байгаа” гэсэн юм.

Энэ хэргийн талаар  нийтлэлч Баабар “ Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ. Түрэг сургуулийн захирлыг баривчилж. Түрэгээс хоёр тийрэлтэт онгоц түүнийг ачихаар ирж. Харсаар байтал манай оролцоот ажиллагаа. Султан Эрдаганы хаан ширээнд суух ёслолд Ерөнхийлөгчийн төлөөлөгч оролцосон нь ийм учиртай байж” хэмээн жиргэсэн нь бий.

Иймээс Монголын тагнуул нууцаа алдаж, үүнийхээ төлөө ТЕГ-ын дарга Д.Гэрэл ажлаа өгөх дээрээ тулж байна уу гэх хардлага нийгэмд үүсээд байна.

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин