Дуу хөгжимд чинь сэтгэлээсээ дурлаж, түүгээрээ жигүүр хийж яваа мянга мянган залуучуудад тэнгэрт дүүлэх боломж олгосон “Universe best songs-2014” наадам зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Энэ жил тус наадам нь “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор зохиогдож байгаа бөгөөд нийт 700 гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд өнөөдөр наадмын эхний шалгаруулалт "UBS" телевизийн байранд эхлэж байгаа бөгөөд энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх юм.

   Наадмын оролцогчид мандатныхаа тоогоор буюу 0-100 хүртлэх дугаартай нь өнөөдрийн шалгаруулалтанд оролцох аж.  Түүнчлэн “Universe Best Songs-2014” наадмыг урьд урьдны жилүүдээс илүү сонирхолтой болгох үүднээс зохион байгуулагчдын зүгээс хэд хэдэн шинэчлэл хийсэн байна. Мөн энэ тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах болсон нь наадмын бас нэгэн онцлог юм. Эхний хэсэгт энэ жил шинээр бүртгүүлсэн оролцогчид уламжлалт шалгаруулалтаар шилдэг 15 оролцогчоо шалгаруулж, тэр дундаас Гран-При шагналтныг тодруулах аж. Харин хоёрдугаар хэсэгт “Universe Best Songs-2014” наадмын шилдэг оролцогчид болон өмнөх таван наадмын шилдэг оролцогчдын дундаас шилдгийн шилдэгийг тодруулж Их Британид хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцах алтан боломжийг олгох юм. 

   Шилдгийн шилдэг оролцогчдыг томоохон боломж, шагналууд хүлээж байгаа юм. Тодруулбал Гран при шагналтаныг БНСУ-ын урлагий их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал, дэлхийн супер оддын тоглолтыг дэргэдээс нь үзэх эрх, мөн “Grove” студиэр клип хийлгэх эрхээр тус тус шагнах юм. Ийнхүү “Universe best songs-2014” наадам өнөөдөр эхлэж байна. Түүнчлэн нэгдүгээр шатны шалгаруулалтын нэвтрүүлгүүд "UBS" телевизээр 2-р сарын 10-наас эхлэн гарч эхлэх юм.