Азийн спортын XVIII наадам хөшгөө хаалаа. Өнгөрсөн сарын 18-нд эхэлсэн уг наадмаас манай улсын баг тамирчид нийт 25 медаль хүртэж, Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв.

Наадамд тамирчнаа илгээсэн улсаас 37 орон ямар нэгэн медаль хүртсэн бөгөөд манай улс таван алт, есөн мөнгө, 11 хүрэл медальтайгаар 16 дугаар байрт бичигдлээ. Харин БНХАУ медалийн жагсаалтыг тэргүүлж, Япон, Өмнөд Солонгос удаалжээ.

Энэ удаагийн Азийн наадам манай тамирчдад том шалгуур, сорил боллоо. 2020 оны олимп хаяанд ирсэн үед юунд  анхаарах шаардлагатайг тамирчин дасгалжуулагчдад сануулсан тэмцээн боллоо гэж хэлж болно. Мөн олон орны тамирчид олимпын наадамд хэрхэн бэлтгэж, ямар жинд шинэ тамирчид өсч гарч ирж байгааг харуулсан. Жакартагийн наадмаас манай улс чөлөөт бөх, буудлага, самбо, боксын төрөлд алтан медаль хүртлээ. Тодруулбал, манай улсын тав дахь алтан медалийг наадмын боксын төрөлд  өрсөлдсөн олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Тамирчдын медалийн чансааг 2014 оны Инчёны Азийн наадамтай харьцуулахад тийм ч их зөрүү гарсангүй. Харин медаль хүртсэн төрлийн хувьд ялгаатай байв. Инчёны наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, гавьяат тамирчин М.Уранцэцэг, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг нар алтан медаль хүртжээ. Буудлагын төрөлд олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа, боксчдоос Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай жиндээ аваргалж, медалийн тавцанд зогссон байна. Энэ амжилтаар манай тамирчид мөн л 16 дугаар байрт бичигдэж байж. Харин энэ жилийн хувьд чөлөөтийнхнөөс Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон, Э.Бэхбаяр нар Азийн наадмын аварга болов. Түүнчлэн самбо бөхийн төрөлд Г.Наранцэцэг алтан медалийн эзэн болж, Азийн наадамд амжилттай оролцлоо.

 

З.ЦЭНДБААТАР 60 КГ-ЫН ЖИН МОНГОЛЧУУДЫНХ ГЭДГИЙГ БАТЛАВ

 

Азийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатар Узбекистаны боксчин Шункор Абдурасуловыг 3:2-оор ялж алтан медаль зүүлээ. Ийнхүү манай тамирчид боксын 60 кг-ын жинд хоёр наадам дараалан аваргалж байгаа юм. Өмнөх Инчёны наадмаас Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай алтан медаль хүртэж байсан билээ. Ирак, Туркменистан, БНХАУ-ын ширэн бээлийтнийг ялсан Э.Цэндбаатар энэ жил 21 настай бөгөөд 2020 оны олимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох боломжтой манай улсын шилдэг тамирчдын нэг юм. Боксчдоос  алтан медалийн төлөөх хоёр дахь тулааныг олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг  хийсэн. Түүний өрсөлдөгч нь мөн л Укбекистаны тамирчин байв. 60 кг-ын жинд нутгийн боксчин нь Узбекийн ширэн бээлийтнийг дийлсэн учир сэтгэл зүйнд хувьд түүнд давуу байдал үүссэн. Харамсалтай нь, 64 кг-ын жинд өрсөлдсөн түүний өрсөлдөгч Икболжон Холдаров сул тамирчин байсангүй. Тоглолтын гурван үеийн турш илүү ажиллаж 5:0-ээр манай боксчныг буулган авсан юм. Узбекийн тамирчинтай Б.Чинзориг олимп, дэлхийн рингэн дээр дахин тулна. Тэр үед түүний эсрэг ямар тактикаар тоглох нь манай тамирчны хувьд даалгавар болон үлдлээ. Ийнхүү Азийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон боксчид нэг алт, нэг мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

 

ЖҮДОЧДЫН ХУВЬД АЗИЙН НААДАМ ДЭЛХИЙН АВАРГЫН ӨМНӨХ СОРИЛ БОЛЛОО

 

Жакартагийн Азийн наадмын жүдогийн төрөлд ерсөлдсөн манай улсын баг тамирчид тэмцээнийг хоёр мөнгө, таван хүрэл медальтайгаар дуусгалаа. Эрэгтэйчүүдийн -90 кг-ын жинд барилдсан Г.Алтанбагана алтан медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдаж мөнгөн медаль хүртэв. Энэ өдөр тэмцээний +100 кг-ын жингийн барилдаанд олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр алтан медалийн төлөө барилдаж мен л БНСУ-ын бөхөд  дийлдэв. Инчёны наадмаас мөнгөн медаль зүүж байсан тэрбээр энэ удаагийн тэмцээнээс медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй. Түүнчлэн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Тажихистаны бөхийг ялж медалийн тавцанд зогссон юм. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн Япон, БНСУ-ын тамирчдаас манай залуу бөхчүүд харах, суралцах зүйл их байлаа. Ялангуяа холимог багийн тэмцээнд үзүүштэй барилдаан олон байв. Тэмцээнд багууд хоёр хэсэгт хуваагдан зургаан жинд халз барилдсан юм. Манай баг тамирчид шөвгийн наймд БНХАУ-ын багтай таарч, 4:2- оор ялагдсан. Жүдочдоос эрэгтэй -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар, эмэгтэй -70 кг-ын жинд Ц.Наранжаргал нар өрсөлдөгчөө ялсан бол бусад жинд барилдсан Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Э.Мөнхжаргал, Б.Мөнхтуяа, Ө.Дүүрэнбаяр нар дийлдсэн юм.

 

П.ОРХОН ТОКИОГИЙН ОЛИМПЫГ ӨНЖИХ ҮҮ

 

Азийн XVIII наадмаас алтан медаль хүртсэн манай тамирчдаас допинг илэрсэн гэх мэдээлэл сүүлийн үед олны чих дэлсэв. Тодруулбал, наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд аваргалсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоноос хамгийн хүчтэй допинг илрэн А болон Б сорьцоор батлагдсан хэмээн мэдээлэх боллоо. Энэ асуудлаар Монголын чөлөөт бөхийн холбоо, Азийн допингийн холбоотой видео хурал хийжээ. Азийн допингийн холбоо П.Орхоноос "Таны шээсний шинжилгээг сольсон байх боломжтой юу" гэж асуухад П.Орхон "Тийм зүйл огт байхгүй" гэжээ. Хурлын төгсгөлд П.Орхон "Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна. Надад нотлох баримт бий" гэсэн боловч Азийн допингийн холбооныхон тэр асуудлыг хүлээж авалгүй "Медалийг нь хураана. Харин та өөрөө зохих газарт нь гомдол гаргах эрхтэй" гэсэн тайлбар өгчээ. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар тамирчнаас допинг илэрвэл гурван жилийн хугацаанд тэмцээнд орох эрхийг хасах шийтгэл ногдуулдаг аж. Хэрвээ П.Орхоны допингийн асуудал энэ хэвээр шийдэгдвэл 2020 оны олимпт оролцох боломжгүй болох юм.

 

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин