Манайд төр нэгэнт дампуурсан тул бидэнд улс орноо хөгжүүлэх цэгцтэй бодлого гэж байхгүй. Төрийн дампуурал байнга л “шилжилт, шинэчлэл” нэрийн дор явагддаг тул муу муухай нь тийм ч ил харагддаггүй юм.

Харин боловсролын салбарт энэ дампуурлыг мэддэг, мэдэрдэг хүн тун цөөн. Ихэнх нь огт мэдэхгүй, мэдээд ч нэмэргүй бүр мэдэхийг ч хүсэхгүй нь олон.

Харснаа хараагүй юм шиг, мэдсэнээ мэдээгүй юм шиг явахгүй юмсан гэж бодоод би Монголын боловсролд хамтран ажилласан гэх үү дээ, зургаан сайдын талаар бичмээр санагдлаа. Сайд нарын тухай ярихаасаа өмнө 90 оноос Монголын боловсролд хандивлагч нэртэй гадаадын банк, санхүүгийн олон байгууллага хачиг мэт наалдан, “хамтран ажиллах” нэрээр ядуу орнуудаас мөнгө хүүлдэг ажлаа манайд бас эхлүүлснийг дурдая. “Холоос ирээд хот эзэлсэн” тэд улмаар манай төрийн бодлогод ч эрээ цээргүй халдах болсныг одоо ил тод ярих цаг нь болсон.
 
Боловсролыг зөвхөн аж ахуйн болон нийгмийн халамжийн бодлого төдий төсөөлж ажлаа хийдэг эрх баригчид маань манай боловсролд нийгмийн цоо шинэ агуулга үгүйлэгдэж буйг одоо хэр ойлгож ухаараагүй л явна. Тэд тив дэлхийн гэх нэртэй хандивлагчдад (Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан гэх мэт) төрийн нэрийн өмнөөс “хэчнээн зээл өгөх нь та нарын хэрэг, юу хийх нь бидний хэрэг” гээд хэлчих сачий дутав. Саяхан даа, цагаан сарын өмнө НҮБ-ын суурин төлөөлөгч африк эр манай боловсролд юуг анхаарч хийх талаар салбарын яамны түшмэдийг хамруулан сургалт явуулж байхыг олон нийтийн телевиз дамжуулсан юм. Банк, олон улсын байгууллагуудад бодлогоо даатгасан Монголын боловсрол ийм л маягтай 23 жилийг үдэж, цаашид бас хэчнээн жил энэ бүхэн үргэлжлэхийг мэдэх хүн алга.
 
Гадаад айлчлалын сайд А.Цанжидын үе: Энэ хүнийг би эхлээд гайхаж байсан юм. Сайдын томилолтын хугацааг яг л амралтанд очсон хүн шиг өнгөрүүлсэн дээ. Хандивлагчдад хамгаа даатгачихсан мань эр хийх ажлаа олохгүй, доллар өгсөн хүмүүсийн үгээр аар саарыг хийж, үнэндээ сайд нэрнээс цаашгүй, юухан хээхнээр л өдөр хоногийг нөгчөөсөн юм. “Зүгээр суухаар тэмээ хариул” гэгчээр эрхэм сайдтан сүүл рүүгээ гадаад айлчлалд хамаг цагаа зориулахаар шийдэж, оролцох ёстой ёсгүй хурал цуглаанд явсаар, жилийн ихэнхийг хилийн цаана өнгөрүүлдэг болов. Олон улсын эмэгтэйчүүдийн хуралд ч эх орноо төлөөлөн очсон гэдэг. Сайд хаана юугаа хийж явааг мэдэх хүн байх биш, хаа ч очсон тэднийг урд хойно нь дагаж салбаганах хүн олдоод, гэдгэр алхдаг байлгүй. Харин одоо бол тэгж гадаад хурлаар “занималдаг” сайд Н.Алтанхуягийн энэ засагт лав үгүй бололтой. Саяхан ерөнхий сайд гадаад томилолтыг багасгах тухай жирийн биш гэмээр санаачилга гаргасан нь төрийн айлчлалаар явж залхсан дарга нарын үг мөнөөс мөн дөө гэж надад бодогдож билээ.
 
