Хаврын тунгалаг энэ өдрүүдэд дэлхийн удирдагчид тэр дундаа гуравдагч хөршүүдийн томоохон төлөөллүүд манайхыг зорин айлчилж байна. Тухайлбал, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Ерөнхий сайд асан Антони Чарльз Линтон “Тони” Блэйр Монгол Улсад өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд айлчлан ирлээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын урилгаар нэг өдрийн хугацаатай айлчлал хийж байгаа аж. Энэ жил Монгол Улс болон Их Британийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Тони Блэйр манай оронд анх удаа айлчлал хийж байгаа нь хоёр орны дипломат болон эдийн засгийн харилцааг дэвшилтэт шатанд гаргах өндөр ач холбогдолтой гэж талууд үзэж байна. 

 

Тони Блэйр Их Британийн Хөдөлмөрийн намын тэргүүн, нэртэй улс төрч бөгөөд Ерөнхий сайдын нэр хүндтэй албыг 1997-2007 онд хашиж явсан. Тэрбээр 2007 оны зургадугаар сарын 27-нд албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Улмаар өдгөө НҮБ, АНУ, Европын холбоо болон Орос дахь Ойрхи Дорнодын энхийг тогтоох элчээр томилогдон ажиллаж байна.

Энэ айлчлал нь улстөрчид болон хөрөнгө оруулагчдын аль алиных нь анхаарлын төвд байгаа нь тодорхой. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Гадаад явдлын яамны холбогдох албаныхан Тони Блэйртэй Төрийн ордонд уулзалт хийж байна.

 

  Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 23-24-ны өдрүүдэд манайд албан ёсны айлчлал хийх гэж байна.

 Тэрбээр манай улсад айлчлах үеэрээ Монгол улс, Европын холбооны хооронд байгуулах “Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээр” болон ”Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” тухай төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Европын комиссын 11 дэх ерөнхийлөгч тэрбээр мөн МУИС-ийн оюутнуудад илтгэл сонирхуулах юм.

 
Япон улсын Ерөнхий сайдын албан тушаалд томилогдоод удаагүй Шинзо Абэ Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар энэ сарын 30, 31-нд манай улсад айлчлахаар болжээ. 

Япон улсын туршлагатай, ясны улстөрч хэмээн цоллогддог энэхүү эрхэм гадаад айлчлалынхаа түрүүчид манайхыг сонгосон нь хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа салхины нөөцийг ашиглах зэрэгт ихээхэн нааштай үр дүн авчирна хэмээн хэвлэл, мэдээллээр бичиж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгчид бараалхаж, эдийн засгийн хамтын ажиллагаа болон газрын ховор металл олборлоход Японы талаас үзүүлэх тусламжийн талаар санал солилцох аж.

Эдийн засгийн өсөлт, уул уурхайн нөөц зэргээр дэлхий дахиныг сортойлгоод багагүй хугацаа өнгөрч буй ч дэлхийн томчуулын сонирхол манайхыг чиглэсэн хэвээр байгааг дээр дурдсан болон ирэх саруудад ирэх томоохон улстөрчдийн айлчлалын дарааллаас харж болно. Дээрх эрхмүүдийн дараа БНХАУ-ын шинэхэн Ерөнхий сайд Ли Кецян манайд айлчлах  юм байна.

 

Р. Гантулга