Өнөөдөр намрын эхэн сарын шинийн 8, аргын тооллын 2018.08.18-ны өдөр, бямба гараг. 

Билгийн тооллын 08, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд Монголчууд эрт дээр үеэсээ бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, нүгэл хилэнцийг тэвчиж, махан хоолыг хорьж, цагаан хоол иддэг уламжлалтай билээ. Учир нь дүйчэн гэдэг нь <<Их цаг>> гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Хэдийгээр гол амин зуулга нь мал аж ахуй боловч олон зуун жил Буддын шашныг шүтэж дээдэлж ирсэн Монголчууд бид зуны гурван сар, намрын эхэн сардаа махан хоолыг тэвчиж, айраг цагаагаар хооллодог, мал гаргахыг цээрлэдэг уламжлалт соёлтой ард түмэн байжээ. Саяхныг хүртэл Монголчууд махнаас өөр өргөн хэрэглээний хүнсгүй атлаа жилдээ 3 хоног тутмын 2-д нь махан хоолыг тэвчдэг байв.

Өнөө цагийн хот суурин газрын Монголчууд бид 30, 100, 1000 жилийн өмнөх Монголчууд шигээ өвөлдөө -30, -40 хэмийн хүйтэн гэрт унтаж, жилийн 4 улирлын турш адуу малаа дагаж нүүдэл суудал хийж, байнга биеийн хүч шаардсан хөдөлмөр эрхэлдэггүй атлаа мөн махнаас өөр олон төрлийн өргөн хэрэглээний хүнстэй болсон мөртөө өвөл зунгүй өдрийн 2-3 махан хоол идэж байна. Энэ их махны хэрэглээг өнөө цагийн бид шингээж эс чадах хийгээд эс шингэснээс үүдэлтэй зүрх судасны, элэг цөсний, ходоод гэдэсний элдэв өвчнөөр өвчилж, хавдар хэмээх аймшигт өвчний хүчин мөхөсдөж хүн амд ногдох нас баралтаар дэлхийд дээгүүр орж байна. Түүнчлэн махан хоол нь тэр олон үхэр, хонь, ямаа, тахианы амийг зольж ирсэн нэхэл хатуу, хүнд хоол гэдгийг ухамсарладаг, мөн Буддын шашнаар дамжсан амьтны амийг хайрласны үүднээс мал сэтэрлэдэг ёс, зундаа махан хоолыг тэвчдэг, адаглаад сарын дүйчэн өдрүүд болох 8, 15, 30-нд цагаан хоол иддэг уламжлал нийтийг хамарч чадахгүй байна.

Иймийн тул Монгол ахан дүүс та бүхэндээ ухаант мэргэн ардынхаа үлгэр авахуйц ёс уламжлалыг сэргээж, үйлийн үр, шүтэн барилдлагын санан санан, энэрэхүй нигүүлсэнгүй сэтгэлээр эзлүүлэн билгийн тооллын 8,15, 30-ны өдрүүд болон Бурхан дүйчэн өдрүүдээр, зулын 25-нд махан хоолыг тэвчиж, цагаан ногоон хоол идэж, буян номд шамдаарай хэмээн сануулан айлтгаж байна.

Эрүүл биед саруул ухаан оршино.
Цагаан, ногоон хоолыг түлхүү хэрэглэснээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна.

Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.

Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоолыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоолыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж буй юм.


Эх болсон хамаг амьтан 
Эгнэгт энхжингийн цогийг эдлэх болтугай.