Гаднаас нь харахад тохитой томоотой Цанжид гуай аминдаа хамгийн арчаатай сайд нарын нэг байв. Юу ч үгүй ирсэн тэр энэ салбараас явахдаа барилга байшин, сургууль, цэцэрлэг гээд юм юмтай болж, цулайгаад буцсан гэдэг.
 
Цэцэг бэлэглэдэг П.Цагаан сайдын үе: Энэ хүн ардчиллаар овоглох хүмүүсийн тоонд багтаж, ардчилагч нэрийн дор олддог өндөр тушаалын ихэнхийг хашиж, энэ засаглалын буяныг ёстой эдэлж яваа нэгэн мөн. Өгөгдлөөрөө бол боловсролын сайдаар ажиллахдаа ардчилсан төрийн бодлого гэж чухам ямар байдгийг урд болон арын хүмүүстээ үлгэр жишээчээр харуулаад өгчих байсан юм. А.Цанжидыг бодвол түүнийг арай ойроос таньж мэдэх болсны хувьд би /сайд болохоос нь өмнө шүү дээ/ ингэж бичлээ. Яаманд тэр ирээд нам солигдоход хийгддэг холио сэлгээний ажлыг сайн хийсний эцэст өөрийн гэх баг бүрдүүлж, боловсон хүчний хувьд ямар ч саад бэрхшээлгүйгээр шинэхэн ажлаа эхлүүлсэн юм. Монголын боловсрол тэр үед л ардчиллаар амьсгалж, ардчиллын салхи сургуулийн хаалга цонхоор нэвт орж ирэх ёстой байлаа. Энэ салбарынхан ч их ажил эхлүүлэх ёстой сайдаа хүлээсээр. Дангаараа засаглах эрх олж авсан улс төрийн хүчинд алдаж онохоос айлгүй, бодсон санаснаа л хийж хэрэгжүүлэх цаг, завшаан олдсон нь тэр. Гэвч Цагаанд бусдаас ялгарах онцгой чанар байсангүй. Боловсролын салбарт ардчиллын үзэл санааг оруулах хамгийн бололцоотой үеэ Ардчилсан нам ингэж алдсан юм. Алдсан ч гэж дээ, угаасаа тэдэнд ардчиллын гээд хэлчихээр тодорхой үзэл баримтлал эхнээсээ л байгаагүй юм билээ. Энэ хүний хийсэн ганц шинэчлэл гэвэл сурах бичиг. Анхандаа итгэл муутай байсан түүнийг харин хандивлагчид дэмжиж зоригжуулснаар уг ажлыг эхлүүлсэн түүхтэй. Гэвч тууштай үзэл баримтлалд суурилаагүй зөвхөн сэтгэлийн хөөрлөөр шийдсэн түүний энэ ажил богинохон хугацааны дараа эргээд бахь байдагтаа орсон юм. Эх оронч үзлээр хийсэн ажлынхаа хойноос хүн хэзээ ч асууж сураглан, ямагт санаа тавих байсан болов уу. Харин тэрээр шинэчлэлдээ үнэнч байсангүй. Цагаан сайдыг идэж уугаад, сонгуулийн шоу хийгээд явсан гэж би лав сонсоогүй. Тэр нэр төрдөө илүү хайртай учраас ганц ч хүнийг гомдоолгүй, “сайд намайгаа санаж яваарай” гээд хүн бүрд цэцэг бэлэглээд одсон гэдэг.
 
