Таро Коно: "Япон улсын хөдөлмөрийн зах зээлд орох боломж бүх хүнд нээлттэй"
2018/09/14
Сүүлийн жилүүдэд Япон улсын хүн ам эрчимтэй хөгширч буй учир ажиллах хүчин нэн дутагдалтай байгаа юм.
Ийм учир Япон улс гадны орноос ажиллах хүч авах сонирхолтой буйгаа удаа дараа илэрхийлсэн билээ.
Тэгвэл өчигдөр Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн эдийн засгийн чуулгын үеэр гадаад хэргийн сайд Таро Коно хэлэхдээ: Жил ирэх тусам Япон улсын хүн ам хөгширч тэр хэрээрээ олон сая хүнээ алдаж байна.
Иймээс манай улс гадны орноос ажиллах хүчин авах бодлогыг тууштай баримтлах болно. Япон улсын хөдөлмөрийн зах зээлд орох хүсэлтэй хүн бүрт бидний үүд хаалга нээлттэй. Гэвч хамгийн том бэрхшээл нь хэлний бэрхшээл байдаг гэдгийг дурьджээ.
Мөн тэрээр өөр үндэстнээр хүрээгээ тэлснээр хэрхэн амжилт олж буйг саяхан АНУ-ын Гранд Сламын цомыг хүртээд буй 20 настай Америк гаралтай тамирчин Наоми Осакаг жишээ болгон ярьсан байна.
Тус улсын хувьд ажиллах хүчин нэн дутагдалтай байгаа асаргаа сувилгаа, барилга байгууламж, хүнсний үйлдвэр зэрэг салбарт гаднаас ажиллах хүчин авахад бэлэн буйгаа мэдэгдлээ.
Эх сурвалж: Japantoday
www.Seen.mn