Уулзваруудын шар тэмдэглэгээ давж зогссон жолоочид торгууль ногдуулна
2018/10/15
Багшийн дээд, Цэцэг төвийн уулзварт амралтын өдрүүдэд хийсэн шар тэмдэглэгээг улаан гэрэл ассан үед нэвтэрч хөдөлгөөнд саад учруулсан жолоочийг 10 мянган төгрөгөөр торгоно.
Энэ оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхлэх Замын хөдөлгөөний шинэчилсэн найруулгын 15.2-т "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болгосон, явган зорчигчийн цагаан шугам давж зогссон жолоочид торгууль ногдуулахаар тусгасан. Замын ачаалал ихтэй хоёр уулзварт шар тэмдэглэгээ хийсэн бөгөөд дараагийн ээлжинд Байгалийн түүхийн музей, Цаг уурын газрын уулзварт мөн тэмдэглэгээ хийх аж.
Замын хөдөлгөөн түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байгаа юм.
Энэ ажилд зориулан гүйцэтгэгч Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т Нийслэлийн төсвөөс 200 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.