“Үдийн цай” хөтөлбөрийн сайд Ө.Энхтүвшингийн үе: Ө.Энхтүвшин, Н.Болормаа хоёрыг дараалан угтаж авсан хүн бол тэдний намын журмын нөхөр, С.Төмөр-Очир хэмээх цав цагаан толгойтой, хараажаар тохитой томоотой нэгэн. Түүнийг энэ яаманд бараг л насаа элээсэн, аминдаа их арчаатай хүн гэлцдэг юм билээ. Сайдын дайтай орлогчтойгоо учраа ололцоно гэдэг Энхтүвшинд амаргүй. Хамгийн гол нь манай яам тамгын газрууд ард түмнээ биш, өөрсдийгөө л боддог хүмүүсээр дүүрчихсэн тул идэж уух ажил энд эрчимтэй явагддаг юм. Ийм ажилд танил тал, хамаатан садан юу юунаас чухал. Тийм ч учраас нэг л мэдэхэд бүх хэлтэс тасгаар Төмөр-Очирын чихээс дүүрчихсэн, намаасаа “жигүүрийн” гэх тодотголтой ирсэн Энхтүвшинд ганц нэг хүн багтаах зай гарахтай үгүйтэй. Ийм л баг хамт олонтой тэр сайдын ажлыг эхлүүлсэн гэдэг. Ер нь манай бүх яам тамгын газрын боловсон хүчний хувь тавилан үүнээс огт ялгаагүй, хувилсан юм шиг нэг загварт оржээ.
 
Энхтүвшин бид хоёр нэг үеийнхэн, яах аргагүй л залуугаасаа нөхөрлөж явсан хэдий ч нам улс төр гээд биднийг танил хүмүүсийн жишгээс цаашгүй болгосон учир шалтгаан зөндөө. Тэр тусмаа сайд болчихсон хүнтэй хэчнээн дотно ч гэлээ “яам тамгын ажлыг гаднаас нь шүүмжилж ярина гэдэг утгагүй, холхон явсан нь дээр яршиг” гэж би бодож байлаа. Энхтүвшингийн эхлүүлсэн “Үдийн цай” хэмээх шинэчлэл өнөөг хүртэл үлгэн салган явж ирлээ. Гэдэс нь өлссөн хүүхдийн анхаарал хичээлдээ төвлөрдөггүй болохоор тэдний хоол ундны асуудалд япончууд тэргүүн зэргийн ач холбогдол өгдөг нь учиртай. Гэхдээ өрөөлд бус, өөртөө арчаатай олон хүний гараар орсон ийм төсөл хөтөлбөр хэний гэдсийг илүү цатгаж байгаа бол? Ингээд Төмөр-Очир даргын командтай эхлүүлсэн Энхтүвшингийн ажил жил гаруй үргэлжлээд, нэг л өдөр зогсож, мань эр ажлаа өгөх болчихсон байлаа.
 
Арвыг арван хоёр болгосон Н.Болормаа сайдын үе: Мэндлэхээс цаашгүй харилцаатай явсан энэ эмэгтэйг ямар нэг дарга явснаас өөрөөр би урьд нь мэдэхгүй юм. Яаманд ирээд ганц нэг хүн сольж чадсан уу үгүй юү, бүү мэд. Төмөр-Очирын бүрдүүлсэн командтай ажиллах хувь тавилан бас л энэ хүнд ноогдсон. Гэхдээ би Болормааг өрөөлийн хэлснээр бус өөртөө итгэлтэй, бодсоноороо л асуудалд ханддаг бас ч эрүүл ухаантай хүн байна гэж сүүлд бодсон шүү. Магадгүй энэ ажилд яваандаа бусад “хурууны хүүхэлдэй”-нүүдээс илүү тохирох хүн байсан байж ч мэднэ. Үнэндээ Энхтүвшин, Болормаа хоёрын ажилласан хугацаа тэднийг боловсролынхонд хэн нь хэн бэ, бусдаас яаж ялгарах нь вэ гэдгийг сайн ялгаж танихад богинодсон биз. Яаж ч хичээгээд Болормаа энэ салбарт хувьсгал хийж чадахгүй байлаа. Намын хөтөлбөрүүд, гадаад дотоодынхон оролцсон олон мастер төлөвлөгөө Монголын боловсролд хамгийн их мөнгө цацдаг хэрнээ хамгийн бага үр дүн авчрах арга хэмжээ болон хувирсан юм. Тийм л хөтөлбөр, төлөвлөгөө манай боловсролыг дампууруулна.
 
