Алттай байгаад ч, парламенттай байгаад ч, компануудтай байгаад ч, банкуудтай байгаад ч, шашинтай байгаад ч, академуудтай байгаад ч Монгол оронд нэг л юм дутагдсаар.

Тэр дутагдал бол мэдлэг боловсрол. Ном унших, онолд суралцах, эрэгцүүлэн бодох гэх мэтчилэн хичээнгүй зан, дэг журам, сахилга бат шаардсан хөдөлмөр хаягджээ. Хүн төрөлхтөний мэдлэг боловсролыг социализмын юм гэж харааж доромжилж шоолж явсан ардчилалынхан улс орноо хоцрогдсон орон болгожээ. Ихэнх улстөрчид ардчилал хүссэний цаад шалтгаан бол дахиад ном уншихгүй боловсролын төлөө явахгүй гэсэн эсэргүүцэл байжээ.

Ном уншихгүйгээр үзэл бодолтой болох ямар ч боломжгүй, боловсролтой болоогүй цагт хэзээ ч ертөнцийг үзэх үзэлтэй болж чадахгүй. Онол ярилцаагүй цагт хэзээ ч санаагаа хэлэх боломжгүй. Яагаад гэвэл санаагаа хэлэхэд мэдлэг хэрэгтэй шүү дээ. Монголын улстөрчид мэдлэггүй тул өөрийн санаагүй бас өөрийн бодолгүй ажээ. Ардчилалын 20 жилд мэдлэг боловсролтой болж чадалгүй худлаа ярьж жүжиглэсэн энэ олон улстөрчидөө мэдлэг боловсролтой болгохгүй бол хоосон байна шүү дээ. Одоо тэгэхээр яах вэ? Улстөрчидөө гадаадад их дээд сургуульд үдэж мэдлэг боловсролтой болгох уу? Социализмын үед галт тэргээр дүүрэн мянга мянгаараа явж Европын мэдлэгээс очиж суралцсан. Ардчилалын 20 жилд энэ хүмүүсээ бүрэн устгасан хойно өнөөдөр ийм байдалд хүрэлгүй яах вэ дээ.

УИХ-ын гишүүн нь давхар сайд хийдэг ийм орон өөрийгөө ардчилсан орон гэх боломжгүй. Хаа ч үгүй. Ардчилалын онолд заахдаа гурван өндөрлөгийг тусдаа хараат бус орших ёстой гэдэг. Тэр ч Монгол оронд өнгөрчээ. Хүн төрөлхтөний бүтээсэн сайхан ардчилалын онолыг Монголын улстөрчид яг л мэдлэгт дургүйтэйгээ адил хийдүүлжээ.

Байхгүй зүйлсийг байна гэж, оршоогүй зүйлсийг оршдог гэж сайн биш зүйлийг сайн гэж муу биш зүйлийг муу гэж мансуурсан, дүр эсгэсэн, хуурч мэхэлсэн, сэргэлэнтэж залилсан, баяжиж хоосорсон ардчилалын нэртэй 20 жил өнгөрөн урсаж дараагийн цэвэршиж, ариусаж, засаж залруулж, сайжруулж боловсронгуй болгох учиртай жилүүд хүлээнэ. Энэ бүгдийг хийж бүтээж чадахуу?

Монгол орноо ямар байна вэ мөн ямар болчихов гэсэн цаашдын ирээдүйгээ тодорхойлсон асуултуудыг тавьж шинэ нийгмээ тогтоож барих гэсэн улстөрч гарч ирсэнгүй. Том бодогч улстөрч дутагдсан хэвээр. Капитализмын хамгийн зэрлэг хэлбэр улс оронд нүүрэлчихээд байхад түүний эсрэг үг дуугарах онолын суурь мэдлэгтэй улстөрч ч алга. Даруухан хөрөнгө мөнгөнд сонирхолгүй өгөөмөр хүнлэг улстөрч бэлтгэгдсэнгүй. Харамсалтай нь улстөрчид нэгэнт хоосон тул худаг дотор суух мэлхийний адил худгийн усыг хамгийн их ус гэж ойлгон гадаад тэнгисийн усыг нэгэнт хүлээн авах чадваргүй тул худгийн усандаа хууртсаар.

