Кофи Аннан 80 насандаа өөд болжээ
2018/08/19
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Нобелийн энхтайвны шагналт Кофи Аннан 80 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн нэр нөлөө бүхий хүмүүс түүнд хүндэтгэл үзүүлж байна.
НҮБ-ын одоогийн тэргүүн Антонио Гутерриш “сайн сайхан руу чиглүүлэгч хүч” хэмээн Кофи Аннаныг сайшаан магтсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг “гайхалтай хүн” гэжээ.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Кофи Аннан үргэлж сайн сайхан дэлхийн төлөө ажиллаж ирсэн гэж мэдэгджээ.
Гана улсын Кумаси хотноо төрсөн тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан цорын ганц африк хүн байсан юм. Тэрбээр энэ албан тушаалд 1997 оны нэгүгээр сараас 2006 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллажээ.
Сүүлийн хэдэн жил Женев хотын ойролцоо амьдарч байсан тэрбээр өчигдөр Швейцарийн Берн хотын эмнэлэгт нас баржээ.
Кофи Аннан сан энэ талаар мэдээлэл хийхдээ, “тэргүүн маань хөнгөн зэргийн өвчин туссан бөгөөд үүнийхээ дараа хорвоог амар амгалан орхин одсон. Тэрбээр дэлхийн энх тайван, шударга ёсны төлөө амьдралынхаа хором мөч бүрийг зориулсан” гэж хэлэв.
Түүнд хүндэтгэл үзүүлсэн алдартнуудаас хамгийн түрүүнд Антонио Гутерриш, “Кофи Аннан бол өөрөө НҮБ байсан. Тэрбээр энэ байгууллагыг юутай ч зүйрлэшгүй нэр хүндтэй болгон, шинэ мянган руу хөтлөн оруулсан” гэж мэдэгджээ.
Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, “дэлхий ертөнц ганцхан Африкийн дипломатч, хүмүүнлэгийн ажилтнаа алдаад зогсохгүй олон улсын энх тайван, аюулгүй байдлыг тууштай сахиулагчаа алдлаа” гэж мэдэгдсэн байна.
Д.Нямтулга