Хүүхдийг найм биш, зургаан настайгаас нь сургуульд элсүүлэх шинэчлэл Болормаагийн нэртэй холбоотой. Механик энэ өөрчлөлтийн гол зорилго бол 10-р анги төгсөөд, гадаадад суралцагсдад тулгардаг бэрхшээлийг арилгаж, 12 жил болгох байв. Тав арван жилээр бэлтгэж хийдэг, агуулгын чанартай ийм ажлыг нэг жилийн дотор эхлүүлж явуулна гэдэг зориг биш, хүч хэрэглэсэн муйхар явдал билээ. Жинхэнэ тоталитар намын шийдвэр манайхаас өөр хаа ч хэрэгжих боломжгүй. Хүүхэд хэлмэгдэж, нам хожих ийм маягийн шинэчлэл битгий л дахин дахин болоосой.
 
Хар пиарч Ё.Отгонбаярын үе: П.Цагааныг бодвол тэр нэр төрийн төлөө үхчих гээд гүйгээд байдаггүй боловч нам, хар PR хоёртоо эрдэж явсаар хийх гэсэн болгоноо амжуулсан даа. Энэ үеийн засгийн сайд нар сонин хэвлэлийнхэнтэй халуун янагууд болж, пи-арчдаар төр засгийг хүрээлүүлэх их муухай жишгийг анх тогтоосон улс байгаа юм. Тиймээс ч тэр үеийн Засгийн газар хар пи-арчиддаа бас намынхаа эцэс төгсгөлгүй гэж мөрөөдсөн ялалтад давхар давхар итгэсэн хэрэг. Отгонбаяр нэр дэвшээд намаасаа л гарч дөнгөвөл 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болох нь дэндүү эрт тодорхой болчихсон байлаа. “Бүхнийг Булган руу, бүгдийг булганыханд” уриан дор улсын хөрөнгө мөнгө түүний сонгуульд зуу зуун саяараа зарцуулагдаж, олон хүн түүний энэ увайгүй үйлдлийг шүүх, авлигын эсрэг газарт өгөөд ч дийлээгүй гэдэг.
 
Монголчууд бага ангид байхаасаа л дэргэдэх хүүхдээсээ хуулж будаа идэхийг сурч, хожим нь ч бас гадаад дотоодын аль өнгөтэй өөдтэйг хуулсан шиг амьдарцгаах юм даа. “Олон улсын” гэх хаа ч байдаггүй ногоон гэрлийн бизнес Монголд хавтгай дэлгэрчээ. “Олон улсын” гэх нэр томьёотой гадны хөтөлбөр шинэчлэлийг хуулж, Монголын боловсролыг дээш нь татчихна гэж одоо ч олон хүн найдсаар.
 
Гадаадын сургуульд сургасан ганц хоёр хүүхдийн жишгээр биш, Монголын хөрс шороон дээр ийм хэмжээний өөрчлөлт нутагших уу үгүй юү гэдгийг яагаад бодолцдоггүй юм бол? Дур мэдсэн тийм шийдвэрийн буруу зөвийн хойноос санаа тавих байгууллага манайд алга уу?
 
Нэг ч сайд нөгөөгийнхөө ажлыг шүүмжилж буйг би ер үзсэнгүй. Уг нь шүүмжлэл өөрчлөлт шинэчлэлийг дагуулдаг юм. Шүүмжлэл бол магтаал биш бас доромжлол ч биш гэхдээ бид түүнийг үзэн яддаг болчихож. Энэ бол дээр доргүй ажил биш харин завхрал, хүлцэнгүй эвлэрэл идээшиж эхэлснийг харуулж байгаа юм. Зарчимгүй газарт л хар аяндаа ийм найраа явагдаж, дээр нь хүний мууд дурлалаа, мууллаа гэсэн чавганц яриа их нөлөөтэй болж ирнэ.
 
Ингээд мань эр боловсролын салбарыг бүтэн дөрвөн жил тасралтгүй толгойлж ажиллахдаа “Монголын боловсролыг олон улсын түвшинд гаргах ажлыг дэс дараатай явуулж, олон улсын Кембрижийн хөтөлбөрт 2017 он гэхэд бүрэн оруулна” гэж цагаан дээр хараар бичсэн юм. Түүний “Архангай аймгийн Хашаат сумын сургууль төгссөн хүүхэд гэрчилгээгээ бариад Кембрижийн их сургуульд хаалтгүй гүйгээд орчихно” гэсэн сурталчилгаа Монголын боловсролын хонгилд бас ч гэж гэрэл асааж билээ. Тэгвэл хэний ч сэтгэлийг татах, ийм өөдрөг сайхан бололцоо нөхцөл өнөөдөр хаа явна вэ? Сайдын айлдварыг сонсоод баярлаж суусан багш, эцэг эхчүүд яагаад одоо хойноос нь асууж сураглахгүй, дүлий дүмбэ оргино вэ? Монголын боловсролыг орвонгоор нь өөрчлөх тийм сайхан мөрөөдлийнхөө төлөө Отгонбаяр өөрөө ч, эцэг эхчүүд ч чин сэтгэлээр цугтаа тэмцэхгүй байгаагийн учир юу вэ?
 
Итгэл тээсэн залуу сайд гэгдэх Л.Гантөмөрийн үе: Түүнд итгэж “Залуу хүн юмыг арай өөрөөр харж сэтгэх байлгүй дээ” гэсэн үгийг би олон ч хүнээс сонслоо. Одоо удахгүй шинэ сайд ажлаа авсны нэг жилийн ой болох нь. Төрийн бодлогын хэмжээнд сайд ажлаа юунаас, яаж эхэлж байгаа нь надад л лав сонин. “Ардчилал энэ салбарын үүд хаалгаар хэрхэн орж ирэх бол, анхны бэрхшээлтэй хаана тулах бол, бартаа саадаас зугтах уу давж гарах уу, яам тамгынхан яаж толгойг нь эргүүлэх бол, залуу хүн юм хийхийн оронд нэр хүндээ илүүд үзэх болов уу, сайд болохынхоо өмнө бодож санаж явсандаа үнэнч байх болов уу” гэсэн олон асуултад тэр хийж бүтээснээрээ хариулах ёстой. “Ном”, “Авьяас” гэсэн сайхан нэртэй төслүүд нь Элбэгээгийн сонгуулийн пи-ар уу, “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр намын сонгуулийн уриа лоозонгийн үргэлжлэл үү гэсэн асуултууд эцэстээ боловсролыг хэн нь хэнд зориулж золиослодог болохыг хэлж өгнө. Намынхаа төлөө юү, улс орныхоо төлөө юү гэсэн салаа замын уулзвар дээр шинэ сайд зогсож байна. Энэ асуултад яаж хариулахаа хүнээр заалгалгүй, өөрөө л мэдээсэй. Өнөөгийн “шинэчлэлийн” гэсэн тодотголтой Засгийн газар, боловсролын сайд аль аль нь 23 жилийн турш ШИЛЖИЛТ, ШИНЭЧЛЭЛ явуулаад архагшчихсан хүмүүстэй дахин түүнийг өмнөх маягаар үргэлжлүүлэх гэж байгаа бол дэндүү уйтгартай, дэндүү залхуутай.