Монголын улстөрийн хямрал тэр нэгэн шөнө дээд цэгтээ хүрсэн. Нэг улстөрч нэгнийхээ хөлийг гозолзуулж нөгөө улстөрч нь дуртайя хөлөө гозолзуулсан. Энэ шөнө Монголын ард түмэн хөөрхий энэ улстөрчид, хөөрхий энэ улстөрийн намууд, хөөрхий энэ намын гишүүд, хөөрхий энэ УИХ-ын гишүүд гэж ямар хоосон хямдхан юм бэ гэдгийг харж зэвүү нь хүрсэн болов уу. Ёстой л бузарын шөнө байсан. Тэр шөнө Монгол орноос 21-р зуун салан одож хар шар феодалуудын 19-р зуун буцаж ирсэндээ. Хар феодалууд шар феодалуудтайгаа л тулалдаж буй мэт. Өнөөдрийг хүртэл энэ тухай хэн ч юу ч хэлж бичихгүй бүгд л эрхэмүүд болжээ. Монгол орон ердөө л 100 ширхэг эрхэмүүдтэй гэнэ.

Тэр шөнө социализмын дараа 20 жил болсон Монгол орон ийм л аргаар явж ирсэн шүү гэдгээ яруу тодоор харуулсан. Баривчилж буй хүн нь төр гэдэг нэртэй. Тэр нь ямар ч онолын сэхээгүй муйхараар зүтгэж иржээ. Баригдаж буй хүн нь туршлагатай юм үзэж нүд тайлсан нэртэй улстөрч. Тэр нь болохоор бусдаар өрөвдүүлж өөрийгөө ямар ч гэмгүй мэт харагдуулах гэсэн арчаагүй оролдлоготой. Тэгээд бас цагтаа Монголын Тони Блэйр гэж нэрлэж байсныг яана. Жинхэнэ нь удахгүй Монгол оронд ирэх юм гэсэн.

Төрийн муйхар хүмүүс нь онолгүй. Арчаагүй улстөрчид нь мэдлэг боловсролгүй. Юм үзээд ч дээрддэггүй. Улстөрч нэрийн дор хулам хулам хийж хулгайч царайлаад л. Арчаагүй улстөрчид нь наймаа хийсээр байгаад ярьж чадахаа больсон. Ярьж чадахгүй гэдэг чинь бодож чадахгүйн баталгаа. Улстөрчид нь юу ч хамаагүй наймаалцана. Албан тушаал, намын гишүүн, хөрөнгө мөнгө, байшин сав, цол зэрэг, магтаал шагнал, морь мал. Аж үйлдвэрийн Монгол ердөө л наймааны Монгол болжээ. Социализмын үеийн наад захын мэдээжийн мэдлэг боловсролыг өнөөдөр яг л Лениний хөшөөг нураасан шигээ л нурааж дээ. Монгол орныг мэдлэг боловсролын төөрөгдөл рүү хэн ингэж явуулаад байна вэ? Лайтай гэж.

Ардчилалын 20 жилд Марксын “Капитал”, Адам Смитийн “Ард түмний тансаг амьдрал” хоёр номыг л уншаад ойлгочихсон бол өнөөдөр ийм муйхар төртэй байхгүй л байх байсан. Улстөрчид нь Платоны “Улстөр”, Аристотелийн “Этик” хоёр номыг уншсан бол өнөөдөр ийм арчаагүй хүмүүс саарал ордонгоор дүүрэхгүй л байсан. Ном уншихгүй хойно муйхар бололгүй яахав. Онол мэдэхгүй хойно наймаачин бололгүй яахав. Монголын улстөрчид ардчилалын 20 жилд завсарджээ. Завсардсан улстөрчид хэзээ ном унших вэ? 21-р зуун хаалгыг чинь тогшиж байна шүү дээ.

Социализмын үед бага ангид зарим хүүхдүүд хичээлээ дийлэхгүй анги улирдаг байсан санагдана. Тэднийг завсардсан гэж нэрлэж тусгай онц сурлагатан хүүхэд дааж авч халамжлан хүмүүжүүлдэг байсан. Завсардсан улстөрчидийг хэн тэгээд дааж авч халамжлан хүмүүжүүлэх вэ? Тийм чадалтай аавын хүүнүүд байна уу? Бүгд л завсардсан юм хойно хэнийг ч гуйх вэ дээ. Мэдэхгүйгээ мэдэхгүй байж бас энэ хооронд хаанаас ч юм бэ худлаа диплом бас зэрэг цолнууд цуглуулчихсан биздээ. Худлаа дипломтойгоо мэдсээр байж бас мэддэг болж хүнтэй бас барьцаж тэрсэлдэх дуртай. Хүүхэд завсардах ч яахав насанд хүрсэн хүн завсардах ямар их гутамшиг бас гай вэ. Гай л авчирч байна шүү дээ.

