Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэх ажил 97.5 хувьтай байна
2018/08/18
Монгол Улсын Засгийн газар болон НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотод мал аж ахуй эрхлэх, эрхлэхийг хориглох бүсийг тогтоож өгсөн. Өнгөрсөн оноос эхлэн нийслэлээс мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажил эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Мал бүхий иргэдийг СХД-ийн нарийны хэсэг, СХД-ийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, БЗД-ийн 20-р хороо Арцатын ам гэсэн гурван бүсэд суурьшихыг зөвшөөрсөн юм.
Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс нүүлгэн, шилжүүлэх ажил өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нүүлгэн шилжүүлэх ажил 97.5 хувьтай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиргч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж буй ажлын явцтай танилцав.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан нийслэл дэх мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэх ажлын хэсэг нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16784 малыг зөвшөөрөгдсөн бүсрүү гаргаад байна. Иргэдийг нүүлгээд орхихгүй нийгмийн баталгаа, тог цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргажээ. Зөвшөөрөгдсөн гурван бүсэд нийтдээ 4.8 км урт 10 квт-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам тавьсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.