Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэх 66 жил уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол улс оролцох эрхтэй болсон юм. 

Харин дэлхийн хэмжээний уг тэмцээнд манай улс анх удаа оролцох болсон ч эх орноо төлөөлөн оролцохоор өрсөлдөж буй шилдэг 15 оролцогчийг тойрсон багагүй шүүмжлэл хөврөөд байгаа билээ.

Уг тэмцээний эрхийг UBS телевизийн хөтлөгч Ж.Анхбаяр 5 жилийн турш хөөцөлдсний эцэст олж авсан тухайгаа хэлсэн юм. Шилдэг 15-д шалгарсан гоо бүсгүйчүүд дунд мэргэжлийн гэх тодотголтой загвар өмсөгч цөөхөн байгаад мөн олон нийтэд трансжендер гэдгээрээ танигдсан Солонго багтаж буйд, дэлхийн хэмжээний тэмцээнд дэлхий даяар үслэг эдлэлээс татгалзсан байхад эдгээр оролцогчид үслэг эдлэл өмсөн зургаа авхуулсан зэрэг нь шүүмжлэлийн бай болоод байгаа билээ.

Тэр дундаа мэргэжлийн загвар өмсөгчид нилээдгүй шүүмжилж байгаа юм. Энэ бүх шүүмжлэлд хөтлөгч Ж.Анхбаяр ийнхүү хариу өгчээ: 

"Би сөрөг юм бичих дургүй. Гэхдээ... Зарим загвар өмсөгч нэртэнгүүд хийдэггүй, зориглодоггүй, зохион байгуулдаггүй мөртлөө мань мэтийг жаахан урагшлаад эхлэхээр элдэв муу үгс үсчүүлээд, урмыг маань ууцтай нь хугалах гэж их зүтгэх юм. Залуучуудаа! Унш, судал, хөдөлмөрлө. Хайрцагнаасаа гарч сэтгэ! Алдаа оноо, амжилт уналтын амтыг мэдрээд эхлэхээр бусдаас түрүүлж алхаж буй хэн нэгнийг шүүмжлэх бус дэмжих, хараах биш хайрлах ухаан та нарт сууна. Хоёр жилийн өмнө Монголд анх удаа 60 орны мисс авчирч, их хэмжээний мөнгөөр шатах хүртлээ эрсдэлд орж явахад бүгд л элэглэн дооглож байсныг би сайн санадаг. Өнөөдөр 67 жилийн түүхэнд анх удаа дэлхийн хамгийн том миссийн тэмцээн "Miss Universe"-ийн эрхийг авч, төслөө эхлүүлэх ахуйд бас л шаагилдаад ороод ирлээ. Уур чинь хүрээд, уушиг чинь савсайгаад байвал мань мэтийн мэдрэмжгүй, чадалгүй гарууд өрсөхөөс өмнө өөрсдөө хий л дээ. Чадахгүй бол хийе, бүтээе гэсэн гэгээн бодол руу минь бүү нулимаач! Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг шүү..." хэмээжээ.

www.Seen.mn