2008 онд би Германаас ирсэнийхээ дараа улстөрчдийн ямар их мэдлэггүй явааг нь гайхаад “Завсардсан Баабар” гэж анхааруулсан боловч тэр хүн би ийм ч профессор цолтой тийм ч хүндэт доктор гээд өөрийгөө завсардаагүй гэж цол зэрэг дипломоор зальдах гэж оролдож байсан тодхон санагдана. Ямар ч диплом цолыг хөнгөхөн аргаар мөнгийг нь төлөөд авчих боломжтой гэдгийг их дээд сургуулийн ердөө нэгдүгээр курсийн оюутнууд мэддэг болсон шүү дээ.

АН зүүний нам байх учиртай. Гэтэл түүнийгээ ч ойлгоогүй. МАН консерватив нам байх уламжлалтай. Гэтэл бас улстөрийн хаана яваагаа ч тодорхойлоогүй. Тэнд онол мэддэг хүн ганц ч үгүй тул хэзээ ч онол ярилцах нээлттэй хурал хийдэггүй. АН ч яахав хэзээ ч онолдож чадахгүй. Яагаад гэвэл Англи хэлтэй орчуулагчид нь хэт ихсээд Монгол хэлгүй болчихсон. Монгол хэл мэддэг нь онолгүй бас мэдлэггүй. Гадаад хэлтэй нь болохоор эх хэлээрээ ярьж бичиж чадахгүй. Ёстой л чөтгөрийн тойрог. Ерөөсөө хэлтэй л бол шууд мэдлэгтэй гэсэн эндүүрэл намуудын ухааныг балартуулжээ. Монгол хэлэндээ гарамгай бол шууд л мэдлэгтэй хүн мэтээр хэлний мэргэжилтэнгүүд мунхруулж чаджээ.

Завсардсан улстөрчид ном ярихаар толгой нь өвдөнө биздээ. Онол ярихаар бүгдээрээ гадаад руу авгай хүүхдүүд рүүгээ зугатаана биздээ. Ганц хоёр онол ярьдаг хүмүүс нь ардчилалаа либертаризмаасаа ялгахгүй. Англи хэл дээр хагас хугас ном уншаад ойлгоогүйгээсээ болоод номын цагаан солиотой болчихсон. Ном ойлгодог хүн юу гэж номын цагаан солио тусах вэ дээ.

Завсардсан улстөрчид ном уншиж толгойгоо цэнэглэхийн оронд зөвлөх гэдэг амьгүй албат цалингийн хадаасуудыг тойруулж юугаа зөвлүүлэх гэсэн юм бол. Америкаас ирсэн шалдан залуу магистрийн дипломтойгоо хэнийг зөвлөх гээд байгаа юм бэ? Социализмын үед нэг муу сэтэртэй явсан хурган дарга нар саарал ордонд юугаа хийж явдаг юм бэ бүү мэд. Социализмын үед ч ардчилалын үед ч хэний ч дүрд тоглож чаддаг жүжигчин улстөрчид ямар худлаа вэ. Ямар хүмүүжил вэ. Дувтан жүжиглэнэ.

Саяхан цагаан сараар хүмүүс над руу “чи МАХН-д эвтэйхэн аргалаад амаа татаад явж байсан бол одоо бараг л сайд болчихгүй юу гэх шиг. Нэрийн жагсаалтаар л ороод ирэх байсан шүү дээ ч гэх шиг. Би тийм сүүдэрт явдаг, хүний ард нуугддаг, атийсан, дүр эсгэсэн, гөлийсөн царай гаргаж явах юмуу. Үгүй дээ. Би бол шударга, шулуун, чанга бас хурц. Манж зан гаргаж дотор хүний амьсгаагаар амьсгалж, багаасаа төр улсынхаа эсрэг хүмүүжигдэж хөндий хүйтэн өсөөгүй. Эрх дураараа цогтой золбоотой өссөн. Би Монгол хүн. Би бодсоныгоо хэлж хэлсэнийгээ хийдэг.

Монголын улстөрийн хямрал ийм л хумсаа нуусан, жижигхэн гаруудын, хямдхан аав ээжүүдийн улстөр байжээ. Монголын улстөрчид хоосон үгнүүдээс салж худлаа дүрнүүдээсээ хагацаж хэрхэн жинхэнэ дүртэй болох вэ? 18-р зуунд Европд эрчтэй явагдсан соён гэгээрэлийн хувьсгалын гол агуулга юундаа байсан бэ гэхээр хүнийг өөрийг нь ухамсарлаа ч гэсэн уриа байсан. Ухамсарлах гэхээр эхлээд мэддэг хүн ба мэддэггүй хүмүүс хоёрын хооронд ялгаж сураа ч гэсэн нэгдүгээр уриа. Түүний дараах хоёрдугаар уриа бол одоо тэгээд хүмүүсийг хооронд нь ялгах чадвартай болсон юм чинь түүнийгээ хэлж шүүмжилж сураа ч гэсэн уриа. Эцсийн эцэст Монгол орон социализм байгуулах боломжгүй байсан. Яагаад гэвэл бидэнд тийм их ажилчин тариачин байгаагүй. Үүнтэй адил Монгол орон ардчилал байгуулах шаардлагагүй. Яагаад гэвэл Монгол орон Арабын орнуудтай адил шашны дотоод гүн зөрчил байхгүй.

Сүүлийн үед завсардсан улстөрчидийн хэлсэн үгсийн цуглуулга нэртэй үнэн үгс гэж ном бичигджээ. Тэнд нэг улстөрч хэлэхдээ өөрөө ч сайхан амьдардаггүй өрөөлийг ч сайхан амьдаруулдаггүй хүн бол коммунист гэжээ. Юу хэлэх гээд байгаа юм бэ бүү мэд. Өөрөө ч сайхан амьдраад өрөөлийг ч сайхан амьдруулдаг коммунист биш хүн тэгээд хаана байна. Бас нэг улстөрч өчигдөр шороо цацсан хүн маргааш цэцэг өгнө ч шиг. Шороогүй бол цэцэг ургахгүй шүү дээ. Өшөө нэг улстөрч өөртэйгээ сайн найз болж чадвал өөр бусад найз хэрэггүй гэжээ. Яасан ч их зожиг ганцаараа бөглүү хүн бэ дээ. Дараагийн улстөрч тахиа донгодохгүй ч гэсэн үүр цайдаг шүү дээ гэж айхтар хонзонтой үг хэлжээ. Монгол хүн тахиагаар жишээ авахаар хонь малаар жишээ авсан нь дээр бизээ. Улстөрд дуртай бас нэг хүн том уул руу чулуу шидэж чадвал хэзээ нэгэн цагт уул шиг том болно гэж том болох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Уншигчидад хэлэхэд дөрвөн мөртүүд уншаад тэндээс ямар ч мэдлэг боловсрол авахгүй шүү дээ. Тиймээс мөлжүүртэй үгс хайх биш мөлжүүртэй ном хайх хэрэгтэй.

Энэ мэт улстөрч гэж шүтэж биширч жинхэнэ лидерүүд гэж нэрлэж явдаг хүмүүс маань наад захын зүйлсийг бодож цэгнэж дүн шинжилгээ хийж чадахгүй буруу замаар будаа тээж олон жил боллоо. Энэ бүгдэд цэг тавьж зүгээр л хамтраад улс орноо хөгжүүлэх хугацаа болжээ. Олон нам болж дайсагнах биш хүчтэй төрөө босгож өөрөө өөрсдийгөө авч явах хариуцлагатай цаг ирсэн гэдгийг мэдрэхгүй бол яг л хэвээрээ цааш үргэлжлэх нь байна шүү. Нэгэнт улстөрчид нийгэмд хамгийн их нөлөөлдөг тулд ярьж хэлэхдээ хүртэл нэрэлхэж худлаа ярьж, уран цэцэн болж, амны урлагтай хүн болох гэж далан худалчийн үлгэр ярихаа зогсоох хэрэгтэй. Ерөөсөө хувийн үзэл бодлоор л явдаг гэсэн гэнэн томоогүй ойлголт руу ард олноо уриалж зөрж л байвал, өөр л байвал, ондоо л байвал зөв гэсэн том алдаа гаргахгүй байхыг зөвлөх байна. Яагаад гэвэл мэдлэг боловсролгүй яриа бүр нийгмийг хямралд оруулна. Тэгснээрээ төрийг хямралаас гаргаж чадахгүй. Эцэст хэлэхэд завсардсан улстөрчид л улс орноо завсардууллаа шүү дээ.

Түр баяртай.